ЗОВЛОНД ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?

ЗОВЛОНД ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?

Дээш үсчих оч адил зовлонгийн төлөө л хүн төрдөг. Иов 5:7

“Миний зовлонг хэн ч ойлгохгүй” гэж нэгэн дууны үг бий. Хэдийгээр бид ийнхүү боддог ч үнэндээ бидний эргэн тойронд байгаа бүх л хүн их бага ямар нэгэн хэмжээгээр бидэнтэй адилхан зовлонг амсаж байдаг.  
Библийн хамгийн эртний түүхүүдийн нэг Иов номд Елифаз “Дээш үсчих оч адил зовлонгийн төлөө л хүн төрдөг” (Иов 5:7) хэмээн өгүүлсэн байдаг. 5000 жилийн өмнө бичигдсэн энэ үгс өнөөдөр ч үнэн хэвээрээ.
Асуудал зовлон бидний амьдралд янз бүрийн байдлаар, янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээр ирдэг. Олон зуун жилийн турш хүмүүс хэрвээ бид сайн байвал, зөвт байвал, ариун байвал зовлонгоос хэлтрүүлэгдэх болно гэж итгэж ирсэн. Гэвч бидний амьдарч байгаа энэ дэлхий ертөнц өөрөө гэм нүгэлд унасан учраас, төгс биш учраас, зовлон шаналлаар дүүрэн учраас бидний амьдралд зовлон бэрхшээл зайлшгүй тулгардаг. Бид сайн муу байхаасаа үл шалтгаалаад амьдралдаа их бага ямар нэгэн хэмжээгээр зовлон бэрхшээлийг туулдаг. Бид хичнээн сайн байгаад ч зовлонгоос бүрэн ангижирч чадахгүй, мөн бид хичнээн муу байсан ч Бурханы тусламжаас ангид хоцрохгүй. Бидний амьдралд зовлон тохиолдох үед бид ихэвчлэн үүний цаад учир шалтгааныг эрэлхийлж “Яагаад, Бурхан минь? Яагаад заавал би гэж?” хэмээн зүрхэндээ хашхирдаг. Гэтэл үнэндээ энэ асуулт нь өөрөө тийм ч зөв асуулт биш. Тэгээд ч буруу асуултын зөв хариулт гэж үгүй.
Артур Аш үүнийг маш сайн ойлгож байсан. Тэрээр зүрхний мэс засалд орсныхоо дараа цусны халдвараас болоод ДОХ-р өвчилсөн. Аш бол шилдэг тамирчин, олонд үлгэр дуурайлал болсон мундаг хүн байв. Тэрээр амьдралдаа амжилт гаргаад зогсохгүй олон хүний амьдралд тус дэм болсоор ирсэн. 
Тэрээр “Хэрвээ би зовлонгоосоо болоод Бурханаас “Яагаад би гэж?” хэмээн асуухдаа тулвал өөрийнхөө хүртсэн ивээл ерөөлийн төлөө ч мөн “Яагаад би гэж?” хэмээн асуух нь шударга хэрэг болно. Би яагаад Уимбелдоны цом хүртсэн юм бэ? Би яагаад ийм сайхан эхнэртэй болсон юм бэ? Би яагаад ийм гайхалтай үр хүүхдүүдтэй болсон юм бэ? гэж асуух ёстой болно” хэмээн хэлсэн байдаг.
Библийн нэрт багш, лектор Стэнли Коллинс ч бас ийм хандлагаар Бурханы өмнө ирсэн байдаг. Тэрээр зүрхний шигдээс болж хэвтрийн дэглэм сахих ёстой болсон. Тэрээр өвчнийхөө улмаас цуцлах шаардлагатай болсон томоохон конференциудаа бодохдоо ихэд харамсаж Бурханы өмнө ирээд “Бурхан минь, яагаад би гэж? Таны төлөө би ямар их зүйл хийлээ дээ?” хэмээн асуун залбирчээ. Харин тэрхэн мөчид Бурхан өөрөөс нь “Яагаад чи биш гэж?” хэмээн асуух шиг болсон гэдэг.

Бид “Яагаад би гэж?” хэмээн асуухын оронд “Яагаад би биш гэж?” хэмээн асуух үедээ Бурханыг дайснаа биш харин анд нөхрөө хэмээн бодож эхэлдэг. Хачирхалтай нь олон хүн зовлон бэрхшээлгүй, за жаргалтай амьдрах үедээ Бурханы тухай огт боддоггүй хэрнээ амьдралд нь хүнд хэцүү асуудал тохиолдох үед Бурханыг ганцхан өөрийг нь онцлон зовоогоод байдаг дайснаа мэт үздэг. 
17-р зууны үеийн агуу номлогчдын нэг Кантербурийн тэргүүн бишоп Жон Тиллостон “Бидний амьдралд тохиолддог зовлон бүр хэдийгээр бидэнд таагүй боловч үнэндээ бидэнд тустай. Учир нь зовлон бидний дотор нуугдаж байсан өвчнийг ил гаргаж, эдгээн илааршуулдаг” гэж бичсэн. Та үүнд итгэж байна уу?
Таны амьдралд тохиолдож буй зовлон бэрхшээлээр дамжуулаад танд ямар сайн зүйл тохиолдож болохыг та бодоод үзээрэй. Зовлон бэрхшээлтэй нүүр тулсан хүмүүс нэг бол үүгээр дамжуулан илүү хүчирхэг болж төлөвшдөг, үгүй бол зүрх сэтгэл нь улам илүү хатуурдаг. Тиймээс ч эш үзүүлэгч Нахум “ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг” (Нахум 1:7) хэмээн тунхагласан.
Хэдийгээр Иов номд өгүүлсэнчлэн хүмүүс бид зовлонгийн төлөө төрдөг боловч энэ зовлон биднийг улам хүчирхэгжүүлдэг. Тиймээс та бодоод үзээрэй. “Яагаад би гэж?” хэмээн асуух уу эсвэл “Яагаад би биш гэж?” хэмээн асуухад хэзээ ч оройтохгүй шүү. 


ЗОВЛОН ЗҮДГҮҮР НЬ ТЭВЧЭЭРИЙГ, ТЭВЧЭЭР НЬ ТУРШЛАГАТАЙ БАЙХЫГ, ТУРШЛАГАТАЙ БАЙХ НЬ НАЙДВАРЫГ ТӨРҮҮЛДЭГ.