БИД ЯАГААД ӨГӨХ ЁСТОЙ ВЭ?

БИД ЯАГААД ӨГӨХ ЁСТОЙ ВЭ?

Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Лук 6:38

“Би яагаад Африкийн ядуурал эсвэл орон гэргүй хүмүүсийн зовлонд санаа тавих ёстой юм бэ? Би тэр хүмүүсийг тийм болгоогүй биз дээ? Тийм байтал би яахаараа тэдэнд зориулан өгөх ёстой юм бэ?” гэж нэгэн хүн надаас асуусан юм. 
Хэдийгээр энэ асуулт намайг бага зэрэг гайхшруулсан боловч энэ асуултад хариулт өгөх нь зүйтэй гэж бодлоо. Африк тивийг хэрчихээд байгаа ДОХ-ын тархалтад та хувь нэмэр оруулаагүй нь мэдээж. Эсвэл орон гэргүй хүмүүс, өнчин хүүхдүүдийн зовлон шаналалд мэдээж та ямар ч буруугүй. Хоол хүнсний дутагдалд орж тураалд орсон хүүхдүүд ч бас тэр аймшигтай нөхцөл байдалдаа буруугүй шүү дээ. 
Абелын үхлийн хариуцлагыг хүлээхээс зайлсхийхийн тулд Каин “Би дүүгийнхээ харгалзагч юм уу?” гэж Бурханд хашхирсан. Гэхдээ та дараах зүйлсийг гуравхан минут бодоод үзээрэй. Нэгдүгээрт, Хуучин Гэрээ ч тэр, Шинэ Гэрээ ч тэр ядуусыг өрөвдөн тэтгэх тухай чухалчлан өгүүлдэг. Мосегийн хуулийн дагуу тариаланчид үр тариагаа хураахдаа талбайнхаа зах хэсгийн үр тариаг ядууст зориулан зориуд хураалгүй үлдээх ёстой байсан. 
Сургаалт үгс 28:27 дээр “Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах” хэмээн бичигдсэн байдаг. Мөн Сургаалт үгс 19:17 дээр “Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч. Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй” хэмээсэн. Шинэ Гэрээнд чуулгануудад ядуу зүдүү, өнчин өрөөсөн болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг халамжлан тэтгэх зааврыг өгсөн байдаг. 
Бид ядууст өгөөмрөөр өгөх хоёр дахь шалтгаан бол, бидэнд буй бүхэн биднийх биш харин Бурханых гэдгийг ухамсарлах явдал. Буй бүхэн маань Бурханаас бидэнд өгсөн бэлэг буюу хариуцуулж өгсөн баялаг учраас бид үүнийг хэрхэн хэрэглэх нь Бурханы хувьд чухал. Хэрвээ Бурхан хүсвэл энэ бүхнийг бидэнд өгсөн шигээ хялбархан буцаагаад авч чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ Бурханы тусламж байгаагүй бол байгаа бүхнээ бид олж авч чадахгүй байх байсан. 
Гэвч маш олон хүн дотроо “Би үүнийг олсон. Би өөрийн олсон бүхнийг өөрийнхөөрөө зарцуулах эрхтэй. Тэгээд ч би тэр бүх гай гамшигт буруугүй атлаа яахаараа зовж олсон хөрөнгөө тэдэнтэй хуваалцах ёстой юм бэ?” гэж боддог. Тэдний хувьд “авч чадах бүхнээ ав, өөрийн болгож чадах бүхнээ өөрийн болго, тэгээд өөрийн болгосон бүхнээ хэнтэй ч бүү хуваалц” гэсэн зарчмаар амьдардаг. Гэтэл үнэндээ бидний хурааж цуглуулсан бүхэн цаг нь ирэхэд маш амархан үгүй болох боломжтой. “Баян хүн ганц зуднаар” гэдэг шиг ганцхан гал түймэр, байгалийн гамшиг, зах зээлийн шилжилт танд байгаа бүхнийг үгүй болгох боломжтой.
Хэн мэдэх вэ? Гэнэт салхи эргэж тусламж хэрэгтэй хүн нь та өөрөө ч болж хувирах юм билүү? Харин хүн юу тарьснаа хураана гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй үнэн. Энэ үнэнийг бид амьдралынхаа туршид амссаар явна.
Эцэст нь бидний хувьд бусдад өгөөмөр хандах өөр нэгэн шалтгаан байна. Өөрт өгөгдсөн боломжийг үнэлж, танд буй бүхэн бусдын амьдралд сайн сайхныг авчрах боломжтой гэдгийг мэдэх үнэхээр сайхан. Та өлссөн хүүхдэд аяга сүү өгөөд нүүрэнд нь тодрох инээмсэглэлийг хараарай. Орон гэргүй нэгэнд дулаан хөнжил өгөөд баярлаж талархсан царайг нь хараарай.
“Үйлчлэлээ өргөжүүлэхүй” хэмээх номдоо Чак Свиндолл нэгэн баян хүний оршуулгын ёслолыг хөтөлсөн тухайгаа өгүүлдэг. Тэр хүнд гэр бүл ч, найз нөхөд ч байсангүй. Тэр хүн өөрийн бүх хөрөнгөө жижигхэн нохойдоо өвлүүлэн үлдээжээ. Та бодоод үз дээ? Тэр нохой идээд, идээд хэр их хоол идэж шалих вэ дээ. Гэтэл дэлхийн нөгөө талд хүүхдүүд өлсөж цангаж, өлбөрч үхэцгээж байна. Зарим хүүхдүүд эм тариа олдохгүй байгаагаас болоод эцэг эхийнхээ нүдэн дээр өөд болж байна. 


                                                                       ТА ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ ТУСЛАХГҮЙ ГЭЖ ҮҮ?