АХМАД НАСТНУУДЫН ӨГЧ ЧАДАХ ТАВАН БЭЛЭГ

АХМАД НАСТНУУДЫН ӨГЧ ЧАДАХ ТАВАН БЭЛЭГ

“Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно”. (Сургаалт үгс 16:31).

Нэгэн өндөр настан томхон их дэлгүүрийн гадаа хуучны тансаг зэрэглэлийн машинаа байршуулахаар аажуухан ухарч байв. Яг тэр үед нэгэн өсвөр насны хүү жижигхэн улаан спорт машинаараа ухасхийн байрыг нь эзэлж орхижээ. Залуу хүү ч жижигхэн машинаасаа үсрэн гарч ирээд маадгар байдалтайгаар “Би залуу бас хурдан болохоор ийм л юм болж байгаа юм даа” гэж хашхирчээ. Харин настай эр уурандаа хаазаа гишгэн жижигхэн спорт машиныг нь ханатай шахан шамбийлгаж орхиод айж цочирдсон залуу хүү рүү хандан “Би хөгшин бас баян болохоор ийм юм болж байгаа юм” гэсэн гэдэг. 
Залуус болон ахмад настнууд хоорондоо яагаад төдийлөн таарамжтай байж чаддаггүй юм бол? Ахмад настнуудын тухай Библи дээр юу гэж бичсэн тухай би нилээд уншиж судалсан. Хэрвээ бид Хуучин гэрээ дэх Мосегийн заавруудыг харвал бид ахмадуудаа хүндлээд зогсохгүй тэдний хэрэгцээг хангах ёстой гэдгийг зааж өгсөн байдаг. Харин энэ бүхэн дээр Паул нэмээд бэлэвсэн эмэгтэйчүүдэд итгэлийн гэр бүлийнхэн нь халамж анхаарал тавих ёстойг зааварлаж өгсөн байдаг. 
Гэтэл өнөөдөр харамсалтай нь нийгэм Бурханы тогтоосон хэм хэмжээнээс улам бүр холдож, ахмад настнуудыг улам бүр шахан гадуурхах болсон. Хатуухан хэлэхэд, Маргарет Мидийн хэлснээр ахмадуудыг “настангуудын агуулахад” хорьж тэдний эрүүл мэндийг шалгахдаа гэрээслэл нь хүчин төгөлдөр болоход хэр хугацаа үлдсэн гэдгийг шалгах зорилготой болжээ.
Нэгэн бяцхан хүү эмээгээсээ “Эмээ, та хайрцгаа хаана хадгалдаг юм бэ?” гэж асууж гэнэ. Гайхаж тулгамдсан эмээ нь хүүгээсээ “Юун хайрцаг билээ?” гэж асуухад бяцхан хүү “Таныг хайрцагтаа орохоор биднийг зөндөө мөнгөтэй болно гэж аав хэлсэн” хэмээн цовоо дуугаар хариулсан гэдэг.
Тэгвэл өндөр настнууд залуу үеийнхэндээ мөнгө санхүүгээс гадна юуг өгч чадах вэ? Мэдээж маш олон зүйлийг өгч чадна. Тэгвэл үр хүүхдүүддээ юу өгч чадах вэ гэдгийг бодоод үзэцгээе. 
Бэлэг #1: Туршлагаа хуваалц. Мэдээж хүүхдүүд чинь, эсвэл ач зээ нар чинь аливаа зүйл дээр танаас зөвлөгөө аваад байхыг хүсдэггүй. Аль ч цаг үед залуус өөрсдийнхөөрөө амьдарч, өөрсдийнхөөрөө алдаж онохыг хүсдэг. Гэхдээ ахмад настан таны туршлага бол үнэлж баршгүй үнэ цэнэтэй. Буруутгалгүйгээр, эелдгээр хуваалцсан зөвлөгөө тэдгээр залуус маш их тус хүргэх боломжтой. Бүх алдааг өөрөө гаргаж үзээд байх цаг хугацаа бидэнд байхгүй учраас бид ахмад үеийнхнээсээ олон зүйлийг суралцаж чадна. 
Бэлэг #2: Мэргэн ухаанаа хуваалц. Үнэндээ өндөр насаар дамжуулаад бид ямар ч залуу хүний олж авч чадахааргүй амьдралын туршлага, мэргэн ухааныг хуримтлуулсан байдаг. Зарим мэргэн ухааныг хүн зөвхөн урт удаан цаг хугацааны туршид л олж авах боломжтой. Үнэндээ жинхэнэ мэргэн ухаан гэдэг бол хий хоосон үг яриагаар биш харин өөрийн биеэр үзэж туулж, сонсож мэдэж, амсаж үзсэнээр бий болдог.
Бэлэг #3: Холболт бол. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрвээ та өндөр настан бол та өнгөрсөн болон ирээдүйг холбогч. Гэр бүлийнхнийхээ хувьд ч мөн хамаатан саднуудаа хооронд нь холбодог. Гэр бүлийнхээ хувьд бол та салхины аясаар хийсэх жижигхэн нахиа биш харин хүчирхэг бат бэх мөчир. Тиймээс та үр хүүхдүүддээ хүүхэд насныхаа тухай, гэр бүлийнхээ тухай, хамаатан саднуудынхаа тухай ярьж өг. Гэр бүлийнхнийхээ үүх түүхийг ач зээ нартаа ярь. Учир нь танд буй тэр бүх дурсамж нь үнэлж баршгүй өв сан билээ. 
Бэлэг #4: Асуудлыг зөв өнцгөөс харахад нь тусал. Залуу хүмүүсийн хувьд асуудлыг тэр бүр олон талаас нь, зөв өнцгөөс нь харж чаддаггүй. Харин энэ тал дээр тэдэнд тусалж чадах хамгийн сайн зөвлөгч бол ахмад настнууд. Учир нь ахмад настнууд тэдний насан дээр байж, тэдний үзэж туулж байгааг амсаж үзсэн. Сайн сайхныг ч, муу муухайг ч үзсэн. Тэр бүхний дунд Бурхан хэрхэн гайхамшигтайгаар ажилладагийг ч харсан. Тэр бүх туршлагаа хойч үедээ дамжуулж өгөөрэй. 
Бэлэг #5: Бурханлаг байдал. Энэ тал дээр мэдээж та өөрөө бурханлаг байхгүй бол үүнийгээ дамжуулж чадахгүй гэсэн үг. Тимот бол бурханлаг эх болон эмэг эхийн итгэлийн амьдралын үр дүн байсан. Хэдийгээр бид бүгдээрээ л Бурханы хувьд хүүхдүүд бөгөөд Бурханд ямар ч ач зээ байдаггүй ч бурханлаг эцэг эх, бурханлаг эмээ өвөө гурав, дөрөв дэх үеийнхээ үр хүүхдүүдэд гайхамшигтай нөлөөг үзүүлж чаддаг. Та үүнийг хэзээ ч битгий мартаарай. 


ӨВ ХӨРӨНГӨ ГЭДЭГ ЗӨВХӨН МӨНГӨНИЙ ТУХАЙ БИШ!