БУРХАНД ИТГЭХ НЬ

БУРХАНД ИТГЭХ НЬ

Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Дуулал 53:1

Компани нь Христмас баяр болон Амилсан баяраар амардагт нэгэн залуу ихэд дургүйцжээ. Түүний хувьд Христэд итгэгчид л дандаа баяр тэмдэглэж байдаг юм шиг санагдаж гэнэ. Амилсан баяр, Талархлын баяр, Христмас баяр гээд л гэтэл атеистууд бидэнд ямар ч баяр байхгүй гэж түүнийг гомдоллоход нэг найз нь “Үгүй ээ, та нарт баяр байгаа шүү дээ, “Тэнэгүүдийн өдөр” буюу 4 сарын 1” гэж хариулсан гэдэг. 
Дуулал номд “Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг...” (Дуулал 53:1) хэмээн бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн Бурхан байхгүй гэж хэллээ гээд Бурхан байхгүй болчихгүй гэдгийг Дуулал ном бидэнд сануулдаг.
Тэгвэл та яагаад Бурханд итгэдэг вэ? Магадгүй та багаасаа ийм итгэл үнэмшилтэйгээр өссөн байж болох. Магадгүй та тэнгэрийн одод, байгаль дэлхийг хараад энэ бүхэн тохиолдлоор бий болох боломжгүй гэж үзээд Бурханд итгэхээр шийдсэн байж болох. Хэвлэлийн үйлдвэр дэх том дэлбэрэлтийн үр дүнд өндөр зохион байгуулалттай толь бичиг бий болно гэдэгт та итгэхгүй учраас Бурханд итгэсэн байх. “Хэн нэгэн энэ бүхнийг зориудаар зохион байгуулж бүтээсэн” гэдэг дүгнэлтэд та хүрсэн байж болох. Роналд Рейган “Ийм гайхамшигтайгаар бүтээгдсэн дэлхий ертөнцийг хараад Бурхан байдаг гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Заримдаа би тийм хүмүүсийг оройн хоолонд уриад хамгийн үнэтэй, хамгийн сайхан хоолоор дайлаад дараа нь “Энэ бүх хоол ямар ч тогоочгүйгээр бий болсон гэдэгт та итгэх үү?” гэж асуумаар санагддаг” гэж хэлсэн юм. 
Энэ дэлхий дээр хоёр төрлийн атеистууд байдаг гэж нэгэн мэргэн хүн хэлсэн. Жирийн атеист болон зөрүүд атеист. Нэг хэсэг нь бурхангүй үзэлдээ тийм ч хатуу байр суурьтай ханддаггүй. “Би Бурханд итгэдэггүй, зүгээр л өөрийнхөөрөө амьдрах дуртай. Тэрнээс би нэг их хүчтэй бурхангүй үзэлтэн биш” гэж тэд хэлдэг. 
Тэгвэл юу биднийг Бурханд итгэхэд хүргэдэг вэ? Др.Паул Брэндийн хувьд хүний гарын бүтэц түүнийг Бурханд итгэхэд хүргэжээ. Нэрт мэс засалч тэрээр хүний гар ямар нарийн бүтэцтэй болохыг олж хараад Бурханд итгэхээр шийдсэн гэдэг. Тэгвэл Английн анагаах ухааны нэрт эрдэмтэн, Оксфордын их сургуулийн профессор Сэр Чарльз Скотт Шеррингтон хүний нүдийг судлаад Бурханд итгэхээр шийдсэн гэдэг. “Хүний нүдний ажиллах механизмаар дамжуулаад Бурханы Агуу Төлөвлөгөөний өчүүхэн хэсгийг харж болно” гэж тэрээр дуу алдсан байдаг. Харин нэрт антропологич Фэйрфилд Осборн хүний тархийг судлаад Бурханд итгэхээр шийдсэн гэдэг. “Миний хувьд хүний тархи бол энэ ертөнц дээрх хамгийн гайхамшигтай, хамгийн нууцлаг зүйл” гэж тэрээр дуу алдсан юм.
Энэ бүхнээс харвал Бурханд итгэх итгэл гэдэг теологийн эсвэл гүн ухааны асуудал төдий биш. Эсвэл маргаан мэтгэлцээнд ялах, ятгах сэнхрүүлэх замаар л хэн нэгнийг Бурханд итгүүлдэг гэвэл өрөөсгөл ойлголт болох нь. Харин ч энэ бол ердөө л итгэлийн маш энгийн алхам. Еврей 11:6 дээр “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” хэмээн бичигдсэн.
Өнөөдөр мянга мянган хүн итгэл болон үл итгэлийн хооронд гацчихаад байна. Тэд “Бурхан минь, хэрвээ Та байдаг бол надад Өөрийгөө харуулаач” гэж дотроо хашхирдаг. Тэглээ гээд тэдний дээр тэнгэр нээгдэж эсвэл аянга буудаг уу? Ихэвчлэн үгүй! Гэхдээ тэд гуйлтынхаа хариултыг авдаг гэж үү? Хэзээд тийм. Хэдий өөр, өөр арга замаар боловч Бурхан тэдэнд Өөрийгөө ямагт илчилдэг.
Тиймээс хэрвээ та Бурхан байдаг эсэхийг мэдэхийг хүсэж байгаа бол Бурханыг эрэн хайж, Түүнийг олсон хүмүүсийн түүхийг уншаад үз. Та тэр хүмүүсийн түүхийг Библиэс унших боломжтой. 
Үнэндээ бид бурангүй үзэлтнүүдийн амьдрал, тэдний гутранги үзэл, тэдний хар бараан төгсгөлийг нэг бүрчлэн уншиж судалбал тэдний араас явахыг хүсэхгүй л байх байсан болов уу.


БУРХАНЫГ ОЛСОН ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫН ТҮҮХИЙГ УНШИХ ҮЕД БИДЭНД ТЭДНИЙ МӨРӨӨР АЛХАХ ХАЛУУН ХҮСЭЛ ТӨРДӨГ.