БУРХАНТАЙ ХАМТ БАЙХ ЦАГИЙГ ГАРГАХ НЬ

БУРХАНТАЙ ХАМТ БАЙХ ЦАГИЙГ ГАРГАХ НЬ

“Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ”. Исаиа 5:8

Олон хүн ганцаараа байхыг гологдох, ганцаардахтай холбож ойлгодог. Харин зарим хүмүүст ганцаараа байх нь сэтгэл санаагаа сэргээх, цэнэгээ авах, өөрийгөө таньж мэдэх боломж болдог.
Хонг Конг хотод гэхэд ердөө 600 гаруй км2 талбайд 7 сая хүн чихэлдэн амьдардаг. Тэр утгаараа Хонг Конг дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан хот. Зарим хүмүүс энэ хотод амьдрахын тулд ганцхан ор тавих хэмжээтэй жижигхэн өрөө түрээслэн амьдардаг. Хэтэрхий шигүү амьдарна гэдэг бидний амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Тиймээс ч олон зуун жилийн өмнө эш үзүүлэгч Исаиа “Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ” (Исаиа 5:8) хэмээн бичсэн.
Хүн хэсэг хугацаанд ганцаараа байснаараа амьдралаа илүүгээр эргэцүүлэн бодох, бодол санаагаа илүүгээр цэгцлэх боломжтой болдог гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Бид ганцаараа байснаараа оюун санааныхаа гэр оронд шаардлагатай цэвэрлэгээг хийдэг. Бид чимээгүй байх үедээ илүү төвлөрч бодож чаддаг. Тиймээс ч энэ хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс янз бүрийн аргыг хэрэглэж ирсэн. 
Жишээлбэл, Христ Өөрөө бидэнд үүнийг үлгэрлэн харуулсан байдаг. Есүс олон түмнээс үе үе холдож ганцаараа байх цагийг гаргадаг байсан. Сайнмэдээний номуудаас харвал Есүс цөл рүү эсвэл уул руу явж ганцаараа байх, ганцаараа залбирах цагийг гаргадаг байсан. Ганцаараа байхдаа Есүс Бурхан Эцэгтэйгээ хамт байх цагийг гаргаж, Өөрийн зорилгыг тодорхой болгодог байв. Иохан номд “Бүгд гэр уруугаа явлаа. Харин Есүс Чидун уул өөд явав” хэмээн бичигджээ. Тэгвэл элч Паул ч бас итгэлийн амьдралынхаа гурван жилийг цөл газарт өнгөрүүлсэн. Энэ нь түүний хувьд цагаа дэмий үрсэн хэрэг байсан гэж үү? Үгүй ээ! Энэ бол өөрийгөө бэлтгэж, тунгаан бодох амин чухал цаг байв.
Бүтээлч хүмүүсийн хувьд жирийн хүмүүсээс ялгардаг нэг том ялгаа нь тэд өөрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд олон хөлийн газраас холдох цагийг үргэлж гаргадаг. Итгэгч бид ч гэсэн ялгаагүй өдөр бүр Есүстэй хоёулхнаа байх цагийг гаргаж хэвших нь чухал. Энэ цагийг та хувьчилсан мөргөлийн цаг, чимээгүй цаг, ганцаарчилсан цаг гэх зэргээр яаж ч нэрлэж болно. Гол нь амьдралын дарамт шахалтаас холдож Бурханы үгийг уншиж, тунгаан бодож, Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэн залбирч, Түүнийг сонсох цагийг гаргадаг байх нь чухал. Таны хувьд ийм цаг хэзээ ч аяндаа бий болохгүй. Тиймээс та ийм цагийг зориуд гаргах хэрэгтэй. Энэ бүхнийг хийж үзсэнийхээ дараа та үнэхээр бидний амьдралд ганцаархнаа байх цаг ямар чухал болохыг ойлгож мэдрэх болно. 
Бурханы оршихуйд өнгөрүүлсэн цаг бол дэмий өнгөрүүлсэн цаг биш. Харин ч эсрэгээрээ энэ нь бидний хувьд алсын хараа, зорилго зорилтоо тодорхой болгох амин чухал цаг. Энэ л чухал цагаар дамжуулан бид сүнслэг амьдралаа шинэчлэн өөрчилж, оюун санааныхаа цонхыг угааж, сэтгэл зүрхээ цэвэршүүлдэг.
Өдөр бүр 10 минутыг тусгайлан гаргаж, Бурханы үгийг унших, тунгаан бодох, залбирах цагийг гаргаарай. Тэр цагт та Есүс таныг хүлээж байсныг мэдрэх болно. Бурханы үгээр дамжуулан та хамгийн гайхамшигтай мэргэн зөвлөмжүүдийг хүлээн авна. Та долоо хоног л энэ цагийг гаргаад үз. Тэгээд таны амьдралд ямар өөрчлөлт гарсныг эргээд дүгнээрэй. Тэгээд цаашдаа өдөр бүр ийм цагийг гаргах эсэхээ шийдээрэй.


ӨӨРИЙГӨӨ БЭЛТГЭЖ, ТУНГААН БОДОХ ЦАГ ГАРГАЦГААЯ.