ӨДӨР ТУТМЫН ЭР ЗОРИГ

ӨДӨР ТУТМЫН ЭР ЗОРИГ

Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ. Естер 4:16

Дороти Бернард “Эр зориг гэдэг бол айсан үедээ залбирахын нэр” гэж хэлсэн. Тэгвэл өөр нэгэн мэргэн хүн “Нэг удаа амь насаа эрсдэлд оруулахаас өдөр тутмын ажлаа итгэмжтэйгээр хийхэд илүү эр зориг шаардагддаг” гэж хэлжээ. Та үүнтэй санал нийлэх үү? Тийм ээ, шатаж буй байшин руу гүйн орж үхлийн аюулаас бяцхан хүүхдийн амийг аврах нь нэг хэрэг. Харин өвчтэй нөхрөө сар жилээр асарч, гэр бүлээ тэжээхийн тулд давхар ажил хийн борви бохисхийлгүй зүтгэхэд ч мөн үүнээс дутуугүй эр зориг шаардлагатай.
“Миний асуудал үнэхээр барагдахгүй юм”, “Би цаашид тэсч чадахгүй нь”, “Надад болих, энэ ажлаа орхих, өөр ажил хийх зориг байсан ч болоосой”... 
Др.Ролло Мэй “Шинийг бүтээх эр зориг” хэмээх номдоо “Эр зориг гэдэг нь урам хугарахгүй, сэтгэлээр унахгүй байх биш харин сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохсон ч урагш алхсаар байхын нэр” хэмээн тодорхойлсон. Бидний өдөр тутмын амьдралд эр зориг, урагш алхах урам зориг хамгийн их хэрэгтэй. Чухамдаа энэ л тал дээр бидэнд Бурханы нигүүлсэл өдрөөс өдөрт улам илүү хэрэгтэй болдог.
Бид эр зоригтой хүмүүс гэхээр Библийн агуу баатруудыг боддог. Итгэл үнэмшлээсээ ухрахын оронд арслантай нүхэнд хаягдахыг илүүд үзсэн Даниелыг санадаг. Аварга биет Голиаттай тулалдахаар гарсан Давид хүү санаанд ордог. Ард түмнийхээ төлөө амь насаа эрсдэлд оруулсан Естерийг боддог. Гэхдээ олон тохиолдолд эдгээр хүмүүсийн түүх бидэнд урам зориг өгөхөөс илүү зоригийг маань мохоодог. “Би ямар Естер биш”, “Би ямар Библи дээр гардаг итгэлийн супер баатруудын нэг биш” гэж өөрсдийгөө голдог. 
Үнэндээ бидний өмнө тулгараад буй бэрхшээл гол асуудал болдоггүй. Харин бэрхшээлд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь л бидний гол асуудал. Хэрвээ та зөвхөн өөрт буй хүч чадалдаа л найдвал эцэстээ гарцаагүй цөхөрнө. Харин хүч чадал, нөөц бололцоо нь биднээс биш Бурханаас гэдэгт итгэвэл тэрхүү итгэл найдвараар урагш алхдаг. Энэ бол Бурханд итгэх итгэлээс үүдэлтэй эр зориг. Бидэнд ийм итгэл байгаа цагт урд маань юу ч тулгарсан урагш алхдаг. Энэ л итгэлээр өрх толгойлсон эх маргаашийг итгэлтэй угтаж чаддаг. Ийм л итгэлээр бид хүнд хэцүү асуудлыг даван туулж урагшилдаг.
600 жилийн өмнө Томас Кемпис хүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийн тухай өгүүлэхдээ “Бидний амьдралд үе үе зовлон бэрхшээл нүүрлэж байх нь бидэнд сайн. Яагаад гэхээр тэдгээр нь энэ дэлхий бидний үүрдийн орон гэр биш болохыг сануулдаг. Зовлон бэрхшээл биднийг энэ дэлхийн зүйлст итгэж найдах хэрэггүйг ухааруулдаг. Бидний хүсэл зориг, хүч чадал зовлон бэрхшээлийн өмнө мөхөсдөхөд Бурханаас илүү бидэнд хэрэгтэй Нэгэн үгүй болохыг ухаардаг” хэмээсэн. 
Хоромхон зуурын эрсдэлд баатарлаг алхам хийхээс илүүгээр өдөр тутмын амьдралдаа итгэмжтэйгээр урагшлах нь биднээс их зориг тэвчээрийг шаардаж байдаг. Хүнд хэцүү зовлон дунд үл шантран урагш алхдаг хүмүүс л жинхэнэ нэр нь үл мэдэгдэх баатрууд, эр зоригтнууд билээ.


“УРАГШ ДАВШ. УРДАХ ЗАМЫГ ЧИНЬ МАНАН БУДАН ХАЛХАЛСАН Ч, ЭРГЭЛЗЭЭ ТЭЭНЭГЭЛЗЛИЙН ҮҮЛ НӨМӨРСӨН Ч УРАГШ ДАВШ. УЧИР НЬ УДАХГҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭ ДҮҮРЭН ӨДӨР ИРНЭ. УРАГШ ДАВШ. АМЬДРАЛЫГ ЧИНЬ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ДАЙРСАН Ч, ӨДӨР ХОНОГУУД ДУУСАШГҮЙ УРТ МЭТ САНАГДСАН Ч УРАГШ ДАВШ. УЧИР НЬ ИТГЭЛ НАЙДВАР ЗОВЛОН БЭРХШЭЭЛИЙГ ЯЛАН ДИЙЛДЭГ. НАЙДСААР БАЙ. ТУЛААНД ЯЛАГДАЖ, САЛХИ ШУУРГАНД АВТСАН МЭТ САНАГДАВЧ ИТГЭСЭЭР БАЙ. СЭТГЭЛЭЭ ХАТАМЖИЛЖ БУРХАН ОЙР БУЙГ МЭД.” ГРЕНВИЛ КЛЕЙСЕР