ЭР ЗОРИГИЙН ЭРЭЛД

ЭР ЗОРИГИЙН ЭРЭЛД

Тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үйлдэж байлаа. Шүүгчид 21:25 

Оросын зохиолч, түүхч Александр Солзеницин “Сүнслэг байдал хийгээд ёс суртахууны уналт нь аймхай хулчгар, эр зориггүй байдлаар илэрдэг” гэдэгт хатуу итгэдэг байжээ. Тэрээр Нобелын шагнал гардан авах үеэрээ “Эр зориг гэдэг энэ чухал чанар Барууныхны дунд улам бүр алдагдсаар байна. Барууны ертөнц иргэний эр зоригоо алджээ... улс орон бүр, засгийн газар бүр, улс төрийн нам бүр, тэр бүү хэл Нэгдсэн үндэстний байгууллага ч ялгаагүй эр зориг гэдэг эрхэм чанараа алдсаар байна” хэмээн хэлсэн.
Үнэхээр өнөөдөр эр зориг гэдэг ховор чанаруудын нэг болж хувираад байна. Спектатор хэмээх Британийн сэтгүүлд Европын 17 орноос авсан судалгааг нийтэлжээ. Тэрхүү судалгаанаас үзвэл нийт Европчуудын ердөө 40 хувь нь л эх орноо хамгаалахын тулд тулалдахаас буцахгүй гэсэн саналыг өгсөн. Гэвч дайн тулааны цагт эр зоригоороо шалгарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс олноороо төрөн гардаг.
Вьетнамын дайны үед эр зоригоороо алдаршсан нэгэн эрхэм бол АНУ-ын сенатор асан Жон ЖкКейн юм. Тэрээр “Америкийн хамгийн эр зоригтой хүн” гэгддэг байв. Тэрээр Ханойд үүрэг гүйцэтгэж яваад онгоцтойгоо дайсны суманд оногдож дайсандаа баригдаад таван жил хагасын хугацаанд хүнд нөхцөлд шоронд хоригджээ. Ингэхдээ хоёр жилийг ганцаарчлан хорих өрөөнд өнгөрүүлсэн. Түүнийг АНУ-ын адмиралуудын нэгнийх нь хүү гэдгийг мэдээд дайснууд нь түүнийг суллах санал тавьсан боловч тэрээр хамт хоригдож байгаа хоригдлуудаа орхиж гарахаас татгалзсан гэдэг.
Гэхдээ эр зориг гэдэг зөвхөн дайн тулааны үед илэрдэг зүйл биш. Эгэл жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч илэрдэг. Бид өөрсдийнхөө хувьд зөв гэж бодож буй зүйлийн төлөө бат зогсох үедээ эр зоригоо илэрхийлж байдаг. 
Саяхан нэгэн 80 настай хөгшин гудамжинд таягаа тулан яваад хажууханд нь харанхуй гудамд нэгэн эмэгтэй тусламж хүсэн хашхирахыг сонсжээ. Тэр эмгэн юу ч бодолгүй гудам руу явж ороод бүсгүй рүү халдсан этгээдийг таягаараа балбаж эхэллээ. Улмаар тэр этгээдийг цагдаа нар барьж авсан байна. Хүмүүс түүнээс “Та өөрөө хохирч магадгүй байлаа. Яагаад айгаагүй юм бэ?” гэж асуухад тэр хөгшин “Хүмүүс нэг нэгнээ хохироохыг харсаар залхаж гүйцлээ. Би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон” гэж хариулжээ. 
“Хүмүүсийг баатарлаг үйлс хийхэд нь юу нөлөөлдөг юм бол?” гэж та бодож байв уу? Хүмүүсийн ойртохоос ч зайлсхийдэг тэрхүү харанхуй гудамж руу гүйн очиж бусдад туслах тийм эр зориг чухам хаанаас бий болдог бэ? 
Англи хэл дэх эр зориг гэдэг үг нь “зүрх” гэсэн Франц үгээс үүдэлтэй. Хүмүүсийг баатарлаг, зоригтой алхам хийхэд тэдний зүрхэнд буй итгэл үнэмшил хүчтэйгээр нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Улмаар хүн зүрхэндээ буй итгэл үнэмшлийн дагуу далд ухамсрын нөлөөгөөр бодож амжихаасаа ч өмнө баатарлаг алхмыг хийдэг. Эр зоригтой, баатарлаг хүмүүсийн хувьд тэдний дотор зөв буруу, үнэн худал, шударга ба шударга бусын талаар маш хүчтэй итгэл үнэмшил оршиж байдаг. Энэ итгэл үнэмшил нь хувь хүний үзэл бодлоос ч илүү хүчтэй зүйлд суурилсан байдаг. 
Тэгвэл жирийн хүмүүсийн хувьд зөв буруу, чухал ба чухал бишийн тухай ойлголтоо Бурханы үг болох Библиэс биш өөрсдийнхөө үзэл бодлоос авч байдаг. Энэ нь эргээд Шүүгчид номд бичигдсэнчлэн хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв гэж харагдсанаа л хийхэд хүргэдэг. Тиймдээ ч хүмүүс өөрсдийнхөө тухтай бүсээс гарч бусдын төлөө зоригтой алхам хийх дургүй болсоор байна.


ТА ХЭР ЗОРИГТОЙ ХҮН БЭ? ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА ЗОРИГТОЙ АЛХМЫГ ХЭР ИХ ХИЙДЭГ ВЭ?