ХЭРХЭН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАХ ВЭ?

ХЭРХЭН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАХ ВЭ?

Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Колоссай 3:15

Ямар нэг зүйлийн төлөө талархал илэрхийлэх, эсвэл тухайн зүйлд чин сэтгэлээсээ баярлан талархах хоёр хоорондоо ялгаа бий. Жишээ нь: та мужаан хүн байгаад нэгэн чухал захиалгыг хүлээн авлаа гэж бодъё. Тэгээд та тэр ажлаа гэрээнийхээ дагуу гүйцэтгэсэн. Ингээд та ажлаа гэрээт хугацаандаа чанартай сайн хийсэн учир гэрээнийхээ дагуу ажлын хөлсөө хүлээж авна. Энэ тохиолдолд та дугтуйтай ажлын хөлсөө аваад “баярлалаа” гэж хэлээд, багаж зэмсгээ аваад гэртээ харина.
Гэтэл тэр дугтуйн дотор таны авах ёстойгоос хоёр дахин их мөнгө байлаа гэж бодъё. Та шударга хүн учраас “Уучлаарай, энд алдаа гарсан юм шиг байна. Энд миний авах ёстойгоос хоёр дахин их мөнгө байна шүү дээ” гэж хэлнэ. Гэтэл цаад хүн чинь танд “Би мэднэ ээ, та ажлаа их сайн хийсэн учраас танд бонус өгч байгаа юм аа” гэж хэлвэл та яах вэ? Таны өмнө нь хэлсэн “баярлалаа” гэсэн үгээс илүүгээр таны дотор баярлах, талархах сэтгэл төрнө шүү дээ.
Зарим орнуудад хэн нэгэн хүн танд тусалвал, эсвэл ямар нэгэн зүйл өгвөл та хариуд нь “баярлалаа” гэж хэлэх шаардлагагүй гэж үздэг. Учир нь тэдний соёлд “баярлалаа” гэсэн үгийг зүгээр л хий хоосон үг гэж үздэг. Тиймээс та хариуд нь ямар нэгэн үйлдлээр буюу бодитойгоор талархаж буйгаа харуулах ёстой байдаг.
Гэтэл эсрэгээрээ хэн нэгэн хүн танд талархаад ч баршгүй их тусыг хүргэвэл та яах вэ? Амьдралынхаа туршид тэр хүнд ач санаж явна гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр бусдад чин сэтгэлээсээ талархана гэдэг нь зүгээр нэг “баярлалаа” гэсэн үг төдий биш харин талархсан сэтгэлийн илэрхийлэл байдаг байх нь. Хүний дотор ямар ч шалтгаангүйгээр баярлаж талархсан сэтгэл төрнө гэж үгүй. Танд ямар нэгэн сайн сайхан зүйлийг хийж өгснийх нь төлөө та талархана гэсэн үг.
Тэгвэл Бурханы нигүүлслийг бид чухамдаа яг л ийм зүрх сэтгэлээр хүлээж авах учиртай. Нигүүлсэл буюу Бурханы таалал байсан учраас Бурханы Хүү энэ дэлхийд ирж та бидний төлөө амиа өгсөн. Бурханы нигүүлслийн улмаас та бид өнөөдөр эсэн мэнд, эрүүл саруул амьдарч байна.
Та энэ цагт нэгэн цагаан цаас аваад дундуур нь зураас татаарай. Тэгээд нэг талд нь та өөрт чинь байгаа талархвал зохих зүйлсийг жагсааж бичээрэй. Нөгөө талд та танд байхгүй байгаагийн төлөө талархвал зохих зүйлсийг жагсааж бичээрэй. Нэг талд нь та гэр бүл, эхнэр нөхөр, үр хүүхэд, байр сав, сүнслэг ивээл ерөөлүүд болон материаллаг эд зүйлсээ жагсаан бичиж болно. Мөн таны амьдралд байгаа хүнд хэцүү асуудлуудыг ч та энэ талд бичиж болно. Эдгээр зүйлсээр дамжуулан Бурхан надад юу хийж өгсөн бэ гэдгийг та дурсан санаж болно.
Харин нөгөө талд нь та таны амьдралд тулгарч болох байсан ч нүүрлээгүй тэр бүх хүнд хэцүү асуудал, зовлон бэрхшээлийг та жагсааж бичээрэй. Нөгөөтэйгүүр танд байхгүй байгаа тэр зүйлсээр дамжуулаад та Бурханы хангалтыг таньж мэдэх боломжтой болдог гэдгийг битгий мартаарай.
Хэрвээ Бурханы хүүхдүүд цөлд өлсөөгүй байсан бол тэд маннаг мэдэхгүй байх байсан. Хэрвээ Даниел арслангийн нүхэнд хаягдаагүй байсан бол Бурханы авран хамгаалах агуу хүч чадлыг мэдрэхгүй байх байсан. Хэрвээ Петр шоронд хаягдаагүй байсан бол тэнгэрэлч түүнийг хэрхэн гайхамшигтайгаар авран хамгаалахыг харахгүй байх байсан.
Талархал гэдэг бол “баярлалаа” гэдэг үгээр хязгаарлагдахгүй баялаг. Энэ бол хүнд хэцүү асуудал, зовлон бэрхшээлийг даван туулснаар бидний дотор бий болдог сайн зуршил. Талархах сэтгэл бидэнд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, тэр бүхнийг бидэнд өгсөн Нэгэнд талархан амьдрах хүчийг өгдөг.


                                                       ТАЛАРХАЛТАЙГААР...