ХЭРХЭН ТАЛАРХАХ СЭТГЭЛЭЭР ДҮҮРЭН АМЬДРАХ ВЭ?

ХЭРХЭН ТАЛАРХАХ СЭТГЭЛЭЭР ДҮҮРЭН АМЬДРАХ ВЭ?

Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх. 1 Шастир 16:34

“Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” хэмээн хүнд хэцүү нөхцөл байдлынхаа дундаас нэгэн хүн чухалчлан бичсэн байдаг. Тэр хүн хэн бэ? Тэр бол Есүс Христийн элч, Паул. Энэхүү ганцхан өгүүлбэрээр дамжуулаад Паул бидэнд талархах сэтгэл болон ивээлтэй амьдралын нууцыг өгүүлсэн. Талархал гэдэг энэ чухал ойлголт жилд нэг удаа тэмдэглэдэг баяр биш харин өдөр бүр, амьдралынхаа хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч, өвчтэй зовлонтой байх үедээ ч, эсвэл аз жаргалтай, эрүүл саруул, баяр хөөртэй үедээ ч Бурханд өргөх учиртай өргөл билээ. 
Анх 1621 оны тэр нэгэн өдрийг захирагч Уиллиам Брэдфорд “Талархлын өдөр” болгон тунхагласан учраас л “талархал” гэдэг ойлголт бий болчихсон юм биш. Үүнээс 1400 жилийн өмнө Паул Тесалоникийн итгэгчдийг “талархагтун” хэмээн уриалсан байдаг. Түүнээс бүр өмнө Израильчууд Египетээс чөлөөлөгдсөн онцгой үйл явдлыг тэмдэглэн Суккот буюу Майхан баярыг тэмдэглэж ирсэн. Иерусалимын хана хэрмийг дахин босгох үед Нехемиа ард түмэндээ зааварчилж, ажлаа зогсоон талархлын баярыг тэмдэглэхийг уриалсан. 
Бүхий л түүхийн туршид хүмүүс онцгой ялалт, онцгой үйл явдлыг тэмдэглэн найр хурим хийж ирсэн. Америкт очсон анхны суурьшигчдад ч мөн талархах шалтгаан байсан. Тэдний суурьшсан шинэ нутгийн хахир хатуу өвөл тэнд нүүн суурьшигчдын хагасынх нь амийг авч одсон. Тиймээс тэд арвин ургац хүлээн авч, дараагийн өвлийг өнтэй давах боломжтой болсондоо ихэд баярлаж талархсан.
1680 онд Массачусетсийн колони Талархлын баярыг албан ёсны тэмдэглэлт өдөр болгосон бол 1858 онд АНУ-н 25 муж Талархлын баярыг албан ёсоор тэмдэглэх болсон. 1863 онд АНУ-н Ерөнхийлөгч Абрахам Линкольн 11-р сарын дөрөв дэх Пүрэв гараг бүрийг Талархлын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан. 
Гэвч үнэндээ бид энэ дэлхийн хаана ч амьдарч байсан, бидний амьдралын өдөр бүр талархлын өдөр байх учиртай. Тэгвэл бид юунд талархах вэ? 
Нэгдүгээрт, бид Бурханы хүүхэд болсныхоо төлөө талархах учиртай. Бурхан биднийг уучилж, биднийг Есүс Христээр дамжуулан мөнхийн хаанчлалдаа оруулсан. Бид ийм ивээлийг хүртэх зохисгүй боловч Бурхан Эцэгийн хайрын улмаас хүртэх эрхгүй ивээл ерөөлийг хүртэцгээсэн.
Дараа нь бид гэр бүл, найз нөхдийнхөө төлөө талархах учиртай. Мөн бидний амьдралд хийсэн Бурханы агуу үйлс, ивээл ерөөлийн төлөө талархах хэрэгтэй. Тэр бүү хэл, бидний амьдралд тохиолдоогүй тэр зүйлсийн төлөө ч бид талархах учиртай. Учир нь бидэнд юу хамгийн сайн болохыг Бурхан мэднэ. 
Мөн бидний амьдралд тохиолддог саад бэрхшээл, амьдралын хүнд хэцүү асуудлуудын төлөө бид талархах хэрэгтэй. Учир нь тэр бүхнээр дамжуулаад бид өөрсдийнхөө сул доройг мэдэрч, Бурхан руу хандан хашхирдаг. Нөгөөтэйгүүр бидэнд хэрэггүй олон зүйлийг Бурхан бидний амьдралд зөвшөөрөлгүй халхалж хамгаалсан л байгаа. Үүний төлөө таларх.
Мөн бидний амьдралд тохиолдох ямар ч зүйл Түүний хараа хяналтаас гадуур болдоггүйн төлөө бид талархах учиртай. Чухамдаа тийм учраас л Паул “Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” (1 Тесалоник 5:18) хэмээн бичсэн юм.
Харин ирээдүйн хувьд, Бурхан ирэх өдрүүдэд ч бидэнтэй хамт байж, гараас маань хөтлөн чиглүүлнэ. Тэр биднийг алхам алхмаар Өөрийнхөө сайн тааллын дагуу удирдан дагуулна. Тиймээс бид ирээдүйнхээ төлөө ч Бурханд талархах хэрэгтэй. Талархах сэтгэлгүй амьдрал бол гэм нүгэл.


                                                       ӨДӨР БҮР БУРХАНД ТАЛАРХАН АМЬДАРЦГААЯ.