ӨВДӨЛТИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

ӨВДӨЛТИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

“Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” (2 Коринт 12:9).

Францын нэрт зураач Пьиер Август Рено үе мөчний өвчин тусаж гараа ч хөдөлгөж чадахгүй болжээ. Түүний гар аажим аажмаар муруйж тахийн зураг зурах нь бүү хэл, бийр барих төдийд үе мөч нь маш их өвддөг болов. Цоо эрүүл байснаа энэ өвчнөөс болоод үе мөчөө хөдөлгөж ч чадахаа больж байсан хүмүүс Реногийн зовлонг маш сайн ойлгоно. Гэхдээ Реногийн үе мөчний өвчин маш хүнд байсан учир олон давхар аспирин уугаад ч зүгээр болдоггүй байжээ. Эцэст нь тэрээр зогсож чадахгүйд хүрч тэргэнцэр дээр суудаг болсон бөгөөд зургаа зурахын тулд зургийн тавиураа ч өөртөө тааруулан доошлуулах шаардлагатай болов. 
Нэг удаа түүний уран бүтээлийн анд Хенри Матисс Рено дээр зочлон очоод түүнийг зургаа хэрхэн зурж байгааг харжээ. Гэтэл Рено хэдийгээр тэсэхийн аргагүй өвдөж байсан ч бийрээ барьж маш нарийн чимхлүүр зураасуудыг ямар ч алдаагүйгээр зурж байжээ. Гайхаж хоцорсон Матисс өндөр настай болсон Реногоос “Ингэж их өвдөж байхад та яагаад заавал зураг зураад байдаг юм бэ?” гэж асуухад нь “Өвдөлт арилдаг юм. Харин үзэсгэлэн гоо нь үлддэг” гэж хариулсан гэдэг. Үнэхээр Рено, Матисс болон тэдний үеийнхэн улиран одсон. Реног зовоож байсан өвчин ч үгүй болсон. Харин түүний үзэсгэлэнт бүтээлүүд одоо ч хэвээрээ. 
Өвдөлт гэдэг үнэндээ хачирхалтай зүйл. Бид үүнээс хол байх гэж байдгаараа хичээж, эмчтэй нөхөрлөж, Бурханаас гуйн залбирдаг. Бид шүдээ үзүүлэхдээ ч бага өвтгөдөг эмчийг сонгодог. Бид эмчээс “Өвдөх болов уу?” гэж асуудаг. Би хувьдаа Филип Янсейтай огт уулзаж байгаагүй ч номуудыг нь унших дуртай. Тэрээр амьдралын хүнд хэцүү асуудлуудын талаар ил шулуухан хэлдгээрээ онцгой. Тэрээр “Булгилан шаналах үед Бурхан хаана байдаг вэ?” хэмээх номдоо “Итгэгчид өвдөлтийг хэрхэн тайлбарлахаа үнэндээ мэддэггүй. Хэрвээ та тэднийг буланд шахаад, гарцаагүй байдалд оруулаад асуух юм бол ихэнх итгэгчид өвдөлт бол Бурханы алдаа гэж боддогоо хүлээн зөвшөөрөх болно. “Энэ дэлхийн аюул заналыг бидэнд анхааруулах илүү дээр арга замыг Бурхан бодож олох хэрэгтэй байсан юм” гэж боддогоо хүлээх болно” гэсэн байдаг. 
Тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдрэх үедээ бид тухайн өвдөлт бидэнд ямар ашиг тустайг тэр бүр анзаардаггүй. Ийм зүйлийг бидэнд зөвшөөрснийх нь төлөө Бурханд уурлан бухимддаг. Эсвэл өөрсдийнхөө гаргасан алдааны төлөө шийтгэл амсаж байна хэмээн бодож өөрийгөө буруутган зэмлэдэг. Эцэст нь бид өвдөлтөөс ангижрах арга замыг эрэлхийлж, энэ өвдөлт зовлон дунд Бурхан бидэнтэй уулзах юм биш байгаа хэмээн хүлээдэг.
Би ч гэсэн хувьдаа өвдөлт зовлонг маш сайн мэднэ. Зарим хүмүүсийн амссан шиг сар жилээр үргэлжилсэн өвдөлтийг би туулж үзээгүй л дээ. Гэхдээ өөрөө ч өвдөж шаналж явсан, онцгойлоод өвдөн шаналж байгаа тоо томшгүй олон хүний дэргэд хамт байж үзсэн. Харин энэ бүх туршлагаасаа нэг сонирхолтой зүйлийг ажигласан минь хүмүүс өвдөлтийн өмнө огт тааварлахын аргагүй хариу үйлдэл гаргадаг. Тэр бүр хүчтэй юм шиг харагддаггүй хүмүүс өвдөлттэй нүүр тулах үедээ сүнсээр маш хүчтэй байдгийг та мэдэх үү? Гэтэл зовлон бэрхшээлийг давгүй даваад гарчих байх гэж бодсон хүмүүс илүү сул дорой болж, хахир хатуу нэгэн болж хувирахыг та харж байв уу? 
Өвчин зовлонгоос болоод шаналж буй хүмүүсийг тайтгаруулах хариултыг эрж хайсан боловч үнэндээ бидний өвдөлт зовлонг нимгэрүүлэх ямар нэгэн шидэт томъёо байхгүй. Гэхдээ өвдөлтийг амжилттай даван туулсан хүмүүсээс миний олж харсан түгээмэл чанар бол тэд Бурханы үгээс зуурч байсан явдал. Тэд өвдөлт зовлон дундаа Бурханы амлалтуудаас зуурч, тэр л хүнд хэцүү цаг үедээ Есүс Христтэй уулзаж, Түүнд улам илүү ойртохыг хичээж байсныг би хардаг. Учир нь Бурхан бидэнд айлдахдаа “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” (Еврей 13:5) гэж айлдсан. Тиймээс бид ч бас итгэлтэйгээр “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” (Еврей 13:6) хэмээн тунхаглаж чадах юм. Та хаана ч байсан, таны амьдралд юу ч тохиолдож байсан Бурхан тантай уулзаж, таны хамгийн гүн гүнзгий хэрэгцээг дүүргэн хангах болтугай. 


ЕСҮС ТАНЫ МЭДЭРЧ БУЙ БҮХНИЙГ АМСАЖ МЭДЭРСЭН.