НАЙДВАРЫН ХҮЧ

НАЙДВАРЫН ХҮЧ

Харин ЭЗЭНд итгэдэг, ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ! Иеремиа 17:7 

Энэ зүйл дэлхийн томоохон хотуудад өдөр бүр тохиолддог. Замаар хурдтай давхих жижиг тэрэг, гэнэтхэн зам дээр нь хөндөлсөн гарч ирэх өөр нэгэн машин. Огцом тормоз гишгэхэд дугуй хар зам татуулан зам дээгүүр гулсана. Гэвч бүх зүйл оройтсон байна. Хоёр машин мөргөлдөж, төмөр харших, шил хагарах, өвдөлтдөө ёолох орь дуу сонсогдоно. Гэмтэж шархадсан жолоочийг машинаас гаргахад удалгүй түргэний тэрэг дохиогоо хангинуулсаар ирнэ. Осолд орж ухаангүй хэвтэх хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлгийн хүлээн авахаас тэднийг шууд мэс заслын өрөө рүү шилжүүлнэ.
Хэдэн хормын дараа осолд орсон хүний ар гэрийнхэн эмнэлэгт ирж амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хайртай хүнийхээ төлөө сэтгэл түгшин холхино. Эцэст эмч ирж гэр бүлийнхэнтэй нь уулзахад бүгд л юу ч бодолгүйгээр “Эмчээ, найдвар байгаа юу? Найдвар байна уу?” гэж асуудаг. 
Тэгвэл олон зуун жилийн өмнө Библид “...амьд байгсдад найдлага бий...” (Номлогчийн үгс 9:4) хэмээн бичигдсэн. Биед агаар ус, хоол хүнс хэрэгтэй байдгийн адил бидний сүнсэнд ч итгэл найдвар хэрэгтэй. Коринтын итгэгчдэд хандан бичихдээ Паул “Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг” хэмээн бичсэн. Тэгвэл эдүгээ 21-р зуунд ч Паул адил энэ л үгээ хэлэх байсан байх.  
Нэгэн уурхайчин эр ослоос болоод газар доор гацаж орхиж. Түүний хувьд тэр өдөр жирийн л нэг өдөр байв. Газрын гүн рүү орно гэдэг бол уурхайчин хүний хувьд өдөр бүр хийдэг ажил нь. Гэвч үдээс хойш тэрхүү уурхайд осол гарч дэлбэрэлт үүссэнээс түүний байсан газарт битүү шороо тоос босож, бэхэлгээний гуйлангууд шүдэнзийн мод шиг хугарч орхисон байна. Тэрээр нурангид дарагдаж хөдөлж чадахааргүй болсон ч амьсгалах боломжтой хэвээрээ байв. Нуранги дундаас гарч чадалгүй хэдэн цаг болсны эцэст дээхнэ талд хүрзээр газар ухах чимээ сонсогдлоо. 
Тэд үе үе газар ухахаа зогсоож уурхайчныг нэрээр нь дуудаж, газарт чихээ наан чагнаж байв. Гэтэл тэдний чихэнд хэн нэгэн хуруугаараа давтамжтайгаар ямар нэгэн зүйлийг цохих чимээ сонсогдсон байна. Тэд ч анхааралтай сонсож эхлэв. “Энэ чинь Морз код байна” гэж нэг нь дуу алджээ. Хэдийгээр нурангид дарагдсан уурхайчин дуу гаргаж чадахгүй байсан ч хуруугаараа Морзын дохиогоор “Найдвар... байна уу?” гэсэн үгийг илгээж байв. 
Өнөөдөр маш олон хүн нөхцөл байдлаасаа болоод эсвэл тодорхойгүй ирээдүйгээсээ болоод өөрсдөд нь найдвар байна уу хэмээн толгой сэгсэрч сууна. Тэр ч бүү хэл хүн төрөлхтөнд ер нь найдвар байна уу? гэж халаглах хүн олон. Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг шийдэхээр техник технологийг хөгжүүлсэн ч тэр нь тус болсонгүй.  
Шинжлэх ухаан технологийн дэвшил хүн төрөлхтний түүхэнд байгаагүй аймшигтай зэвсгүүдийг ч мөн бүтээсэн. Цөмийн зэвсгээр хүмүүс дайтаж эхэлбэл энэ дэлхий дээр амьд амьтан үлдэхгүйг бид бүгд мэднэ. Цаашилбал хүнсний хомсдол, эдийн засгийн хямрал, байгалийн бохирдол гээд үй олон саад бэрхшээл хүн төрөлхтний өмнө тулгараад байна. Өнөөдөр хүмүүс газрын тос, байгалийн баялгаа барж дуусгахаар шунахайран зүтгэсээр байна.
Энэ бүх нөхцөл байдалд бид хаанаас найдвар эрэх бэ? Москва, Бээжин, Женев, Бонн, Вашингтоноос уу? Эсвэл Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уу? Үгүй! Энэ дэлхийг аврах хүч, энэ дэлхийд итгэл найдварыг дүүргэж өгөх хүч Бурханаас өөр хэнд ч байхгүй. 
Олон зуун жилийн өмнө эш үзүүлэгч Иеремиа “Харин ЭЗЭНд итгэдэг, ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ! (Иеремиа 17:7) хэмээн хэлсэн. Библийн үгс болон хүмүүс бидний мэдэх сүүлийн 5000 жилийн түүх Бурханаас өөр хэн ч энэ дэлхийг аварч, энэ дэлхийд итгэл найдвар өгч чадахгүй гэдгийг бэлээхэн гэрчилж байна.
Үнэхээр Бурхантай хамт байгаа хүний амьдрал өөрчлөгдөж, Бурхантай хамт байгаа хүний амьдралд итгэл найдвар хэзээ ч тасардаггүй. Бурханд итгэх итгэл бидэнд ирээдүйгээ гэрэлтэйгээр харах найдварын үүдийг нээж өгдөг. Тийнхүү бидний амьдрал утга учиртай, үнэ цэнэтэй болдог.


ТА БУРХАНД ИТГЭЖ НАЙДАН, АМЬДРАЛАА ТҮҮГЭЭР ДҮҮРГЭМЭЭР БАЙНА УУ?