ХРИСТМАС БАЯРААР ХҮҮХДҮҮДДЭЭ ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?

ХРИСТМАС БАЯРААР ХҮҮХДҮҮДДЭЭ ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?

Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу? Матай 7:11  

Жил бүрийн Христмас баяраар Америкийн дундаж гэр бүл багцаагаар 30 бэлэг бие биедээ бэлэглэдэг бөгөөд тэдгээр бэлгүүдээс ихэнх нь хэдэн өдрийн дараа хэрэггүй болж хаягддаг. Харин дараа жил нь хадгалагдаж үлдсэн бэлэг тун цөөхөн байх болно.  
Тиймээс эцэг эхчүүдийг би хүүхдүүддээ дараах таван бэлгийг авч өгөөсэй гэж хүсэх байна. Энэ бэлгүүд хүүхдүүдийн чинь амьдралыг болон зан чанарыг босгон байгуулна. Гэхдээ энэ таван бэлэг нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй учраас дэлгүүрээс юм уу интернетээс худалдаж авах боломжгүй. Хамгийн жижиг боловч хамгийн агуу байж болох бэлгээс эхэлье. Энэ бол ИТГЭЛ. “Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно” (Матай 17:20) хэмээн Эзэн Есүсийн хэлсэн үгийг та битгий мартаарай.
Юуны түрүүнд бидний хүүхдүүдэд Бурханд итгэх итгэл хэрэгтэй. Энэ нь Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авахаас эхэлдэг. Хоёрдугаарт, тэдэнд өөртөө болон бусад хүмүүст итгэх итгэл хэрэгтэй. Яг үнэн хэрэгтээ би хүүхдүүддээ энэхүү итгэлийн бэлгийг өгч чадахгүй. Ганцхан Бурхан л үүнийг өгч чадна. Гэхдээ би энэхүү итгэл бүрэлдэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадна. Өөртөө итгэлтэй байх нь гэм нүгэл биш гэдгийг бид хүүхдүүддээ зааж өгч чадна. Хэдийгээр бусад хүмүүс бидний урмыг хугалдаг ч бид нэг нэгэндээ итгэх итгэлээ алдаж болохгүй гэдгийг үр хүүхдүүддээ зааж өгч чадна.  Мөн бид хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд Бурханы үгийн үрийг суулгаж өгч чадна. Учир нь цаг нь ирэхэд энэ үр тэдний дотор итгэлийг төрүүлж, Есүсийг Эзэнээ болгон хүлээн авахад нь туслах болно.
Хүүхдүүддээ бэлэглэхийг хүсдэг хоёр дахь бэлэг нь итгэлтэй нягт холбоотой. Энэ бол НАЙДВАР. Хүмүүс бид хоолгүйгээр 40 хоног, усгүйгээр 3 хоног амьдарч чадна. Тэр бүү хэл агааргүйгээр 8 орчим минут амьдарч чадна. Харин найдваргүйгээр бид амьдарч чадахгүй. Харамсалтай нь хүмүүс бие биедээ найдвар бэлэглэхээ больжээ. Тиймээс Америкийн 16-24 насны залуусын үхлийн шалтгааны хоёрдугаарт амиа хорлолт жагсжээ. Бидний хувьд үр хүүхдүүддээ найдварыг бэлэглэх цорын ганц зам бий. Энэ нь бид Бурханд итгэж байгаа цагт тэр Бурхан бидний төлөө санаа тавих болно гэсэн итгэл. Ирээдүйдээ санаа зовних зовнилоо Түүнд бид өргөж чадна гэсэн найдвар юм. Учир нь ирээдүйг атгаж байгаа Нэгэн нь Бурхан. Шинэ Гэрээний Еврей номыг бичигч нь “Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй...” (Еврей 6:19) хэмээн өгүүлдэг. Бас Паул Бурханы тухай өгүүлэхдээ “Бүх найдварын Бурхан” (2 Corinthians 1) хэмээн тунхагласан байдаг.
Бидний өгөх гурав дахь бэлэг бол ЧИН СЭТГЭЛ. Өнөөдөр хоёр нүүр, хуурмч зан газар авсаар байна. Энэ нь эргээд Есүс Христтэй харилцах жинхэнэ харилцааг бий болгоход бидэнд саад болсоор байна. Би хүүхдүүдээ өөрөө өөртөө болон бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг нэгэн байгаасай гэж хүсдэг. Тэгвэл үүнийг үр хүүхдүүддээ бэлэглэх хамгийн шилдэг арга зам бол бид өөрсдөө үүнийгээ харилцаагаараа үлгэрлэн харуулах явдал юм.
Дөрөв дэх бэлэг нь бидний зүрх сэтгэлийг уужим болгодог. Энэ бол ӨГӨӨМӨР СЭТГЭЛ. Өгөх биш авахыг л хүсдэг харамч нэгний сэтгэл шиг өчүүхэн зүйл энэ дэлхий дээр үгүй. Бурхан биднийг хайрласан учраас ганц Хүүгээ өгсөн. Бурханы өгөөмөр сэтгэлийн улмаас Есүс Христ Бетлехемд мэндэлсэн. Тэгвэл Бурхан бидэнд Хүүгээ өгсөн шиг бид ч бас өөрсдийгөө бусдад зориулах хэрэгтэй.
Бидний өгөх тав дахь бэлэг бол хэмжээний хувьд өмнөх дөрвөөсөө хавьгүй том бэлэг. Энэ бол ХАЙР. Хүүхдүүддээ хайрыг бэлэглэхийн тулд бид тэдэнд өөрсдийгөө өгөх ёстой. Та үр хүүхдэдээ өөрийгөө өгч тэдэнд ХАЙР-ыг бэлэглээрэй. Энэ бэлгийг өгөх нь танд хамгийн хэцүү байж магадгүй. Учир нь энэ нь биднээс маш их зориулалтыг шаардана. 


БИД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЯМАР Ч ҮНЭТЭЙ БЭЛЭГ ӨГЧ БОЛНО. ГЭХДЭЭ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ ЯМАГТ ҮНЭГҮЙ БАЙДГИЙГ САНААРАЙ.