ЭД ХӨРӨНГӨӨ БУСАДТАЙ ХУВААЛЦ

ЭД ХӨРӨНГӨӨ БУСАДТАЙ ХУВААЛЦ

Харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Лук 12:20

Нэгэн эмэгтэй 71 насандаа өөд болжээ. Тэр эмэгтэй ойрд эмчид үзүүлээгүй байсан тул нийгмийн ажилтан түүний үхлийн шалтгааныг судалжээ. Гэтэл “хоол тэжээлийн дутагдал” гэсэн онош гарав. Хөөрхий эмгэн нас барахдаа ердөө 30 гаруй кг жинтэй болжээ. Тэрээр тэр хавийн айлуудаас хоол гуйж амьдардаг байсан бөгөөд ойролцоо байдаг нэгэн Христэч байгууллагаас түүнд хуучин хувцас өгснийг нь үргэлж өмсдөг байлаа. Гэхдээ тэр эмэгтэй Африк эсвэл Азийн ямар нэгэн ядуу буурай бүс нутагт биш харин өндөр сайхан барилгуудаараа гайхагддаг Флорида мужийн Вест Палм хотод амьдардаг байсан.
Өөд болсон эмгэний амьдарч байсан орон гэрийг нийгмийн ажилтнууд очиж үзэхэд хүн амьдрахын аргагүй бохир заваан байв. Түүний гэрийг нэгжиж үзсэний эцэст нийгмийн ажилтнууд тэр эмгэнийг хоёр банкинд хадгаламжтай болохыг нь олж тогтоожээ. Тэд банкинд очиж эмгэний эзэмшиж байсан хоёр сейфийг онгойлгож үзтэл нэгэнд нь AT&T компанийн 700 гаруй хувьцаа болон өөр олон тооны хувьцаа мөн бэлнээр 200 мянган доллар байсан бол өөр нэг сэйфэнд нь бэлнээр 600 мянган гаруй доллар байв.
СиБиЭс телевизийн сэтгүүлч Чарльз Осгүүд энэ мэдээг сурвалжлан хүргэсэн бөгөөд энэ их хөрөнгө өөд болсон эмгэний холын хамаатанд очих болно гэдгийг хэлсэн байна. Харин тэр хамаатан нь ийм баян хамаатантай гэдгээ огт мэдэхгүй явж ирсэн нь тодорхой.
Мэдээж энэ хөгшин сэтгэцийн өөрчлөлттэй байсан. Тэгээгүй бол ийм их хөрөнгөтэй атлаа ингэж амьдрахгүй шүү дээ. Гэтэл үнэндээ маш олон хүн яг л энэ эмгэн шиг амьдардаг. Гэхдээ мэдээж харагдах байдал нь арай өөр л дөө. Тэдний хувьд хэзээ ч үхэхгүй юм шиг санаж, бүх насаараа эдэлж хэрэглээд ч барахааргүй их эд хөрөнгийг цуглуулдаг. Эцэст нь тэд нас дээр гарахдаа “бушуухан далд ороосой, бушуухан эд хөрөнгийг нь өөрийн болгох юм сан” гэх бодолтой хүмүүсийн гарт ордог.
Тиймээс бидний хувьд өөрөөсөө нэг зүйлийг асуух учиртай. “Бурхан энэ эд хөрөнгийг ямар зорилгоор надад өгсөн бэ?”, “Би өөд болохдоо аваад явж чадахгүй энэ их хөрөнгийг юуны төлөө зориулах ёстой юм бол?” гэж.
Өнөөдөр бид насан туршдаа ажиллаж хөдөлмөрлөж, эд хөрөнгө цуглуулчхаад түүнийгээ хэн нэгэн холын хамаатандаа үлдээх үү, “Таны бие ямар байна?” гээд нэг ч удаа ирдэггүй тэр хүмүүст үлдээх үү? Эсвэл өвчтэй зовлонтой, зовж зүдэрсэн, ядарч туйлдсан хүмүүсийн зовлонг бага ч болов нимгэлэхийн төлөө зориулах уу? Харамсалтай нь өнөөдөр маш олон хүн эргэн тойрондоо байгаа асуудлуудыг үл тоон амьдардаг. Эцэст нь тэдний насаараа хурааж хуримтлуулсан бүхэн улсын орлого болох нь болж, татварт явах нь явж, эсвэл өөрийг нь огт боддоггүй байсан тэр нэгэн хамаатных нь өмч болоод дуусдаг.
Есүс энэ дэлхий дээр амьдран байхдаа зөвхөн өөрийнхөө төлөө эд хөрөнгө цуглуулж, эргэн тойрныхоо асуудлыг огт боддоггүй хүмүүсийг хатуу зэмлэсэн. Өөрийн том, том агуулахуудыг нурааж, бүр том агуулах барих гэж буй баян хүнийг Тэрээр “мунхаг” хэмээн зэмлэсэн. “Энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл хурааж хуримтлуулсан бүхэн чинь хэнийх болох вэ?” хэмээн Есүс асуусан.
Асар их эд баялагтай хэрнээ хоол тэжээлийн дутагдлаас болж амиа алдсан тэр эмгэн үнэхээр харамсалтай. Тэгвэл зөвхөн урдахаа харж, ирээдүйгээ төлөвлөдөггүй хүмүүс, зөвхөн өөртөө эд баялаг хураадаг ч түүнийгээ бусадтай, илүү хэрэгцээтэй байгаа хүмүүстэй хуваалцдаггүй хүмүүс бүр ч харамсалтай. Та эд хөрөнгөө үлдээгээд өөд болохдоо тэр эд хөрөнгө чинь хаашаа явж хэнийх болохыг мэдэж чадахгүй. Харин та өөрөө бусдын төлөө захиран зарцуулж эхлэх үед ядаж л тэр хөрөнгө чинь хаашаа явж хэнд очиж байгааг мэдэх болно шүү дээ.


                            БУРХАН ЭНЭ ЭД ХӨРӨНГИЙГ ЯМАР ЗОРИЛГООР НАДАД ӨГСӨН БЭ?