ХЭРХЭН СҮНСЭЭР ӨСӨХ ВЭ?

ХЭРХЭН СҮНСЭЭР ӨСӨХ ВЭ?

Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. 1 Иохан 2:1-2

Хүүхдүүд нь өсөж том болж байгааг харах эцэг эхчүүдийн нэг жаргал. Эсрэгээрээ хүүхэд нь үеийнхнээсээ намхан, жижигхэн байгааг гэнэт олж мэдэх үедээ эцэг эхчүүд хүүхдэдээ санаа тавьж, нэмэлт тэжээл, хоол хүнсээр “бөмбөгдөж” эхэлдэг. Учир нь эцэг эхчүүд хэзээ ч хүүхдүүдээ “газрын бэтэг” байгаасай гэж хүсдэггүй.
Гэхдээ бидний амьдралд байдаг өөр нэгэн төрлийн өсөлтөд бид илүү нухацтай анхаарал хандуулах учиртай. Энэ бол бидний сүнслэг өсөлт. Сүнслэг өсөлт ч бас биеийн өсөлттэй адил жигд бус явагддаг. Зарим хүмүүсийн хувьд бүр огт явагддаггүй. Маш олон итгэгч сүнслэг өсөлтийн хувьд олон жилийн өмнөх яг тэр байдалтайгаа байсаар байдаг. Тэд мэдлэг, чадварын хувьд мундаг хүмүүс байдаг ч сүнслэг өсөлтийн хувьд давжаа биетүүд байдаг. Учир нь олон хүн сүнслэг өсөлтдөө төдийлөн анхаардаггүй.
Бид цэцэрлэгтээ мод ургуулахын тулд өвчтэй, муудсан мөчрүүдийг нь тайрч арчилдаг шиг сүнслэг өсөлтөд ч бас адилхан зарчим ажиллаж байдаг. Энгийнээр хэлэхэд бидний амьдралд тохиолдож буй бэрхшээл зовлон биднийг нэг бол сүнсээр өсгөж байдаг эсвэл бидний дотор хорсол, гомдол, цөхрөлийг болгож улмаар сүнслэг өсөлтийг маань зогсонги байдалд оруулж байдаг.
Амьдралд нь хүнд хэцүү зовлон тохиолдсон нэгэн залуу надтай уулзаад “Энэ хүнд хэцүү цаг үеэр дамжуулан би Бурханыг урьд өмнө байгаагүйгээрээ таньж мэдэж байна” хэмээн хэлж байсан юм. Гэтэл эсрэгээрээ маш олон хүн амьдралдаа тохиолдож байгаа зовлон бэрхшээлийг сүнсээр өсөх боломж болгон ашиглаж чаддаггүй. Шинэ Гэрээнд “Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе” (Еврей 6:1) хэмээн уриалсан байдаг.
Хүний бие махбодын өсөлт нь (1) байгаль орчин, (2) шим тэжээл (3) арчилгаа тордлого гэсэн гурван үндсэн хүчин зүйлээс хамаарч байдаг. Зөв хоол хүнс, зөв дасгал хөдөлгөөн, зөв сайн амралт зэрэг нь хүүхдийн эрүүл өсөлтөд шууд нөлөөлж байдаг. Тэгвэл сүнслэг өсөлтөд ч бас үүнтэй адил хүчин зүйлс нөлөөлж байдаг. Шинэ Гэрээнд "Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна” (1 Иохан 3:9) хэмээсэн. Энд гарч байгаа үр гэдэг үгийг Грекээр “сперма” гэдэг. Бидний дотор Бурханы үр оршдог учраас бид сүнсээр өсөж амьдрах учиртай. Гэхдээ Бурханы бидний амьдралд хийсэн бүхний хариуд бид ямар хариу үйлдэл хийж байгаагаас сүнслэг өсөлт маань шалтгаалдаг.
Тэгвэл та сүнсээр өсөхийг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол Бурханы үгийг уншиж, тунгаан бодох цагийг өдөр бүр гарга. Өдөр бүр Бурханд залбирч занш. Буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, тэр дор нь Бурханы өмнө гэмшиж сур. Иохан “Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” (1 Иохан 1:9) гэж хэлсэн.
Бидний амьдралд хүнд хэцүү асуудал тохиолдох үед та үүнийг Бурханы зэмлэл, шийтгэл гэж хүлээж авахын оронд тэдгээрийг Бурханыг таньж мэдэх, Бурханд итгэх итгэлээ батжуулж, сүнсээр өсөх боломж хэмээн хүлээж аваарай.
Эцэст нь, та халуун дулаан чуулганы уур амьсгал дотор биш харин хатуу ширүүн амьдралын талбар дээр жинхэнэ сүнслэг өсөлтийг олж авна. Учир нь энэ л хатуу ширүүн нөхцөл байдал дунд бид нэг бол сүнсээр өсдөг эсвэл үхдэг. Энд л бидний итгэл галаар цэвэршүүлэгдэж энэ л гал мэт сорилтын дунд бидний итгэл илүү батжин хүчирхэгждэг билээ.


                                             БУРХАН “ӨСӨГТҮН” ХЭМЭЭН АЙЛДСАН БИЛЭЭ