ХЭРВЭЭ ЕСҮС ӨНӨӨДӨР МЭНДЭЛСЭН БОЛ ЯАХ ВЭ?

ХЭРВЭЭ ЕСҮС ӨНӨӨДӨР МЭНДЭЛСЭН БОЛ ЯАХ ВЭ?

Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Лук 2:10-12

Хэрвээ Есүс Христ 1-р зууны Палестинд биш харин өнөөдөр энэ цаг үед мэндэлсэн бол яах байсан бол? Өнөөдөр бол хамгийн ач холбогдолгүй мэдээ мэдээллийг ч сенсац болгон зарладаг болсон цаг үе. Тиймээс Бурхан хүмүүн болон мэндэлсэн тухай мэдээ бол жинхэнэ сенсацитай мэдээ байх байсан бизээ. Тэр тусмаа тэр хүү онгон бүсгүйгээс мэндэлсэн гэдэг бол олны анхаарлыг дээд зэргээр татах шуугиан байх байсан болов уу.
Мэдээллийн хэрэгсэл болгоны нүүрэн дээр энэ мэдээ гарах байсан биз. Энэ түүх дэлхий даяар цацагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид шавж, Твиттер, WhatsApp дээр олон дагагчидтай “нийгмийн сүлжээчид” уралдан мэдээлэл тавьж, овжин зурагчид ганц ч болов зураг дарчих санаатай дайрах байсан байх. Мэдээж энэ түүх болон энэ түүхтэй холбоотой хүмүүсийн зураг интернетээр дүүрэн давалгаалах байсан.
Одон орон судлаачид болон эрдэмтэд тэнгэрт гэнэт гарч ирсэн од үнэхээр од уу эсвэл ямар нэгэн үл мэдэгдэх гараг эрхэс үү гэх зэргээр маргалдаж, тухайн одны тухай үнэн зөв мэдээллийг удахгүй өгнө гэж амлах байсан байх. 
Эмч нар ч яаж зүгээр байх вэ, үнэхээр онгон бүсгүйгээс хүүхэд төрөх боломжтой юу гэлцэн мэтгэлцэж, шинжлэх ухааны томоохон хэлэлцүүлэг өрнүүлэх байсан биз. Нөгөөтэйгүүр энэ үйл явдлаар дамжуулаад санхүү босгох гэсэн “гарууд” ч зүгээр суухгүй нь тодорхой. Бяцхан Есүсийн зурагтай футболкийг 100 доллараар зарж, бонусанд нь чидун модон хавтастай Библийг гэртээ хүргүүлэн аваарай гэж сурталчлаад л. Нөгөө талд хэсэг хүмүүс тэр шөнө үнэхээр тэнгэрэлч нар дуулсан эсэхийг нягтлах гэж баримт нотолгоо цуглуулаад л. Херод хаан бяцхан хүүхдүүдийг хөнөөх гэж байгааг дуулсан хэсэг активистууд НҮБ-тэй холбогдож тусламж хүсээд л. Хааны ордныг тойрон эсэргүүцлийн жагсаал хийгээд л. Хүмүүс бяцхан хүүтэй уулзах гэж хайсан ч түүнийг эцэг эх нь аваад хэнд ч мэдэгдэлгүй Египет рүү явчихсан тухай мэдээлэл интернет даяар тархаад л. Ер нь ямар янзын бужигнаан болох байсан бол? 
Тиймээ энэ бүхэн хөгжилтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ бүх дуулиан шуугиан бүхэл бүхэн бодит түүхийг бараг л мартагдуулж байгаа биз? Харамсалтай нь өнөөдөр бид Христмас баярыг тэмдэглэхдээ мөн л ингэж ханддаг. Өнөөдөр хүмүүс Христмас баярыг тэмдэглэхдээ энэ түүх ямар утга учиртай түүх болохыг огтхон ч бодолгүй тэмдэглэдэг болсон. Тэд амьдралдаа нэг ч зүйлийг өөрчлөхгүйгээр зүгээр л нэг өдөр баяр тэмдэглээд өнгөрөхийг л боддог болжээ. Хүмүүст “эвгүй сэтгэгдэл” төрүүлэхгүйн тулд Христмас баяраар Есүс Христийн нэрийг аль болох дурсахгүйг хичээж оронд Санта Клаусыг баярын гол дүр болгосон. Хаа сайгүй Санта Клаусын тухай кино гарч, дуу дуулж, бие биедээ Санта Клаусын нэрээр бэлэг өгч баярлан цэнгэсээр байна. Гэтэл энэ бүх баяр цэнгүүн, найр наадмын дундуур Есүс Христ сэмхэн гараад явчихсан байхад ч хэн ч анзаарахааргүй байна шүү дээ. 
Тиймээс найз минь, чи ч бас ийм байдалд орох вий. Тиймээс Христмас баярыг тэмдэглэхдээ энэ бол Есүс Христийн мэндэлсэн баяр гэдгийг ухамсарлаарай. Энэ баярын гол дүр бол Есүс Христ. Тиймээс Түүнийг баяртаа урьж оролцуулахаа битгий мартаарай.


                                  ЕСҮСИЙН НЭРИЙН ТӨЛӨӨ ТҮҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС БАЯРЛАЖ, БАЯРЛУУЛЦГААЯ!