ХРИСТМАС БАЯРЫН ҮЕЭР ГАНЦААРДЛЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

ХРИСТМАС БАЯРЫН ҮЕЭР ГАНЦААРДЛЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.” Матай 25:40

Арван хоёр сар болон депресс хоёр хамт явдаг гэж зарим хүмүүс ярьдаг. 12 сар болохоор депресст орсон хүмүүсийн нөхцөл байдал улам бүр дорддог гэдгийг ямар ч зөвлөгч, ямар ч пастор эсвэл амиа хорлох гэж байгаа хүмүүстэй холбоотой дуудлага хүлээж авдаг шугам дээр ажиллаж үзсэн ямар ч хүн хэлээд өгнө. Зарим нь “Цаг агаараас болдог” гэж тайлбарлаж байхад зарим нь “Үгүй ээ, Христмас үдэшлэг дээр хэтэрхий архи дарс ууснаас болдог” гэж тайлбарладаг. Хэдийгээр энэ хоёр шалтгаан нөлөөлж болох ч үүнээс илүү гүн гүнзгий асуудал хүмүүсийг зовоож байдаг.
Жинхэнэ асуудал хүмүүсийн тасарсан харилцаанд нуугдаж байдаг. Заримынх нь хувьд Христмас баяраар орон гэртээ очих боломжгүй болсноосоо болоод шаналдаг бол зарим нь гэртээ ирсэн ч баяр хамт тэмдэглэх гэр бүлийнхэн байхгүйгээс болоод ийнхүү шаналдаг. Хамт баяр тэмдэглэх хүнгүй, бэлэг авч өгөх найзгүй, үймж бужигнах хүүхдүүдгүй үед ганцаархнаа гэрээ чимээд, сүлд мод засаад сууж байхыг хэн ч хүсэхгүй. Ганцаараа байгаа хүн Бинг Кросбигийн алдарт “Христмас баяраар би гэртээ байх болно” дууг таашаан сонсох нь юу л бол.
Тэгвэл энэ тохиолдолд бид яах вэ? Христмас баярыг тэмдэглэхээ болих уу? Оюун санаанаасаа үүнийг арчиж хаях уу? Эбинезер Скрүүж шиг “ямар ч хэрэггүй хог” гэж хашхирах уу? Энэ бүх асуултад хариулахын тулд бид эхлээд Христмас баярын утга учрыг дахин нэг бодож үзэх ёстой.
Гэр бүлээрээ цугларч амттай хоол идэж, бэлэг солилцож, баярлаж хөөрөх нь энэ баярын гол утга учир юм уу? Эсвэл бидний амьдралын ганцаардал зовлонг өөрчлөхийн тулд Өөрийн Хүүгээ илгээсэн тэр агуу Бурханыг дурсан санах нь гол утга учир юм уу? 
33 жилийн туршид Есүс Христмас баяраар гэртээ байж үзээгүй гэдгийг та санаарай. Энэ олон жилийн турш хүмүүс Түүнийг үл ойлгож, гадуурхаж, үл тоож байсан. Тэр бүх он жилүүдийн туршид Тэр тэнгэр дэх гэрээ хүсэмжилж байсан. Тиймээс 12 сард депресст орохоос зайлсхийхийн тулд та юуны түрүүнд Христмас баярын утга учрыг дахин нэг дурсан санах хэрэгтэй.
Хоёр дахь алхам нь хүмүүстэй холбогдох явдал юм. Үүний тулд шаардлагатай бол та өөрийгөө бага зэрэг хүчлээрэй. Ямартай ч та гэртээ өөрийгөө өрөвдөөд суугаад байж болохгүй. Тантай адилхан ганцаардсан хэн нэгэн байж л таараа. Та тэр хүнийг ол. Эмнэлэг рүү утасд. Христмас баярын үеэр сайн дурын ажилтан хэрэгтэй эсэхийг асуу. Асрамжийн газрын хүүхдүүдэд сонирхолтой үлгэр уншиж өг. Орон гэргүй хүмүүст хоол хүнс, тусламжийн зүйлс тараах ажилд сайн дураараа оролц. Сагс дүүрэн амттан бэлдээд хоосон ядуу хэн нэгэнд аваачиж өг. Бүр цаашилбал унадаг дугуй худалдаж аваад бяцхан хүүд бэлэглэ. Түүний нүднээс гэрэлтэх баярын очийг олж хар. Христмас баяр болон шинэ жил болохоос хэд хоногийн өмнө амралтаа аваад өөр орон руу богино хэмжээний илгээлтээр яв. Депрессийг ялан дийлэх нэгэн чухал шийдэл бол амьдрал нь доройтсон хэн нэгэнтэй холбогдож, түүний амьдралд туслах явдал юм.
Хятадад коммунист дэглэм ялах үед хоёр илгээлтийн эзэн баривчлагдаж, шоронд хоригджээ. Тэд бол Рудольф Боссхарт болон Арнолис Хэйман. Зун өнгөрч намар болж, өвөл ч эхэлжээ. Тэд шоронд хоригдсоор л. Христмас баярын өглөө тэд Бээжингийн хүйтэн шоронд даарч чичирсээр сэрэв. 
Тиймээ, тэд ганцаардаж, даарч, сэтгэлээр унасан байсан. Тэд шоронгоос гарч гэр бүлийнхэндээ очихыг хүсэж байсан ч эсрэгээрээ тэд шоронд хаягдан ганцаардаж байлаа. Гэнэт тэдний нэг нь шалан дээр хөглөрөх сүрэлнээс хэдийг аваад газарт “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай Иммануэл гэсэн нэрийг бичсэн байна. Тэд энэ нэрийг унших үед тэдний бодит байдал өөрчлөгдөөд явчих шиг санагджээ. 
Тэрхэн мөчид Есүс Христийн оршихуй шоронгийн өрөөг дүүргэж, тэдний зүрх сэтгэлийг дулаацуулсан хэмээн хожим нь тэд гэрчилсэн байдаг. Таны 12 сарын депрессийг Иммануэл буюу “Бидэнтэй хамт байгаа Бурхан” үргээн зайлуулж чадна. 


                             ЕСҮС ТАНЫ ГАНЦААРДАЛ ЗОВЛОНГ ЯЛАН ДИЙЛЭХ ХАРИУЛТ.