БИ ЯАГААД ЕСҮСТ ИТГЭХ ЁСТОЙ ВЭ?

БИ ЯАГААД ЕСҮСТ ИТГЭХ ЁСТОЙ ВЭ?

Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.  Иохан 14:1

Алгаслын баярын үеэр дагалдагч нартайгаа зоог барихдаа “Зүрхээ бүү шаналга” хэмээн дагалдагч нартаа Есүс хэлсэн. “Та нар Бурханд итгэдэг бол, Надад ч мөн итгэ” хэмээн Тэрээр хэлсэн.
Үнэндээ Есүсийг ийнхүү хэлэх үед дагалдагч нарт айж түгших түмэн шалтгаан байв. Тэдний дунд урвагч байгаа гэдгийг Есүс хэлсэн. Есүсийг Алгаслын баярын зоогийг хуваах үед Сатан Иудасын зүрхэнд шүглэж, улмаар Түүнийг 30 мөнгөн зоосоор худалдаж орхисон.
Тэр үед Петр Есүст “Эзэн би Танаас хэзээ ч урвахгүй” хэмээн хэлж байлаа. Харин Есүс түүнд “Тахиа донгодохоос өмнө чи Надаас гурвантаа урвах болно” гэж хэлсэн билээ. Гэтэл энэ бүхний дунд Есүс дагалдагч нартаа “зүрхээ бүү шаналга” хэмээн хэлсэн юм. Сонин байгаа биз?
ЗҮРХЭЭ БҮҮ ШАНАЛГА. Найз минь, өнөөдөр энэ үг таны амьралд хэрэгтэй үг биш гэж үү? Учир нь ийнхүү хэлээд араас нь Есүс “Бурханд итгэж. Мөн Надад итгэ” хэмээсэн. 
Тэдгээр дагалдагчид бүгд Бурханд итгэж байсан. Абрахам, Исаак, Иаковын Бурханд тэд итгэж байсан. Нөгөөтэйгүүр өнөөдөр ч үй олон хүн Бурханд итгэдэг. Гэхдээ Бурханд итгэх, Есүс Христэд итгэх хоёр ялгаатай. Тэгвэл хүмүүсийн хувьд Есүс Христэд итгэхээс илүү Бурханд итгэх нь яагаад амархан байдаг юм бэ? Үүнд хоёр шалтгаан бий. 
Есүс Христэд итгэхийн тулд эхлээд Түүнийг яагаад дэлхийд ирсэн бэ гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой болно. Үүнийгээ дагаад гэм нүглийн асуудлыг, цаашилбал тухайн хүн өөрийнхөө гэм нүглийн асуудлыг хүлээн зөвшөөрөх ёстой болно. Энэ тохиолдолд бид нэг бол Түүний өмнө өвдөг сөгдөн Аврагч Эзэнээ болгон хүлээн зөвшөөрнө, эсвэл Түүн рүү нуруугаа харуулан холдоно. 
Хоёр дахь шалтгаан нь Түүнийг бодитоор харж чадахгүй учраас хүмүүс Түүнд итгэж чаддаггүй. Нэгэн бяцхан хүү бохир гартай хоолоо идэх гэж байхад ээж нь “Есүст талархаад хоолоо идэхийнхээ өмнө яваад гараа угаа. Бактериа арилгахын тулд гараа сайн савандаарай” гэж хэлж. Хүү дурамжхан босож угаалгын өрөө рүү явахдаа “Есүс л гэнэ, бактери л гэнэ, гэтэл би тэр хоёрыг хоёуланг нь огт хараагүй шүү дээ” гэж бувтнасан гэдэг. 
Олон хүн Есүсийг хараагүй учраас, бодит хүн байсан гэдэгт нь эргэлздэг. Гэтэл үнэн хэрэгтээ Есүс Христийн амьдрал бол түүхэн дэх хамгийн сайн тэмдэглэгдэн үлдсэн баримт. Үнэндээ түүхэнд болсон маш олон үйл явдлыг нотлох баримт маш бага байдаг. Гэвч хүмүүс тэр бүх үйл явдлуудыг болсон явдал хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Христийн амьдралын тухай маш олон маргахын аргагүй баримтууд байсаар байтал олон хүн үүнийг бодит баримт гэдэгт итгэхийг хүсдэггүй. 
“Мөн Надад итгэ” хэмээн Есүс эргэлзэгч бүхэнд хандан хэлж байна. “Миний үгийг үнэн гэдэгт итгэ. Би та нарын гэм нүглийн төлөө амиа өгөхөөр Эцэгээс ирсэн гэдэгт итгэ. Үхэл төгсгөл биш бөгөөд та нар нөхцөл байдлынхаа хохирогч биш гэдэгт итгэ. Та нарын амьдрал өөр болж болно гэдэгт итгэ” хэмээн Есүс уриалж байна.


ТА ЗҮРХЭЭ ШАНАЛГАХАА БОЛЬЖ, ХРИСТЭД ИТГЭ. ТЭР ЦАГТ ТАНЫ АМЬДРАЛ БҮХЛЭЭРЭЭ ӨӨРЧЛӨГДӨНӨ.