НӨХЦӨЛ БАЙДЛАА БУРХАНД ХЭРХЭН ДААТГАХ ВЭ?

НӨХЦӨЛ БАЙДЛАА БУРХАНД ХЭРХЭН ДААТГАХ ВЭ?

“Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм”. 2 Шастир 20:15

Жон Редманы нэгэн үлгэр дээр фермерийн түүх гардаг. Тэр фермер зэргэлдээх хот орж Франц рестораны ахлах тогоочтой уулзжээ. Тэгээд тэдний ресторан руу нэг сая мэлхийн хөл нийлүүлж болох эсэхийг асуув. Ахлах тогооч ч баярлан зөвшөөрч тэр их мэлхийн хөлийг яаж олох гэж байгааг нь асуусан байна. Хариуд нь фермер “Манай гэрийн дэргэдэх цөөрмөөр дүүрэн мэлхий байна. Шөнө бүр унтуулахаа байлаа” гэж хариулж гэнэ. 
Ингээд тэд үнэ ханшаа тохироод ахлах тогооч ч мэлхийн шинэхэн хөл хэзээ ирэх бол хэмээн хүлээж суув. Гэвч хэд хоногийн дараа фермер ердөө дөрөвхөн хөлтэй иржээ. Ичсэндээ нүүр нь улайсан фермер ахлах тогоочид “Миний буруу байжээ. Тэр цөөрөмд ердөө хоёрхон мэлхий байж. Гэхдээ яг сая мэлхий байгаа юм шиг дугардаг байсан юм”  гэж бувтнасан гэдэг. 
Бидний амьдралд стресс яг л ийм мэдрэмжийг төрүүлдэг. Стресстсэн үед өчүүхэн жижиг зүйл ч маш том асуудал мэт санагддаг. Тэгвэл бид стрессийг хэрхэн давж гарах вэ гэдэгт бидний сэтгэл санааны хандлага маш чухал нөлөөтэйг эрүүл мэндийн судалгаанд тодорхой өгүүлсэн байна.
Заримдаа бид яг л тэр фермер шиг хоёрхон бах мэлхийнээс болоод шөнөжин унтаж чадалгүй нойргүй хөрвөөж хонодог. Тэгвэл тэр бүх бах мэлхийг чимээгүй болгоход туслах ганц зүйл бол Бурхан бүхнийг хянаж байгааг гэдэгт итгэх итгэл. Гэхдээ олон тохиолдолд бид өөрийн нөхцөл байдлыг бүхэлд нь Эзэнд өргөхөөс зайлсхийдэг. Бид нөхцөл байдлын хяналтаа алдахаас айдаг. Бид хэдийгээр Бурханы тусламжийг хүсдэг боловч нөгөөтэйгүүр бид нөхцөл байдлаа хяналтаасаа алдах вий гэсэн айдсаасаа болоод Бурханд ажиллах боломжийг олгодоггүй. 
Тэгвэл бид нөхцөл байдлаа хэрхэн Бурханд даатгах вэ? 
Энэ асуултанд хариулахын тулд эхлээд Бурхантай харилцах харилцаагаа эргэж харах шаардлагатай. Маш олон хүн Бурханыг унаж буй онгоцоос үсрэн гарахад нь туслах шүхэр байдлаар хэрэглэхийг хүсдэг. Газарт буусан хойно шүхэр хэрэггүй болдог шиг асуудлаас гарсан хойноо хүмүүс Бурханаас холбоогоо тасалчихаад өөрийнхөө замаар явж оддог. Гэтэл үнэндээ Есүс Христэд итгэгч бидний хувьд түүнд амьдралаа бүрэн даатгаж, Бурханы хүсэл зоригт амьдралаа бүрэн өргөх нь бидний амьдралд аюулгүй байдлын баталгаа болдог. Учир нь бид бүгд Бурханы хүүхдүүд болцгоосон. Үүнийг Библи дээр “дахин төрөх” гэж нэрлэсэн юм.
Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө аварч, өөрсдөдөө тусалж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, Бурханд итгэж найдна гэсэн үг. Харин Бурханд ийнхүү итгэж найдахад саад болдог зүйл бол гэм нүгэл. Бидний зүрх сэтгэлд буй Бурханаас ангид, өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүсэл нь гэм нүгэл. Харин Бурханы өмнө гэм нүглээ гэмшиж, Бурханаас уучлал өршөөлийг эрж, Бурханы өмнө буун өгч, цагаан тугаа өргөн гарч ирэхдээ бид Бурханд бүрэн дүүрэн бууж өгдөг. 
Ингэснээрээ бид Бурханы Хүүг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ болгон хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тэр Аврагч Эзэн бидэнд хэлэхдээ “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй”   (Еврей13:5) хэмээн айлдсан. Энэ нь та амьдралдаа хэзээ ч цор ганцаараа байхгүй гэсэн үг. Ажлын талбар дээрээ ч, гэр бүлдээ ч, хаа явсан газартаа та ганцаараа биш. Энэ итгэл найдвар бидний нуруунаас маш их стрессийг авч хаядаг.   
Мөн та Есүс Христийг амьдралынхаа Эзэн болгон хүлээн зөвшөөрч, Түүнээс мэргэн удирдамжийг гуйж, Түүний заавар зөвлөгөөний дагуу амьдрах учиртай. Тэр цагт та Бурханы амар тайван, Түүний аюулгүй байдал дор алхах болно. 
Есүс Христийг дагагч боллоо гээд энэ нь таны амьдрал дахь бүх стресс дарамтыг үгүй болгочихгүй. Фермерийн амар заяаг үзүүлэхгүй байсан бах мэлхийнүүд шиг таны амьдралд ч бас түвэг болох зүйлс байсаар байх болно. Гэхдээ Бурханы бүхнийг хянаж байгаа гэдэгт итгэх үед бах мэлхийнүүд “дуугаа хураадаг” юм шүү.


БИ ЧАМАЙГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ, МӨН ЧАМАЙГ ХАЯХГҮЙ.