БУЛААГДАШГҮЙ НАЙДВАР

БУЛААГДАШГҮЙ НАЙДВАР

“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна”. Иеремиа 29:11

Грекийн гүн ухааны эцгүүдийн нэг гэгддэг Талес “Найдвар гэдэг бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан зүйл. Учир нь бүхнээ алдсан хүний дотор ч найдвар оршсоор байдаг” гэж хэлсэн.
Өнөөдөр маш олон хүн гутрал, цөхрөл дунд амьдарч байна. Тэд итгэл найдварын уг үндэс болсон Нэгэн буюу Бурханаас ангид амьдарч байгаа учраас тэр. Итгэгч хүмүүсийн хувьд итгэл найдвар нь Есүс Христэд оршдог. Тэр бидэнд мөнх амийн найдварыг өгдөг. Энэ л итгэл найдвар бидэнд энэ амьдралд мөнгөний төлөө зүтгэхээс илүү утга учиртай зүйл бийг сануулдаг. Найдвар нь итгэлээс бий болдог. Хүний биед хоол хүнс, ус агаар ямар хэрэгтэй байдаг шиг түүний сүнсэнд найдвар мөн тийм чухал. Найдвар үгүй бол амьдрах шалтгаан үгүй.
Нэрт сэтгэл судлаач, Др.Карл Меннингер найдвар бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг, бидний сэтгэл санаа, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар онцгойлон судалсан. Хүмүүс итгэл, хайр зэрэг чанаруудад их анхаардаг боловч найдвар ч бас эдгээрээс дутахааргүй чухал гэдгийг тэрээр онцолсон.  
Корнеллийн их сургуулийн анагаахын тэнхимийн профессор Др.Харолд Ж.Вольф Дэлхийн II дайны үед бөөнөөр нь хорих лагераас амьд гарсан хүмүүсийн амьд үлдэж чадсан шалтгааныг нарийвчлан судалжээ. “Найдвар бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?” хэмээх нийтлэлдээ Др.Вольф “Бөөнөөр хорих лагераас амьд үлдсэн хүмүүс бүгд нийгмийн өндөр идэвхитэй иргэд болон хувирсан нь бидэнд нэгийг өгүүлж байна. Хэдийгээр тэд амьдралдаа аймшигтай зовлон шаналлыг амссан боловч тэд энэ бүхнийг амьдралын түрхэн зуурын бартаа саад мэтээр хүлээн авч даван гарч чаджээ. Тэд энэ бүхнийг амьд мэнд даван гарч чадна хэмээн итгэж, удахгүй суллагдана гэсэн найдвараар дүүрэн амьдарч байжээ. Эдгээр хүмүүс нь хоригдлуудын дунд санаа нийлсэн амь нэгтэй хамт олныг бий болгож, бие биедээ тусалж, бие биедээ итгэж тэр бүү хэл зовлон дунд ч хамтдаа баярлан хөөрч чаддаг байв. Тэдгээр хүмүүс суллагдах үедээ бараг бүгд цоо эрүүл байсан бөгөөд хэдийгээр ядарч туйлдсан байсан ч сэтгэл санааны хувьд өөдрөг эрч хүчтэй байжээ. Товчхондоо бол шоронгийн нөхцөл байдал хэдийгээр аюултай, хүнд хэцүү, аймшигтай байсан боловч итгэл найдвараа алдаагүй хүмүүсийн хувьд тэд хүний хэрээс хэтийдсэн ачаа дарамтыг ч даван гарч итгэл найдвар, зорилго чиглэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ огтхон ч алдалгүй явсаар иржээ” хэмээн дүгнэжээ. 
Хорих лагерьт хоригдогсдын талаар судалж байсан өөр нэг эрдэмтэн бол Др.Виктор Франкл. Др.Виктор Франкл еврей хүн байсан бөгөөд өөрөө бөөнөөр хорих лагерт хоригдож байжээ. Тэрээр Бурханд бат итгэж найдаж байгаа хүний итгэл найдвар ямар ч үед булаагдашгүй, ялагдашгүй байж чаддагийг өөрийн нүдээр үзсэн гэдэг.  
Хоригдлуудыг амьд үлдэхэд найдвар хэрхэн амин чухал хүчин зүйл болж байсан талаар Др.Франкл өгүүлэхдээ “... Бурханд итгэж найддаг хүмүүс Аушвицийн хорт хийгээр утах өрөө рүү Эзэний заасан гуйлтыг залбирсаар, тэргүүнээ өргөн алхан орж байхыг би харсан” гэж бичсэн.
Найдвар бол Бурханаас бидэнд өгөгдсөн сүнсний хуяг дуулга. Энэ нь дэлхий ертөнцийг бүхэлд нь хүн төрөлхтөн биш, харин төгс хүчит Бурхан удирдан захирдаг гэсэн итгэл үнэмшилтэй шууд холбоотой.


БУРХАН БҮХНЭЭС ДЭЭГҮҮР ОРШИГЧ НЭГЭН БӨГӨӨД ХҮМҮҮСИЙН ХИЙЖ ЧАДАХААС Ч ИЛҮҮ АГУУГ ХИЙЖ ЧАДДАГ, БИДНИЙ ХУВЬ ТАВИЛАН БУРХАНЫ МУТАРТ АТГААСТАЙ БУЙ ГЭДЭГТ ИТГЭХ ТЭР Л ИТГЭЛЭЭС ЭНЭХҮҮ БУЛААГДАШГҮЙ НАЙДВАР БИЙ БОЛДОГ.