АМЬДРАЛЫНХАА ТОМООХОН АСУУДЛУУДЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

АМЬДРАЛЫНХАА ТОМООХОН АСУУДЛУУДЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Тооллого 14:9

Өөрөөс нь хоёр гурван тохой өндөр нуруутай, хүчтэй нэгэн тулж ирээд сүрдүүлбэл хэр баргийн хүн сүрдэж таарна. Учир нь бид бүгд өөрсөдтэйгөө нуруу ойролцоо дайсныг илүүд үздэг шүү дээ. Өөрийнхөө хэр хэмжээнд таарсан зүйлтэй өрсөлдөж байж бидэнд ялах боломж гарч ирнэ гэсэн үг. Гэвч амьдрал тэр бүр шударга байдаггүй.
Заримдаа амьдрал бидний хэрээс хэтэрсэн дэндүү том асуудлуудыг бидэнд өгдөг. Тэр асуудлуудын дэргэд бид яг л балчир хүүхэд мэт юу ч хийж чадахүй сул дорой нэгэн болж хувирдаг.
Голиаттай нүүр тулсан Давидын хувьд түүнд гурван боломж байсан. Эргэж хараад зугтах, аварга дайчнаас айн сүрдэж ялагдах, аварга дайчинтай нүүр тулж, Бурханы тусламжтайгаар ялан дийлэх. Тэгвэл өнөөдөр бидний өмнө тулгардаг асуудлуудын өмнө бидэнд ч бас яг л адилхан гурван сонголт бий. Гэр бүлийн асуудлууд, сэтгэлийн шарх, санхүүгийн, харилцааны, эрүүл мэндийн асуудлууд гэхчилэн маш олон асуудал бидний өмнө тулгардаг.
Зарим нь үүнээс нүүр буруулан зугтахыг оролддог. Зарим нь тэр бүх асуудлаас айн сүрдэж, тэдний өмнө өвдөг сөгдөн, тэдгээрийн боол болон амьдардаг. Харин цөөн хэдэн хүн л тэр бүх аварга том асуудлуудтай нүүр тулан ялалт байгуулж чаддаг. 
Тэгвэл бидний радио хөтөлбөрийн маань зорилго чухамдаа энэ л ялалтын төлөө. Амьдралд чинь тулгараад буй аварга том асуудлуудыг ялан дийлж, Бурханаас өгдөг сүнслэг зэвсгүүдээ агсаж, Бурханы хүчээр дайснуудаа ялан дийлэх. 
Тэгвэл би энэ цагт Египетийн боолчлолоос чөлөөлөгдөн, сүү балаар урссан нутгийг зорин явсан Бурханы ард түмнийг танд сануулмаар байна. Учир нь тэдний өмнө тулгарсан асуудлуудтай бид ч бас өнөөдөр нүүр тулдаг.
Бурханы хүчит мутар тэднийг Египетийн боочлолоос хэрхэн чөлөөлөхийг, Бурханы агуу хүч чадал Улаан тэнгисийг хэрхэн хуваахыг, Улаан тэнгис ярагдан хуурай газраар гаталж, Египетийн их цэргийг тэнгисийн ёроолд хэрхэн живэхийг харсан Израильчуудын хувьд тэд Канаан газрыг ч мөн амархан өөрийн болгож авна гэж бодож байсан. 
Гэтэл тэд маш том эндүүрсэн байсан. Тэрхүү газарт тэднийг юу хүлээж байгааг сайн мэдэхгүй байсан Мосе 12 туршуулыг бэлтгэж тэднийг Канаан руу илгээсэн байдаг. Тэдгээр 12 туршуул нь хойноос өмнө, зүүнээс баруун зүгт тухайн нутгийг хөндлөн гулд туулж, нөхцөл байдлыг тандахаар явсан. Ингэхдээ газарзүйн онцлог, тухайн нутаг хэр үржил шимтэй болох мөн дайснууд нь хэр олон болох, хэр их хүчтэй болохыг нь олж мэдэхээр явцгаасан. Гэвч тэдний харсан зүйлс тэдний ихэнхийг айдаст автуулсан. “Тэр нутагт бид Анакуудын үр удмыг харлаа” гэж тэд дуу алдсаар ирсэн. Тэдгээр 12 туршуулаас 10 нь тэр дороо бууж өгөөд Египетийн боолчлол руу алхахад бэлэн болсон. Харин тэдний дундаас хоёр хүн болох Иошуа, Калеб хоёр “Тэр нутагт аварга биетнүүд амьдардаг нь үнэн боловч Бурхан тэднийг бидэнд гарцаагүй өгөх болно” хэмээн итгэлтэйгээр тунхагласан. Тэд дайсантайгаа нүүр тулахдаа бэлэн байсан. 
Нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Иошуа нэгэн гайхамшигтай үг хэлсэн. “Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун” (Тооллого 12:9) хэмээн тэр уриалсан. “Дайснууд бидний хоол болно” гэж Иошуа хэлсэн. Энд гарч байгаа “хоол” гэдэг үг нь зарим орчуулгад “талх” гэсэн үг байдаг. Тухайн үеийн талх нь бидний мэдэх бинтэй адилхан байсан. Өөрөөр хэлбэл “та нарын айгаад байгаа бидний дайснууд бидний өмнө хавтгай бин шиг болох болно” гэж хэлсэн. “Тэднийг Бурхан хэрхэн бут цохихыг харахдаа та нарын итгэл батжих болно, хүн хоол идээд хүчтэй болдог шиг дайснууд чинь бут цохигдохыг хараад Бурханд итгэх итгэл чинь хүчтэй болох болно” гэж Иошуа тунхагласан.
Тэгвэл өнөөдөр таны амьдралд тулгараад байгаа аварга том асуудлууд ч гэсэн үүнтэй адил. Мэдээж та аварга том дайсантай нүүр тулъя гэж хүсэхгүй нь лавтай. Гэхдээ хоол байхгүй бол бид үхнэ. Үүний нэгэн адил амьдралд чинь тулгарах тэр том асуудлуудыг Бурхантай хамт ялан дийлэхээс нааш Бурхан бол бидний амьдрал дахь ямар ч том асуудлаас илүү агуу Нэгэн гэдгийг бид ойлгон ухаарч чадахгүй шүү дээ. 


БИДЭНД ТУЛГАРДАГ АСУУДЛУУД “ХАВТГАЙ БИН” ШИГ БОЛНО.