ЯАГААД ЭНЭ ЗҮЙЛ НАДАД ТОХИОЛДОНО ВЭ?

ЯАГААД ЭНЭ ЗҮЙЛ НАДАД ТОХИОЛДОНО ВЭ?

“Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөө үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ”. 1 Коринт 10:11

Долоо хоног бүр 12 мянга гаруй хүний өмнө номлодог пастор Рик Уоррен “Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол “Яагаад энэ зүйл надад тохиолдож байгаа юм бэ?” гэсэн асуулт юм” хэмээн хэлсэн. Та хэзээ нэгэн цагт ийнхүү асууж байсан уу? Хайртай дотны хүмүүс маань гэнэтийн аваар осолд орох үед эсвэл ажлаасаа халагдаж, илүү залуу, илүү чадварлаг нэгэнд байр сууриа алдах үед, бүх мөнгөөрөө хувьцааг нь худалдаж авсан компани чинь дампуурах үед, хүнд өвчнөөр өвдөх үед, хөдөлмөрийн чадвараа алдах үед бид бүгд л ингэж асуудаг.
Ингэж асуух нь буруу гэж үү? Ингэж асуух үед минь Бурхан бидэн рүү хараад “Чи Надад үнэхээр итгэж байсан бол ингэж асуухгүй л байх байсан даа” хэмээн толгой сэгсэрдэг болов уу? Үгүй ээ. Үгүй гэдгийг бид Иов номоос харж болно. Ингэж асуусны маань төлөө Бурхан бидэнд уурлан хилэгнэдэг байсан бол Иов маш хурдан Бурханы уурыг хүргэх байсан.
Иовыг туршиж, шалгах зөвшөөрлийг Бурхан Сатанд өгсөн тэр цагаас эхлэн Иовын амьдрал бүхэлдээ нуран унасан. Эхлээд түүний үр хүүхдүүд амиа алдсан. Дараа нь бүх мал сүргээ алдсан. Халдейчууд тэмээн сүргийг нь булааж, зарц нарыг нь хөнөөсөн. Их хуй салхи дэгдэж гэр орон нь сүйдсэн. Үүний дэргэд бидний амьдралд тохиолддог асуудлууд юу юм бэ?! 
Энэ бүх нөхцөл байдал дунд Иов үргэлж “Яагаад?” хэмээн асуусаар байсан. Тэр бүү хэл Иов “Төрөхдөө юунд эс үхэв, би. Хэвлийнээс гарахдаа юунд үл эндэв, би?” (Иов 3:11) хэмээн халагласан. “Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд гэрэл юунд өгөгдөө вэ?” (Иов 3:23), “Яагаад гэм буруутнууд амьдарсаар, өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ?” (Иов 21:7) хэмээн Иов Бурханаас асуусаар байсан.
Тэгвэл Бурхан бидний залбирал гуйлтыг сонсож чадахааргүй чих хатуутай гэж үү? Эсвэл гурван настай хүүхдийнхээ яагаад, яагаад гэсэн асуултыг үл тоодог ээж аав нар шиг бидний асуултыг үл тоодог юм болов уу? Эсвэл бидний огт ойлгож чадахгүй тийм арга замаар бидний асуултад хариулаад байна уу? 
Бурхан бидний зүрх сэтгэлд буй бүх зовлон шаналлыг маш сайн ойлгодог. Бид Бурханыг ойлгодгоос хавьгүй илүүгээр Тэр биднийг ойлгодог. Тэр биднийг хэн хүнээс ч илүүгээр мэддэг. Тиймдээ ч Дуулал номд “Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг” (Дуулал 103:14) хэмээн бичигдсэн. 
Үнэндээ зовлон шаналлын дунд бид тухайн зүйлийн учир шалтгааныг мэдэхийг хүсэхээс илүүгээр бид өөрсдийн дотор төрж буй сэтгэл хөдлөлөө ил гаргахыг л хамгийн ихээр хүсдэг. Иов ч тийм л байсан. Тиймээс ч эцэстээ Иов бүхнийг ойлгож, Бурханы мутар өөртэй нь хамт байгааг ухаарсан. 
Нөгөөтэйгүүр Бурхан миний амьдралд тохиолдож байгаа бүхний учир шалтгааныг нэг бүрчлэн надад тайлбарлаж өгөх үүрэг хүлээгээгүй. Бурхан ямар бага ангийн багш биш. Бурхан бол Бурхан. Тэр хэнд ч байцаагдахгүй. 
Хэрвээ та мөнхийн улсад очоод “бүх асуултынхаа хариултыг эндээс авч болно” гэсэн цонхтой таарвал тэр цонхонд очоод Бурханаас юу гэж асуух байсан бэ? Заримдаа бид амьдралаа эргэн харахдаа тухайн үед тодорхойгүй санагдаж байсан олон зүйлийн учир шалтгааныг тодорхой харж чаддаг. Нөгөөтэйгүүр Бурхан бидэнд яагаад гэдгийг нь хэлсэн ч бид тэр бүр ойлгодоггүй. Тиймээс олон тохиолдолд Бурхан биднийг хайрлаж, бидэнд ямар ч үед санаа тавьж байдаг гэдгийг мэдэх нь л хангалттай. Бид зовлонгийнхоо шалтгааныг мэдэхээс илүүгээр Бурханы сайн сайханд итгэснээр хүнд хэцүү үеийг даван туулж чаддаг. 
Би л лав мөнхийн улсад очоод бүх асуултынхаа хариултыг мэдэх гэж яарахгүй. Тэр цагт нэг бол би асуултынхаа хариултыг мэдсэн байх болно. Нөгөөтэйгүүр тэр цагт тэдгээр асуултын хариулт надад огт хамаагүй болсон байх болно. Нас ахих тусам өмнө нь чухал санагддаг байсан тэдгээр асуултууд улам бүр ач холбогдолгүй болсоор байгааг та анзаардаг уу? Яагаад? Яагаад гэвэл бид мөнхийн улсад очоод бид нөхцөл байдлын цонхоор бүгдийг харах биш харин том зургийг бүхэлд нь олж харах болно. Тиймээс бид Бурханыг Бурхан чигээр нь л байлгамаар байна. Яагаад? Яагаад гэвэл бид чинь хүн шүү дээ.


                                                             ТА ГАНЦААРАА ЗОВООГҮЙ