БҮХ ХҮН МӨНХИЙН УЛСАД ОРОХ УУ?

БҮХ ХҮН МӨНХИЙН УЛСАД ОРОХ УУ?

Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Иохан 14:2

Таны хувьд, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар юу бэ? Италийн Доломити юу? Швейцарийн Альп уу? Эсвэл Викториа дахь Бутчардын цэцэрлэгийг нэрлэх үү? Магадгүй та Филиппиний далайн эрэг эсвэл нар хамгийн үзэсгэлэнтэйгээр жаргадаг тэр нэгэн газрыг сонгож болох. Жеймс Мишенер Өмнөд тэнгисийн Бора Бора гэдэг арлыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар гэж нэрлэжээ. Мэдээж энэ дэлхий дээр үзэсгэлэнтэй газар олон. Тэдгээрийн дотроос ганцыг нь онцолно гэдэг их хэцүү.
Эхнэр бид хоёр алтан зул цэцэг дэлбээлэх үеэр Голландын Киүкэнхоф цэцэрлэгт очиж үзэж байлаа. Би хувьдаа тэр газрыг миний үзсэн хамгийн үзэсгэлэнтэй газар гэнэ. Голландын алтан зул цэцэг борлуулдаг 24 том компани хамтдаа нэгдэж энэхүү гайхамшигт цэцэрлэгийг бүтээсэн бөгөөд тус цэцэрлэгт нэг дор 6 сая алтан зул цэцэг дэлбээлдэг. Тус цэцэрлэг нь жилийн ердөө 8 долоо хоногт л олон нийтэд нээлттэй байдаг. Тэнд хүний атгасан гар шиг том том алтан зул цэцгүүд дэлгэрч, улбар шар, гал улаан, гүн хөх, алтан шар гээд жаахан хүүхдийн зурсан зурган дээрээс л харж болохуйц хурц тод өнгүүд нэг дор алаглан байхыг тэндээс харж чадна.
Тэгэхээр та бидний мэдэх тэрхүү хамгийн үзэсгэлэнт газар ч мөнхийн улсын дэргэд юу ч биш гэдгийг та мэдэх үү? Яагаад? Яагаад гэдгийг та мэдэхийг хүсвэл Библийн Илчлэл номын 21, 22-р бүлгийг уншаад үзээрэй. Тэнд алтан гудамж, сувдан хаалга, энэ дэлхий дээр хамгийн үнэтэйд тооцогддог тэрхүү үнэт эрдэнэсийн чулуунуудаар сууриа хийсэн хотын тухай өгүүлдэг. Гэтэл бид энэ амьдралдаа хотын гудамжийг бүрэх хэмжээний их алт, томруулдаг шилээр харах шаардлагагүй тийм том алмаз эрдэнийг харж байгаагүй шүү дээ.
Тийм ч учраас Иохан мөнхийн улсын тухай бидэнд тайлбарлан хэлэхдээ тэнд юу байхгүй байх вэ гэдгийг ч мөн тайлбарлан хэлсэн. Жишээ нь: та Эскимос хүнд халуун орны тухай тайлбарлаж өгье гэвэл танд маш хэцүү байх болно. Гэхдээ та түүнд халуун оронд та хэзээ ч даарахгүй, хэзээ ч цас малтахгүй, хэзээ ч цас мөсөнд санаа зовохгүй гэж хэлбэл тэр хүн бага ч гэсэн гадарлаж эхлэх байх.
Тэгвэл мөнхийн улсад юу байхгүй байх вэ? Тэнд эм тариа, антибиотик гэж байхгүй байна. Мөн оршуулгын газар гэж байхгүй. Тэнд өвчин зовлон, үхэл хагацал ч гэж байхгүй! Цэцэгс нь гандахгүй гол мөрнүүд нь ширгэхгүй.
Гэрлийн лампыг бүтээсэн нэрт зохион бүтээгч Томас Эдисон дуу цөөтэй хүн байсан гэдэг. Түүнийг өөд болохын өмнөхөн эхнэр эмч хоёр нь түүний сүүлчийн үгийг сонсохоор ойртож суух үед тэрээр инээмсэглээд “Тэр бол үнэхээр үзэсгэлэнтэй газар” хэмээн шивнэсэн гэдэг.
Бидэнд зориулан Христийн бэлдэхээр явсан газар бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан газар. Гэхдээ тэр газарт бүх хүн очно гэж Библи хэзээ ч хэлдэггүй. Диваажингийн тухай өгүүлсэн тэр л номд мөн тамын тухай өгүүлсэн. Тэр бол “Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх гал” (Матай 25:41) юм.
Диваажин байдгийн нэгэн адил там ч мөн байдаг. Диваажингийн гоо үзэсгэлэнгийн тухай өгүүлэхдээ Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээсэн. Үнэхээр Есүс Христ бол диваажингийн үүд хүргэх цорын ганц зам.


                                                     ТА ДИВААЖИНГИЙН ТЭР ЗАМЫГ ОЛСОН УУ?