ХРИСТМАС БАЯР ЯАГААД БҮХ ХҮНИЙ БАЯР ГЭЖ?

ХРИСТМАС БАЯР ЯАГААД БҮХ ХҮНИЙ БАЯР ГЭЖ?

Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Матай 25:40

Та Библийг уншиж судалж үзсэн бол Леви ном дээр буй янз бүрийн хууль дүрмүүд эсвэл Эхлэл номын уртаас урт ургийн бичгийг уншихад амаргүй байдаг байх. Үнэндээ бид зориуд судлахгүй л бол өөрсдийнхөө ч ургийн бичгийг сайн мэддэггүй хүмүүс шүү дээ. Бидний ихэнх нь хоёроос гурван үеийнхээ цаадахыг тэр бүр мэддэггүй. Гэтэл эртний Израильчууд энэхүү ургийн бичигт маш их ач холбогдол өгдөг байж. Учир нь энэ нь тэдний хувьд өөрсдийг нь хэн болохыг, тэдний гэр бүл хаанаас гаралтай болохыг нотлох баримт болдог байсан. 
Ургийн бичгээ аваад үзвэл бидний удамд ямар нэгэн алдартай мундаг хүн байсан бол бид түүгээр маш их бахархдаг. Гэтэл Библи дээрх Бурханы Хүүгийн ургийн бичигт ямар хүмүүс байдгийг та мэдэх үү?
Матай ном бидэнд Есүс Христийн ургийн бичгийг танилцуулдаг. Тухайн үеийн Ойрхи Дорнодын ургийн бичигт зөвхөн эрчүүдийн нэрс л багтдаг байсан. Гэтэл сонирхолтой нь тэнд 40 эрэгтэй хүнээс гадна дөрвөн эмэгтэй хүний нэр багтсан байдаг. Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүд ямар хүмүүс байсан юм бол?
Эхнийх нь Тамар. Тамар бол Еврей хүний бэлэвсэн эхнэр, харь үндэстэн. Өөд болсон нөхрийнх нь хадам эцэг түүнийг харж хандах ёстой байсан ч үүргээ гүйцэлдүүлээгүй. Улмаар тэрээр хадам эцгээ хуурч, түүнтэй унтаж хүүхэдтэй болоод өөрийнх нь өмнө хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхээс өөр аргагүй болгож орхидог. Тамар бол цөхрөнгөө барсан боловч шийдэмгий зоригтой эмэгтэй байв. Бурхан ийм хүнийг Есүсийн ургийн бичигт багтаажээ. Тамарын үр удмаас Есүс Христ мэндэлсэн.
Есүсийн ургийн бичигт багтсан дараагийн эмэгтэй бол янхан эмэгтэй Рахаб. Канааны Иерихо хотод амьдарч байсан Рахаб Иошуагийн илгээсэн тагнуулуудыг нуун далдалж тусалсан. Тэрээр Израилийн Бурханд итгэж байсан Рахаб тэднийг нууснаараа өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулсан. Түүний энэ зоригтой итгэлийнх нь улмаас түүний гэр бүл бүхэлдээ аврагдаж, улмаар Рахаб өөрөө Есүсийн ургийн бичигт багтсан. 
Дараагийн эмэгтэй бол Рут. Харь үндэстэн Рут Бетлехемээс Моаб руу нүүн ирсэн гэр бүлийн хүүтэй гэрлэсэн. Гэвч нөхөр нь нас барсан учир Рут хадам эх Наомигаа дагаад Бетлехем рүү буцаж явсан. Наомиг нутаг буцахаар шийдэх үед Рут түүнд “Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан” гэж хамт явахыг уйлан хайлан гуйсан. Улмаар Бурхан Рутыг Наомигийн хамаатан Боазтай гэр бүл болгож Рут Давид хааны эмэг эх болсон билээ. 
Матай номд бичигдсэн Есүсийн ургийн бичиг дэх жагсаалтад гарч буй дөрөв дэх эмэгтэй бол “Хит хүн Уриагийн эхнэр” Батшеба. Усанд орж буй Батшебаг Давид хараад ордондоо авчруулсан. Гэвч сонирхолтой нь Батшеба түүнийг эсэргүүцэж тэмцээгүй. Гэвч Бурхан түүнийг Соломон хааны эх болгохоор сонгосон байсан.
Мэдээж эцэст нь Матай ургийн бичигтээ Мариаг оруулсан. Тэнгэрэлч Габриелын өмнө тэрээр “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” (Лук 1:38) хэмээн даруугаар хэлсэн. Есүсийн эх байхын зовлон бэрхшээл бүхнийг амьдралаараа үүрэхдээ Мариа бэлэн байсан.
Матай номд гардаг Есүс Христийн ургийн бичигт багтсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд Иудей хүмүүс ч байсан, харь үндэстнүүд ч байсан. Гэм нүгэлтнүүд ч байсан, ариун хүмүүс ч байсан. Эдгээр хүмүүс бидэнд нэгэн зүйлийг зураглан харуулж байна. Есүс Христ энэ дэлхийг орхин дээш одохдоо бидэнд нэгэн чухал зүйлийг тушаасан. Үүнийг бид “Агуу Захирамж” хэмээн нэрлэдэг. Матай 28:19-д хэлэхдээ Есүс “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээн тушаасан юм. Одоогоос хоёр мянган жилийн тэртээд Бетлехем хотын гадна тэнгэрэлч нар дуулалдан “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” (Лук 2:10) хэмээн тунхагласан.


ҮНЭХЭЭР ХРИСТМАС БАЯРЫН ИТГЭЛ НАЙДВАР, ХӨӨР БАЯР БҮХ ХҮНД ЗОРИУЛСАН. БҮХ ҮНДЭСТЭН, БҮХ ХЭЛТЭН, БҮХ ОВОГ АЙМГУУДАД. ТЭГВЭЛ ТА ЭНЭ ГАЙХАМШИГТ МЭДЭЭГ ХЭНТЭЙ ХУВААЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?