ХАРУУСАЛ ДАГУУЛАХ ҮГС

ХАРУУСАЛ ДАГУУЛАХ ҮГС

“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно”. (1 Иохан 3:1-2).

Өсвөр насны хүүхэд чинь танаас болон Бурханаас нүүр буруулан “төөрсөн хүүгийн зам”-аар замнах үе танд тохиолдож байв уу? Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ түлхэлгүйгээр буруу үйлдлийг нь түлхэх боломжтой юу? Энэ нь боломжтой төдийгүй, бидний зайлшгүй хийх ёстой алхам. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт эцэг эхчүүд бид “Хүү минь, би чамд хайртай. Гэхдээ чиний хийж байгаа үйлдэл чинь маш буруу байна” гэж хайр дотроос хэлэх цаг ирнэ. Энэ тохиолдолд бид хүнийг нь түлхэлгүйгээр үйлдлийг нь түлхэх ёстой. 
Гэтэл нэгэн эцэг үүнээс өөр алхмыг хийжээ. Хүү нь тамхи татаж эхлэх үед гурван хүүгээ хатуу сахилга батаар хүмүүжүүлж ирсэн тэр эцэг хүүдээ “Чи нэг бол тамхи татахаа боль эсвэл манай гэрээс зайл” гэж тушаав.
Энэ мэт хатуу тулгалт маш аюултай. Бид “Чи ингэ эс тэгвэл би ингэнэ” гэх хатуу шугам татдаг. “Энэ шугамыг даваад үзээрэй” гэж бид хатуурхдаг. Гэтэл өөрийгөө төлөвшсөн гэж бодож байгаа (үнэн хэрэгтээ огтхон ч төлөвшиж амжаагүй) өсвөр насныханд ийнхүү хатуу сонголт тулгах нь яг л улайрсан бухны өмнө улаан туг намируулахтай адил. Энэ тохиолдолд тэд юу ч бодолгүйгээр “Тэг л дээ, яахыг чинь харъя” гэж зөрүүдэлдэг. 
Тэгээд тэр хүү гэрээсээ явсан. Очих газар байхгүй учир зогсоол дээрх машины арын суудал дээр хоног төөрүүлэх болжээ. Гэвч түүнийг цагдаа олж нэг бол гудамжнаас явах эсвэл шоронд хоригдох дээрээ тулав. Нэгэнт мөнгөгүй, очих газаргүй болсон хүү хар тамхи зардаг “гарууд”-тай холбогдож гудамжинд өвс зарах болсон. Төд удалгүй хүү хар тамхи хэрэглэдэг болж, аав нь алдаагаа ухаарах үед хүү аль хэдийн героинд гүн орсон байжээ.
Зарим тохиолдол нөхцөл байдал биднээс уур бухимдал биш харин хайр энэрлийг шаарддаг. Бид хүүхдүүддээ “Одоо хангалттай. Чиний хийж байгаа үйдлэл буруу. Чамд тусламж хэрэгтэй болсон байна. Тиймээс энэ үйлдлээсээ салахад чинь би чамд туслах болно” гэж хэлэх хэрэгтэй. Энэ бол хайр. Мэдээж амаргүй ч хүүхдийнхээ төлөө үүнийг хийх л хэрэгтэй. Тиймээс та дараагийн удаа хүүхэддээ “Чи үүнийг хий. Эсвэл...” гэж хэлэхээсээ өмнө сайтар бодож залбираарай. Үүнээс илүү дээр арга зам байгаа эсэхийг эргэцүүлэн бодоорой.
Нөхцөл болзолгүй хайр гэдэг бол Бурханы биднийг хайрласан хайр. Чухамдаа энэ л хайраар бид гэр бүл, үр хүүхдүүдээ хайрлах учиртай. Бид тэднийг хувь хүнийх нь хувьд нөхцөл болзолгүйгээр хүлээн авч, харин буруу үйлдлийг нь зэмлэн буруутгах ёстой. Нөхцөл болзолгүй хайрын өөр нэгэн чанар бол уучлал өршөөл билээ. Энэ нь цаад хүнээ итгэл найдвар, урам зориг, өөрийгөө хүлээн зөвшөөрөх алхам руу хөтөлдөг.
Паул бичихдээ “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд” (Ефес 4:32) хэмээсэн. Бурхан биднийг уучилсан нь биднийг хайрласан Бурхан Эцэгийн хайрын илэрхийлэл. Уучлал өршөөл гэдэг бол бидний хүлээн авах ёстой шан харамж бишээ. Харин хайраас урган гарсан үнэгүй бэлэг. 
Та бид Бурханы уучлалыг хүртэх эрхгүй байсан ч уучлалыг хүртсэн шиг бид ч бас хөвгүүд охидоо алдаа гаргах үед нь уучлан өршөөх учиртай. Гэтэл амьдралын тулаанд унаж бүдрээд, шархдаад ирсэн үр хүүхдээ хайр найргүй “буудаж” орхидог. Тэдний үйлдсэн буруу үйлдлүүдээс болоод бид эвгүй байдалд орон нэр нүүрээ барж үүнээсээ болоод бидний туслалцаа, уужуу ухаан хамгийн их хэрэгтэй тэр цагт нь үр хүүхдүүддээ туслахын оронд түлхчихдэг.


ГЭТЭЛ БИДНИЙГ НҮГЭЛТНҮҮД БАЙХЫН Л ХРИСТ БИДНИЙ ТӨЛӨӨ ҮХСЭНЭЭР БУРХАН БИДНИЙГ ХАЙРЛАХ ХАЙРАА ХАРУУЛСАН.