ШИНЭ ӨДӨР

Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай. Матай 6:34

Олон хүн шинэ өдрийг угтахдаа “байдаг л нэг өдөр эхэлж байна” гэж боддог. Тэгвэл бид шинэ өдрийг угтахдаа юу гэж хэлж байгаагаас бидний хандлага харагддаг. Жишээ нь эмнэлэгт хүнд өвчтэй хэвтэж байгаа нэгний хувьд шинэ өдрийг ганцаардал, өвдөлт, шаналлаар дүүрэн зовлонтой нэг өдөр эхэлж байна гэж бодож болох. Эсвэл өглөө дэлгүүрээ нээж байгаа жижиг мухлагий эзэн тэр өдрийг худалдан авагчдын хөл тасралгүй бужигнах байдаг л нэг өдөр эхэлж байна хэмээн угтаж болох юм. Эсвэл өчигдөрхөн гэр бүл болсон залуу хос тэр өдрийг хамтын амьдралын минь эхний өдөр хэмээн угтаж байж болох юм. 
Тэгвэл таны хувьд энэ өдөр ямар өдөр эхэлж байна вэ? Үнэндээ аливаа зүйлст бид хэрхэн ханддагаас маш олон зүйл шалтгаалдаг. Бидний угтах шинэ өдөр ч адилхан. Хэн нэгэн хүн автобусны буудал хүртэл хөлөө чилтэл алхлаа гэж гомдоллож байхад өөр хэн нэгэн тэргэнцэр дээрээсээ босож хоёр алхсаныхаа төлөө баярлаж байх жишээтэй. Бид өөрт байгаа зүйлсээ талархалтайгаар хүлээн авах нь маш чухал. “Хоёр хөлгүй хүнтэй таарах хүртлээ би гуталгүйдээ гомдоллож явсан” гэж нэгэн хүн дуу алдсан байдаг. 
Тэгвэл өөрийн угтаж буй шинэ өдрийг та хэрхэн харж байна вэ? Энэ шинэ өдөр бол ӨНӨӨДӨР. Харин өнөөдөр бол таны амьдралын хамгийн чухал өдөр. Учир нь та энэ өдөр амьдралдаа ямар нэгэн чухал алхмыг хийж чадна. Энэ өдөр бол таны амьдралын одоо цаг. Та энэ өдөр амьдралынхаа бүх асуудлыг нэг дор шийдэх гэж бүү оролдоорой. Харин өнөөдөр тохиолдох асуудлуудаа л даван туулаарай. Зөвхөн өнөөдөр л та Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийг зориорой. Өчигдрийн алдаа бүтэлгүйтэл ард үлдсэнийг сана. Тиймээс өглөө сэрээд л та “Бурхан минь, энэ өдөр Та надтай хамт алхаач. Эзэн, миний гараас хөтөлж, миний дэргэд байгаач. Өнөөдрийг амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр мэтээр өнгөрүүлэхэд туслаач” хэмээн залбираарай. 
Зөвхөн энэ өдөртөө та аз жаргалтай байхыг хичээ. Абрахам Линкольн “хүмүүсийн  аз жаргал тэдний нөхцөл байдлаас биш харин тэдний бодол санаанаас шалтгаалж байдаг” гэж хэлсэн. Тиймээс өнөөдөр та уулзсан учирсан нэгэндээ эелдэг сайхан үгсийг хэлэхийг хичээ. 
Эцэст нь энэ өдөр дуусахад та Бүтээгч Бурхантайгаа нүүр тулан уулзах гэж байгаа мэтээр амьдраарай. Өнөөдрөөрөө амьдрахын чухлыг Библи бидэнд онцолсон. Паул хэлэхдээ “Харагтун, одоо авралын өдөр” (2 Коринт 6:2) хэмээсэн. Хэрвээ таны зүрх сэтгэлд амар тайван байхгүй бол энэ өдөр Аврагч Бурхан руу хандаарай. Түүнийг амьдралдаа урьж оруул. Учир нь энэ өдрийн төгсгөлд та Бурхантай уулзлаа гэж бодоход Түүнийг Аав аа гэж дуудахаасаа та ичихгүй байх болно. Эстер Болдуин Йорк “Амьдрал бол тоо томшгүй олон өнөөдрөөс бүрддэг бөгөөд тэдгээр өнөөдрүүд нь өчигдрүүд болон хувирахдаа маш амархан. Харин бидний ихэнх нь өнгөрсөн өдрүүдээ харуусалтайгаар эргэн харсаар насыг бардаг. Гэтэл нөгөө зарим нь маргаашийг хүлээсээр насыг бардаг. Гэхдээ энэ хоёрын аль ч тохиолдолд бид хамгийн чухал өдөр болох ӨНӨӨДӨР гэдэг өдрийг мартдаг. Гэтэл үнэндээ бид өнөөдөр гэдэг өдөр л амьдарч байдаг” гэж хэлсэн. Тиймээс та өнөөдрийн өдрийг өөдрөгөөр угтаж, Бурханы хүслийн дагуу өнгөрүүлэхийг хичээж, энэ өдрийн төгсгөлд Бурхантай уулзах байсан ч харамсахгүйгээр өнөөдрийг өнгөрүүлээрэй. 


                                                        ӨНӨӨДӨР БОЛ АВРАЛЫН ӨДӨР