ХААШАА Ч БИТГИЙ ЯАР

ХААШАА Ч БИТГИЙ ЯАР

“Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч! Дуулал 90:12

Амьдралын хэмнэл өдрөөс өдөрт хурдассаар байх атал амьдралдаа өдрөөс өдөрт сэтгэл ханамжгүй болсоор байна уу? Өнөөдөр дэлхий дээр сая, сая хүн ийм байдлаар амьдарч байна. Улам бүр завгүй, шахуу хуваарьтай болсоор. Тэгсэн хэрнээ амьдралдаа улам бүр сэтгэл хангалуун бус болж байна. Байгальд зугаалж, ой дундуур алхах, ширээнийхээ ард аливааг эргэцүүлэн суух, үр хүүхэдтэйгээ тоглох, хайртай хүнтэйгээ хамт лааны гэрэлд оройн хоол идэх, дуртай номоо унших, уншсан зүйлсээ тунгаан бодох гээд бидний амьдралыг амттай болгодог тэр бүх зүйл завгүй амьдралын хэмнэл дунд чинь улам бүр орон зайгаа алдсаар байна уу?
Хэдий хүртэл бид ингэж амьдрах вэ? Та хэсэг зуур бодоод үзээрэй. Сүүлийн үед бестселлер номуудын гарчгийг хараад л бидний амьдрал хаашаа явж байгаа нь тодорхой харагдана. “Завгүй эцэг эхчүүдэд зориулсан хүүхдүүддээ уншиж өгөх 30 секундын үлгэрийн ном”, “Нэг минутын менежмент”, “Нэг минутын Библи судлал”, “Нэг минутын эргэцүүлэл” гэх зэрэг номууд номын сангаар дүүрэн болсон. 
“Бүхнийг хурдасгах нь” номдоо зохиогч Жеймс Глейк “Бид аливааг илүү хурдан хийж чадах учраас чадлынхаа хэрээр хурдасгахыг оролддог. Учир нь богино хугацаанд их зүйлийг амжуулах үед бидний дотор адреналин ялгарч нэг дор хэд хэдэн аяга каппучино уусан мэт мэдрэмж төрдөг” хэмээн өгүүлсэн. Мөн бид ард хоцрохгүйн тулд яардаг гэж тэрээр номдоо бичсэн. Хэрвээ бид хуваарьт ажлаа хугацаанд хийж гүйцэтгэж амжихгүй бол хийж байгаа ажлаа ч алдах эрсдэл дунд амьдарч байна.
Үнэндээ өдөр бүр бүх зүйл улам бүр хурдассаар. Машин техник, нисэх онгоц хүртэл улам бүр хурдан болсоор байна. Бидний хийж амжуулах ёстой ажил, үүрэх ёстой үүрэг хариуцлага улам бүр нэмэгдсээр. Спортын талбарт рекордууд жилээс жилд шинэчлэгдэн тогтоогдсоор байна.
Хэдийгээр бид богино хугацаанд ихийг амжуулж чадах байлаа гээд энэ нь бидний амжилтыг илүү урт настай болгож, бидний бодол санааг илүү цэгцтэй, амьдралыг маань илүү чанартай болгоно гэдэгт би итгэдэггүй. Бид хурдаа сааруулснаараа харин ч илүү чанартай амжилтад хүрч чадна. Бид илүү сайн эцэг эх байж, илүү түшигтэй анд нөхөр байж чадна. Бурханы удирдамжийг сонсож, хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг итгэгч болж чадна. 
Үнэндээ бид амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийг өөрсдөө л гаргана. Хэзээ үгүй гэж хэлэх, юуг хийж амжих, эс амжих, ямар ажлаас татгалзах, ямар зүйлд цаг зав гаргах вэ гэдгээ та өөрөө л шийднэ. Амьдралынхаа зорилгыг та өөрөө л тодорхойлно. Зорилгоо тодорхойлно гэдэг нь та амьдралдаа байгаа зүйлсийг ач холбогдлоор нь эрэмбэлнэ гэсэн үг. Тийнхүү өндөр ач холбогдолтой зүйлдээ илүү цаг гаргана гэсэн үг. Харин хэт завгүй амьдрах үедээ бид юу нь илүү ач холбогдолтой юм бэ, юу нь тийм биш вэ гэдгийг анзаарах сөхөөгүй ажиллаж амьдарч байдаг. Улмаар та амьдралдаа улам бүр завгүй болсоор, илүү ядарсаар, илүү туйлдсаар байх болно. 
Тиймээс Библид “Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!” (Дуулал 90:12) гэх залбирал буй. Үнэндээ бидний амьдрал завгүй өнгөрүүлэхэд дэндүү хайран. Бид цаг хугацааг ухрааж чадахгүй. Үр хүүхдүүдийнхээ бага насыг дахиад харахгүй. Өнгөрч одсон тэмдэглэлт өдрүүдийг нөхөн тэмдэглэх боломжгүй. Анзааралгүй өнгөрсөн аз жаргалтай мөчүүдийг эргүүлэн авчрах боломжгүй. 
Тиймээс ч бид амьдралаа илүү хурдлуулахыг хичээх биш харин ч хурдыг нь сааруулахыг хичээх нь зүйтэй. Нэгэн мэргэн хүн Бурханы өмнө ирээд “Эзэн минь, намайг удаашруулж, хурдыг минь сааруулж өгөөч. Миний зүрхний цохилтыг тайвшруулж, хийж амжаагүй ажлынхаа хойноос харуусах харууслыг минь багасгаж өгөөч. Юу нь чухал болохыг олж харж, хамгийн чухал зүйлээ л барьж авахад туслаач” хэмээн залбирсан гэдэг. 


                                          ТАНЫ АМЬДРАЛД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ БЭ?