ХЭРХЭН СУУТ УХААНТАН БАЙХ ВЭ?

ХЭРХЭН СУУТ УХААНТАН БАЙХ ВЭ?

Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй. Номлогчийн үгс 9:10

Та хэзээ нэгэн цагт яагаад өөрийнхөө олж байгаагаас илүү орлого олж чадахгүй байгаа тухайгаа эргэцүүлэн бодож үзэж байсан уу? Магадгүй үүний цаана нэг шалтгаан байж болох юм. Суут ухаантан, гоц авъяастнуудыг судалсан судалгаагаараа нэрд гарсан Америкийн нэрт сэтгэл судлаач, Др.Катрин Моррис Кокс суут ухаантнууд зөвхөн оюуны өндөр чадамжтай байгаад зогсохгүй тэдэнд өөр бусад чанарууд ч байдаг тухай өгүүлсэн. Харин тэдгээр чанаруудыг нь жирийн хүмүүс ч өөртөө бий болгох боломжтой гэдгийг тэрээр мөн онцолсон байдаг.
Тэднийг амжилтанд хүрэхэд тусалсан хүчин зүйлсийн нэг нь анхаарал төвлөрөл юм. Др.Коксийн судалгаанаас үзвэл, дэлхийн хамгийн агуу суут хүмүүсийн зарим нь гоц ухаантайдаа биш анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх чадвартайдаа тийм өндөр амжилтанд хүрдэг ажээ.
Өөр нэгэн хүчин зүйл бол бусдын харж чадахгүй байгаа зүйлийг харах чадвар гэж Др.Кокс онцолсон. Нэгэн удаа Микеланжело чулуу бэлтгэх газарт очиж баримал хийхэд нь тохирох чулууг хайж гэнэ. Чулуучид ч түүнд туслахаар хичээсэн ч түүний санаанд нийцэх чулуу олдсонгүй. Гэтэл хүмүүсийн огт тоохгүй байсан нэгэн шавар шороо болсон чулууг Микеланжело олзуурхан сонгож авчээ. “Та арай ийм чулуу хайсан юм биш биз дээ?” гэж хүмүүсийг гайхахад тэрээр “тиймээ” гэж баяртайгаар хариулаад урлан руугаа авч явсан гэдэг. Улмаар тэрхүү чулуугаараа Микеланжело өөрийн алдарт Мосегийн баримлыг бүтээсэн. Үнэхээр Микеланжелод бусдын хараагүйг харж чадах ажигч гярхай чанар байсан. 
Тэгвэл та бид эргэн тойрноо хэр гярхай анзаарч хардаг билээ? Хэрвээ та тийм ч ажигч гярхай хүн биш бол танд энэ чадвараа хөгжүүлэх бүрэн боломж бий. Таны эхнэр эсвэл нөхөр өнөө өглөө гэрээсээ гарахдаа ямар хувцастай гарсан бэ? Бид энэ мэт наад захын зүйлст хүртэл анзааргагүй ханддаг шүү дээ.
Заримдаа хүмүүс нүднийхээ өмнө байгаагаас цаадахыг харж чаддаггүй. Нэг удаа өвөө эмээ хоёр маань шинээр нүүж орсон байшингаа үзүүлэх гэж хараагүй найзаа урьсан тухай аав маань ярьж өгсөн юм. Тэр хүн хэдийгээр хараагүй боловч байшин руу орсон даруйдаа шал болон хивснийх нь талаар сэтгэгдлээ хуваалцаж, ханыг нь тэмтрэн үзэж, байшингийн материалыг өөрийн “үзсэн” бусад байшингуудтай харьцуулан ярьж байсан гэдэг. Тэгвэл бидний хувьд нүдээ ашиглан үүнээс ч илүү зүйлийг хийж чадахгүй гэж үү?
Суут ухаантнуудад түгээмэл ажиглагдаж байсан гурав дахь чанар нь итгэл найдварын хүч хэмээн Др.Кокс тодорхойлсон. Хүүхдүүд аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч, итгэж, дэлхий ертөнцийг өдөр бүр цоо шинэ нүдээр хардаг шүү дээ. Харин томчууд бид дэлхий ертөнцийг ядарсан, харалган нүдээр хардаг.
Есүс нэгэнтээ бяцхан хүүхдийг Өөр дээрээ авч “Та нар энэ хүүхэд шиг болохгүй бол тэнгэрийн улсыг харж чадахгүй” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл бид хүүхэд шиг итгэлтэй, аливааг хүүхэд шиг харахгүй юм бол мөнхийн амьдралыг хүлээн авахгүй гэж хэлсэн.
Анхаарал төвлөрөл, гярхай хараа, итгэл найдвар. Энэ бүх чанарыг эгэл жирийн хүн ч өөртөө бий болгож чадна. Тиймээс ч элч Паул “Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг” гэж хэлсэн. 
Тэгвэл өнөөдөр таны хувьд хийх ёстой тэр ганц зүйл юу вэ? Тэр зүйлийг олж харахад туслаач хэмээн Бурханаас гуйж, өнөөдөр танд хэрэгтэй тэр зүйлийг Бурхан танд өгнө гэдэгт итгэж, өмнөө байгаа тэр л ажилд бүх анхаарлаа хандуулаарай. Энэ бол жинхэнэ суут ухаантнуудын хийдэг зүйл юм шүү. 


АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛ-АЖИГЧ ГЯРХАЙ ЧАНАР-ИТГЭЛ НАЙДВАРЫН ХҮЧ!