ӨӨРИЙНХӨӨ ЖИНХЭНЭ ДҮР ТӨРХИЙГ ХЭРХЭН ОЛЖ ХАРАХ ВЭ?

ӨӨРИЙНХӨӨ ЖИНХЭНЭ ДҮР ТӨРХИЙГ ХЭРХЭН ОЛЖ ХАРАХ ВЭ?

Эцэг, эх минь намайг орхиход, ЭЗЭН харин намайг авна. Дуулал 27:10

Жон Хагийг хүүхдийн асрах газарт ажилладаг байхад нэгэн хүү зочид хүлээн авдаг өдрүүдэд үүдэн дээр гарч зогсдог байжээ. Гэвч тэр хүү дээр хэн ч зочлон ирдэггүйг Жон анзаарсан байна. Тиймээс нэг өдөр Жон тэр хүүгээс яагаад нэг ч хүн ирэхгүй байхад хэн нэгэн хүнийг хүлээж зогсдогийг нь асууж гэнэ. Харин тэр хүү “Би аавыгаа хүлээж байна” гэж хариулж. “Гэхдээ аав чинь ерөөсөө ирдэггүй шүү дээ. Тийм байтал яагаад аавыгаа хүлээдэг юм бэ?” гэж Жоныг асуухад хүү “Би аавыгаа мэдэхгүй л дээ. Тийм болохоор би аавыгаа мэдэхээс нааш өөрийгөө хэн болохыг мэдэж чадахгүй шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.
Энэ бол үнэхээр гунигтай. Магадгүй та энэ тухай бодож байгаагүй байж болох. Гэхдээ Есүсийн Өөртөө итгэлтэй, урам зоригтой байсны нэг шалтгаан бол Тэр Эцэгээ хэн болохыг бүрэн дүүрэн мэддэг байсан. Тэр хаанаас ирснээ мэддэг байсан. Хэн гэдгээ ч мэддэг байсан. Иоханы сайнмэдээнд Есүсийн тухай “Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв” (Иохан 2:25) хэмээсэн байдаг.
Тэгвэл та өөрийгөө хэн гэдгийг мэдэх үү? Эсвэл хэзээ ч ирэхгүй эцгээ хүлээн үүдэн дээр зогсдог байсан хүү шиг өөрийнхөө эцгийг хэн болохыг мэдэхийг хүсэж байна уу? Махбодын эцгээ таньж мэднэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас мянга мянган хүн өөрийнхөө төрсөн эцгийг мэддэггүй. Гэхдээ бид өөрсдийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдье гэвэл махбодын эцгээ таньж мэдэх нь хангалтгүй.
Францын хувьсгалын үеэр 14-р Луи хааны нэгэн хүүг хөнгөмсөг явдалтай нэгэн эмэгтэй үрчилж аван өсгөсөн гэдэг. Улмаар тэр эмэгтэй хүүгээр зүй бус зүйл хийлгэхээр албадах үед тэр хүү хөлөө дэвслэн “Би үүнийг чинь хийхгүй. Яагаад гэвэл би хааны хүү” хэмээн уурсдаг байсан гэдэг.  
Бурханы хүүхдүүд болсон бидний хувьд Бурхан Эцэгтэй ямар харилцаатай байдаг тухай өгүүлэхдээ Паул Галат захидалд "Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ” (Галат 3:26) хэмээн бичсэн. Үргэлжлүүлээд Паул бичихдээ бид Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авах үед бид Бурханы гэр бүлийн гишүүн болон үрчлэгдэж, биднээс хэзээ ч булаагдашгүй тэр гайхамшигтай өвийг хуваалцагчид болдог тухай өгүүлсэн байдаг.
Асрамжийн газрын үүдэнд зогсох хүү “Эцэгээ мэдэхээс нааш би өөрийгөө мэдэж чадахгүй” хэмээн хэлж байсан шиг та ч бас ийм байдалтай амьдарч байгаа юм биш биз?
Тэгвэл нэгэн цагт Давид хаан “Эцэг, эх минь намайг орхиход, ЭЗЭН харин намайг авна” (Дуулал 27:10) хэмээн шүлэглэсэн. Энэ бол бидний хувьд үнэхээр сайхан мэдээ. 
Хэдийгээр айлын бага хүүхэд ихэвчлэн эрх байдаг боловч Давид тийм байсангүй. Давид бага байхаасаа хүнд хүчир ажил хийж өссөн. Заримдаа түүнд хаягдсан, орхигдсон юм шиг санагдах үе байсан. Гэхдээ тэр бүх хүнд хэцүү нөхцөл байдал дунд тэрээр нэгэн гайхамшигтай үнэнийг ойлгож ухаарсан. Тиймээс ч тэрээр “Эзэн харин намайг авна” хэмээн тунхагласан. 
Үнэндээ Бурханы гэр бүлийн гишүүн болсноороо бид махбодын гэр бүлдээ ч мэдрэхээргүй тийм ойр дотно харилцааг мэдрэх боломжтой байдгийг гэрчлэх хүн дэлхийгээр дүүрэн бий. Учир нь Есүс Христ Бурханы хүүхдүүдийг нэгтгэж, тэдэнд бие биеэ хайрлах халуун хайрыг дүүргэн өгсөн.
Тэгвэл та тэр гайхамшигтай гэр бүлд нэгдэж амжсан уу? Хэрвээ та энэ гэр бүлд нэгдэхийг хүсвэл Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн аваарай. Улмаар чуулганд нэгдэж, тэдэнтэй хамт Бурханыг магтан алдаршуулж, Бурханы үгээс суралцаж, Бурханы мэлмийд та хэн болж харагддаг болохоо олж мэдээрэй. Таныг хайрласан Түүний хайр ямар агуу болохыг цөхөрч сульдсан нэгэнд Тэр ямар гайхамшигтай хүч чадлыг сэлбэн өгдөг болохыг олж мэдээрэй.


ҮҮДЭН ДЭЭР ЗОГСООД ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ ААВЫГАА ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ. ХЭРВЭЭ ЕСҮС ХРИСТЭД ИТГЭДЭГ БОЛ ТА АЛЬ ХЭДИЙН ХААНЫ ЭЦЭГИЙН ХҮҮХЭД БОЛСОН.