ТАЛАРХАЛД БАЙХ ЁСТОЙ ХОЁР ЧУХАЛ ЗҮЙЛ

ТАЛАРХАЛД БАЙХ ЁСТОЙ ХОЁР ЧУХАЛ ЗҮЙЛ

Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ. ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч. Дуулал 111:4

Английн нэрт зохиолч Сомерсет Моэм Парисын Максим ресторанд хооллох их дуртай байсан гэдэг. Тиймдээ ч тэрээр 20-р зууны хамгийн алдартай зохиолуудын нэг болох “Хутганы ир” хэмээх зохиолдоо энэхүү рестораны тухай өгүүлсэн. Тэгвэл үүнээс ч өмнө Максим рестораныг олны танил болгосон нэгэн бол Унгарын нэрт хөгжмийн зохиолч Франц Лехар. Нэгэн хавар Франц Лехар сүйт бүсгүйнхээ хамт Парист амраад буцахдаа Парисын нэрд гараагүй Максим ресторанд хоолложээ. Гэвч тооцоо хийх болтол Франц Лехар түрийвчээ олсонгүй. Халаасны хулгайч түүний түрийвчийг аваад зогсохгүй Австри явах галт тэрэгний билетийг нь хүртэл хулгайлчихсан байлаа. 
Болсон бүхнийг зөөгчид тайлбарлаж, “дараа заавал тооцоогоо хийх болно” гэсэн Францыг учирлахад зөөгч “Ийм тайлбарыг би өмнө нь мянган удаа сонсож байлаа” гэж хатуурхжээ. Тиймээс Франц рестораны зохион байгуулагчийг дуудуулав. Болсон хэрэг явдлыг учирлан гуйх Францыг хараад зохион байгуулагч түүнийг үнэнээ хэлж байгааг нь тэр дороо ойлгожээ. Францад дараа тооцоогоо хийх зөвшөөрөл олгосон зохион байгуулагчид Франц чин сэтгэлээсээ талархаад “Эрхэм ээ, би таны өгөөмөр сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Би таныг болон танай рестораныг алдартай болгоно гэж амлаж байна. Би дуурь бичих гэж байгаа юм. Тэр дууриндаа би танай рестораныг оруулна” хэмээн амлажээ. 
Зохион байгуулагч түүний энэ үгэнд итгээгүй ч хэрвээ тэгвэл ихэд баярлах болно гэдгээ илэрхийлээд үдэж явуулж гэнэ. Гэтэл тэр цагаас хойш таван жилийн дараа Австрийн Виенна хотын театрт тавигдсан “Баян бэлэвсэн эхнэр” нэрт дуурь Максим рестораны нэрийг алдрын тавцанд гаргаж өгсөн юм. Тус дуурийн гол үйл явдал Максим ресторанд өрнөдөг байна. Тэр цагаас хойш зуу гаруй жилийн туршид үй олон хүн Парисийн нэрт Максим рестораныг зорин очиж үйлчлүүлэх болсон юм. Тийнхүү тэр нэгэн удаагийн “гэмт хэргийг” уучлан хэлтрүүлснийхээ төлөө Максим ресторан түүнээсээ хэдэн мянга дахин их ашгийг хүртжээ. 
Өөрт нь итгэж, тавьж явуулсан хүнд Франц Лехар чин сэтгэлээсээ талархсан нь мэдээж. Талархал гэдэг энэ онцгой чанарыг ганцхан Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс бид л хамгийн сайн ойлгож чадна.
Тэгвэл 17-р зууны үед Кейп Кодод амьдарч байсан суурьшигчид ч бас Самосет нэртэй Абнаки омгийн индиан эрд чин сэтгэлээсээ талархсан нь гарцаагүй юм. Учир нь тэрээр Скуанто хэмээх найзынхаа хамтаар суурьшигчдад хэрхэн эрдэнэ шиш тариалах, агч модны шүүсийг гаргаж авахыг зааж сургав. Улмаар анхны ургацаа хураан авсны дараа 11 сарын 29-ний өдөр тэд “Талархлын баяр”-ыг анх удаагаа тэмдэглэсэн. Тэр баярт Индианчууд хүндэт зочны ёсоор оролцсон. Хэдийгээр Индианчууд тэдэнд олон зүйлийг зааж сургасан ч эцсийн дүндээ Бурхан тэднийг хоол хүнсээр хангасан гэдгийг тэд маш сайн ойлгож байв. 
Талархлын баяр бол ганцхан Америкчуудын л тэмдэглэдэг баяр биш. Угтаа бол энэ баяр цацагт хяруул идэж, цангис жимсний шүүс уудаг баяр ч биш. Харин Бурханы өгөөмөр ивээл ерөөлд талархах ёслол. Гэхдээ зөвхөн Америкчууд ч биш Аргентина, Бразил, Канад, Япон, Солонгос, Либери, Швейцари гээд олон оронд өөр өөрийн гэсэн талархлын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. 
Бидний хувьд дараах хоёр зүйлгүйгээр чин сэтгэлээсээ талархах боломжгүй. Нэгдүгээрт, юуны төлөө талархах вэ гэдгээ бид мэддэг байх ёстой. Хоёрдугаарт, хэнд талархах вэ гэдгээ бид мэддэг байх ёстой.
Франц Лехарын хувьд өөрийг нь Парисын шоронд хүргүүлэхийн оронд тавьж явуулсных нь төлөө чин сэтгэлээсээ талархсан. Ингэхдээ өөрт нь үл итгэсэн зөөгчид биш харин өөрт нь итгэсэн зохион байгуулагчид талархсан нь лавтай.
Эцэст нь чин сэтгэлийн талархал хэзээ ч ерөнхий байдаггүй. Бид хэнд талархаж, юуны учир талархаж байгаагаа мэддэг байх ёстой. Талархлаа илэрхийлэхдээ нарийн тодорхой байх учиртай. Өнөөдөр хүмүүс “Талархлын баярын мэнд хүргэе” гэж мэндчилдэг ч энэ баяраар бид хэнд талархах учиртайг сануулдаггүй. Гэтэл хамгийн анхны талархлын баяраар буюу 1621 оны 11 сарын 29-ний тэр өдөр захирагч Брэдфорд “Бүх ивээл ерөөлийнх нь төлөө Хамгийн Дээд Бурханд талархал өргөе” гэж тунхагласан юм шүү.


                                      БҮХ ИВЭЭЛ ЕРӨӨЛИЙНХ НЬ ТӨЛӨӨ БУРХАН ЭЗЭНД ТАЛАРХАЦГААЯ.