УХААЛАГ АЮУЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ

УХААЛАГ АЮУЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ

“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”. Иаков 1:5

Коллежийн профессор оюутнууддаа зөв сайн шийдвэр гаргахын тулд эхлээд нөхцөл байдлыг үнэлж дүгнэж сурах ёстой гэж заажээ. Үүнийгээ тайлбарлахын тулд чөлөөт цагаараа ачааны машин жолоодож цагийн ажил хийдэг нэг оюутнаа дуудаад дараах нөхцөл байдалд ямар шийдвэр гаргахыг асуужээ. “Чи дүүрэн ачаатай ачааны машинтай эгц уруу замаар явна гэж бодъё. Чиний явж байгаа замын баруун талд 100 гаруй метр эгц гуу жалга харин зүүн талд чинь эгц босоо хад байгаа. Хэдэн зуун метрийн цаана өөр нэгэн ачааны машин чамайг чиглээд явж байна. Гэтэл гэнэт нэг жижиг тэрэг чам руу ирж явсан ачааны машиныг гүйцэж түрүүлээд чиний яг эгц урд гараад ирлээ гэж бодъё. Чи яаран тормозоо гишгэсэн ч тормоз ажилладаггүй. Чамд шийдвэр гаргах гурван секунд байна. Энэ тохиолдолд чи ямар алхам хийх вэ?” гэж асуув. 
Оюутан хариуд нь “Амархан юм байна. Би Биллийг сэрээх байсан” гэж хариулж. Гайхсан профессор нь “Билл гэж хэн бэ?” гэж асуув. Нөгөө залуу “Аан, Билл бол миний сэлгээний жолооч. Би Биллийг сэрээж удахгүй болох ослыг харуулна. Яагаад гэвэл Билл өмнө нь ийм осол ерөөсөө харж байгаагүй” гэж хариулсан гэдэг.  
Тэгвэл таны хувьд та ухаалаг, аюулгүй шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? Эрсдлээс айлгүй зоригтой алхам хийдэг үү? Эсвэл аяндаа гайгүй болох байх гээд эцсийг нь хүртэл хүлээдэг үү? Эсвэл зүгээр залбираад л орхидог уу?
Гаргахад хэцүү шийдвэртэй нүүр тулна гэдэг хэцүү. Гэхдээ бид заримдаа гарцаагүй ийм байдалд ордог. Би хуримтлуулсан мөнгөөрөө хувьцаа авах уу, гудсан доороо хадгалах уу? Шинэ бизнес эхлэх үү, болих уу? Энэ хүн миний насан туршийн хань болж чадах уу, үгүй болов уу? Би энэ үнэнийг даргадаа хэлэх үү, болих уу? Энэ мэт асуултуудтай бид бүгд л эрт орой хэзээ нэгэн цагт тулгарна.
Германы илгээлтийн эзэн Жорж Мюллер бол Английн өнчин хүүхдүүдийг асрах газарт гайхамшигтай үйлчилж бүх амьдралаа тэдгээр хүүхдүүдийн төлөө зориулсан нэгэн. Тэгвэл Мюллерийн хүч түүний залбиралд оршиж байсан гэж хүмүүс үздэг. Тэр хэзээ ч олны  өмнө хандив тусламж хүсэж байгаагүй гэдэг. Тэрээр чухал шийдвэр гаргахын өмнө бал цаас гаргаж, цаасныхаа дундуур зураас татаад тухайн шийдвэрийнхээ давуу болон сул талуудыг жагсаан бичдэг байжээ. Тэгээд дараа нь тэрхүү шийдвэрийнхээ дагуу залбирч, сайтар тунгаан бодсоны эцэст давуу тал ихтэй гэж үзсэн шийдвэрээ гаргадаг байв. Шийдвэрээ нэгэнт гаргасан бол хэзээ ч эргэж буцдаггүй байсан гэдэг. 
Зан чанарын судалгааны институцийн эрдэмтэн Др.Барри Любеткин шийдвэр гаргахаасаа өмнө түүнийхээ давуу болон сул талуудыг жагсааж тэдгээрийг нэгээс таван оноогоор үнэлж дүгнэхийг санал болгосон. Дараа нь тухайн шийдвэр тус бүрийнхээ үр дагаврыг нэг бүрчлэн тооцож үзэх ёстой. Гэтэл бид заримдаа шийдвэр гаргахдаа ямар үр дагавар гарах бол гэж төдийлөн бодож үздэггүй, заримдаа бүр бодохыг ч хүсдэггүй. Ихэвчлэн хамгийн сайн үр дүн ирэх байх гэж найдаад “харанхуй” үйлддэг.
Нөгөөтэйгүүр бид бусдын зөвлөгөөг сонсох нь маш чухал. Итгэлтэй, үнэнч шударга, туршлагатай, ухаалаг нэгэнтэй гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар ярилцаж, зөвлөлдөж, учирч болох үр дагаврыг тооцож үзэх нь таныг алдаа гаргахаас хамгаална. 
Эцэст нь чин сэтгэлийн залбирлаар дамжуулан шийдвэр гаргахдаа Бурханыг оролцуулах нь хамгийн чухал. Учир нь Бурхан ирээдүйг мэддэг. Бид Бурханд итгэж найдах үед Тэр биднийг хамгийн сайн замаар хөтлөн дагуулдаг. 


“БҮХ ЗҮРХЭЭРЭЭ ЭЗЭНД ИТГЭ БҮҮ ТҮШИГЛЭ, ӨӨРИЙНХӨӨ ОЙЛГОЛТОД. ТҮҮНИЙГ МЭДЭХЭД ЗАМ БҮХЭН ЧИНЬ БАЙГ ТЭРЭЭР ЗАМ ХАРГУЙГ ЧИНЬ ШУЛУУТГАНА” СУРГААЛ ҮГС 3:5-6