ХРИСТМАС БАЯРААР ЯАГААД АМИЛСАН БАЯРЫН ТУХАЙ БОДОХ УЧИРТАЙ ВЭ?

ХРИСТМАС БАЯРААР ЯАГААД АМИЛСАН БАЯРЫН ТУХАЙ БОДОХ УЧИРТАЙ ВЭ?

Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. 1 Коринт 1:23-24

Судалгаанаас үзвэл Христмас баяр нь Амилсан баяраас илүү алдартай гэнэ. Мэдээж та үүнийг сонсоод гайхахгүй байх. Судалгааны үр дүн дэндүү ойлгомжтой. Зүйрлүүлбэл энэ нь хүмүүсээс “хүүхдийн угаалга, оршуулгын ёслол хорын алинд очихыг илүүд үзэх вэ?” гэж асууж буйтай адил. Мэдээж Христмас баяр илүү нэр хүндтэй. 
Хурц тод гэрэл, бэлэг сэлт, баярын зоог, хөөр баярт дургүй хэн байх билээ. Тэгээд ч нялх хүүхэд болон мэндэлсэн бяцхан Есүсийн тухай дүр зураг хүн бүрийн сэтгэлийг татна. Угаасаа хүүхдэд дургүй хүн гэж бараг үгүй. Хүүхдийн инээмсэглэл бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, хүүхэд инээхэд бид дагаж инээдэг шүү дээ. 
Гэтэл эсрэгээрээ Амилсан баяр бол өргөстэй сарнай цэцэгтэй адил. Сарнай цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч өргөс бол өргө. Учир нь тэр өргөс Амилсан баярын өмнөх Ээлт Баасан гарагийг сануулдаг. Эндээс бүх дүр зураг өөрчлөгдөнө. Хэрвээ загалмай үгүй бол ямар ч амилалт, ямар ч Амилсан баяр байхгүй байх байсан. Нялх хүүхэд болон мэндэлсэн Бурханы түүх бидэнд амьдрал үргэлжлэх ёстойг сануулдаг бол Ээлт Баасан гараг бидний амьдралыг хэсэгхэн зуур зогсоход хүргэдэг. Хэдийгээр амилалт бидэнд найдвар төрүүлдэг ч нөгөөтэйгүүр бидний махан биеийн сул дорой байдлыг ч мөн сануулдаг. 
Амилсан баярын өглөө бид “Христ амилсан” хэмээн тунхаглахдаа өөд болсон хайртай дотны хүмүүсээ өөрийн эрхгүй дурсан санадаг. Бидний эцэг эх, эмээ өвөө, ах дүүс, тэр бүү хэл бидний үр хүүхэд гээд биднийг энэ дэлхийд орхиод одсон олон хүн Есүс Христийн дотор үхэгсэд амилах тэр агуу амилалтын өдрийг хүлээж байгаа. Хэдийгээр Амилсан баяр нь Бурханы хүүхдүүдийн эцсийн агуу ялалтыг тунхагладаг боловч нөгөөтэйгүүр цаг нь ирэхэд бид өөрсдөө ч мөн үхлийн сүүдэрт хөндийгөөр алхсаар тэнгэрийн сүр жавхланд хүрнэ гэдгийг бидэнд сануулдаг. 
Хүмүүс Амилсан баяраас илүү Христмас баярт дуртай байдаг өөр нэгэн шалтгаан бий. Энэ бол Амилсан баярын салшгүй хэсэг болсон загалмай. Бид хичнээн гоё сайхнаар тайлбарласан ялгаагүй Ромын цэргүүд гэм зэмгүй нэгнийг модон загалмайд цовдолсон тэр үйл явдал бидний дотор тавгүйцэл төрүүлдэг. Тэгвэл Есүс юуны төлөө ийм аймшигтай шийтгэлийг хүлээх болов? Өвчтэй зовлонтой хүмүүсийг эдгээснийхээ төлөө юу? Шаналагсдыг тайтгаруулсныхаа төлөө юу? Нийгмээс гадуурхагдагсдад сайхан сэтгэлээр хандсаныхаа төлөө юу? Түүний үйлдсэн сайн үйлсээс аль нь Түүнийг ийнхүү аймшигтайгаар шийтгэгдэхэд хүргэв?
Тэртээ олон жилийн өмнө Паулын ажигласан нэг зүйл одоо ч хэвээрээ байсаар байна. Юу гэвэл загалмай биднийг тавгүйцүүлдэг. Загалмайг харахдаа тэрхүү аймшигтай шийтгэл бидэнтэй холбоотой гэдгийг мэдэрдэг. Үнэндээ бидний дунд гэм нүгэлгүй хүн нэг ч үгүй. Коринтчуудад хандан бичихдээ Паул Христийн загалмай нь “Иудейчүүдийн хувьд бүдрүүлэх чулуу, харь үндэстнүүдийн хувьд мунхаглал” болдог гэж хэлсэн. Үнэндээ энэ загалмай хүн бүрийн хувьд өргөс мэт санагддаг.
Бидний “бүдрүүлэх чулуу” гэж орчуулдаг үг нь Грекээр скандалон гэсэн үг байдаг. Энд бидний мэдэх скандал буюу дуулиан шуугиан гэсэн үгийн үндэс юм. Өөрөөр хэлбэл Паул хэлэхдээ “загалмай нь хүмүүсийн дотор жихүүдэс төрүүлж, тэдний дотроос эсэргүүцлийг төрүүлдэг” хэмээсэн. Гэтэл эсрэгээрээ Христмас баярт ямар нэгэн эгдүүцэл төрүүлэх зүйл үгүй. Тиймээс хүмүүс Христмас баярт илүү дуртай байдаг. 
Гэхдээ би таныг Матай болон Лук номоос Христийн цовдлогдсон түүхийг уншаарай гэж ятгах байна. Дараа нь та Иохан 20 болон 21 бүлгийг уншаарай. Үнэндээ Христмас баяр бол Амилсан баярын амлалт. Христмас болон Амилсан баяр хоёулаа чухал. Гэхдээ Амилсан баярын үр нөлөө мөнхийх билээ.


                                                                ЕСҮС ТӨРСӨН, АМЬДАРСАН, ҮХСЭН, АМИЛСАН НЬ ҮНЭН.