ХЭРХЭН ЭРҮҮЛ САРУУЛААР СЭТГЭН БОДОХ ВЭ?

ХЭРХЭН ЭРҮҮЛ САРУУЛААР СЭТГЭН БОДОХ ВЭ?

“Тэгэхэд Саул —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв”. 1 Самуел 26:21

Найз нөхөд, ойр дотны хүмүүсийнхээ буруу шийдвэр гаргахыг та хөндлөнгөөс харж байсан уу? Гэр бүлээ цуцлуулах, шалихгүй асуудлаас болоод ажлаасаа гарах, ялихгүй зүйлээр олон жилийн нөхөрлөлөө сэвтээх гээд бодлогогүй алхам хийж байхад та хажуунаас нь харж байв уу? Тэр үед бид “Энэ хүний эрүүл саруул ухаан нь хаачихаа вэ?” гэж боддог. 
Аливааг эрүүл саруулаар тунгаан бодно гэдэг асуудлын голыг харж, юмсыг цогцоор нь дүгнэхийн нэр. Энэ нь бидэнд болзошгүй үр дагавруудыг тооцоолж, бодлогогүй алхам хийхээс зайлсхийхэд тусалдаг. Тэгвэл бид яаж эрүүл саруулаар сэтгэн бодох вэ?
Зөвлөмж #1: Сэтгэл хөдлөлөө дар. Бодол санаанд нөлөөлөх хүчин зүйлсийг ялгаж салга. Өөрөөсөө “Би ямар сэдлээр энэ алхмыг хийх гэж байна вэ?” гэж асуу. “Уур хилэн үү, атаа хорсол уу?” гэж асуу. Эсвэл зүгээр л мөрөөдөлдөө автаад бүх зүйлийг хэтэрхий сайхнаар төсөөлөөд байна уу? Эрүүл саруулаар бодож сэтгэхэд саад болдог нэг том шалтгаан бол бид нөхцөл байдлаа өөрийнхөөрөө таамаглаж бодит баримтыг орхигдуулдаг явдал. Тиймээс бид сэтгэл хөдлөлдөө автах биш харин бодит баримт, бодит байдлыг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Улмаар шаардлагатай бол өөрийнхөө хийх гэж байгаа алхмаас ухарч чаддаг байх ёстой. 
Зөвлөмж #2: Эрүүл саруулаар тунгаан бодохын тулд бид үйлдлийнхээ үр дагаврыг эргэцүүлэн бодох ёстой. Олон хүн үүнийг хийдэггүй. Тиймээс бодлогогүй алхам хийж алдаа гаргадаг. Бидний хийх гэж буй зүйл ямар үр дагавар дагуулж болохыг тооцоолох ёстой. Өнгөрсөнөө эргэн харж үүнтэй адил төстэй үйлдлүүд ямар үр дагавар авчирч байсныг тооцоол. Үр дагаврыг нь бодолгүйгээр зүгээр л бүх зүйл сайхан болно гэж найдаад хийх нь эргээд бүр ч хүнд байдалд оруулдаг. Нөгөөтэйгүүр бид ямар ч алхам хийхгүй бол энэ нь ямар үр дагавартай болохыг ч бодож үзэх ёстой. Жишээ нь таны биед хавдар байж болзошгүй шинж тэмдэг илэрлээ гэж бодъё. Та эмч ямар хариу хэлэх бол гэж айгаад эмнэлэгт үзүүлэхгүй яваад байвал юу болох вэ?! Олон хүн ийм тохиолдолд шинж тэмдэг нь аяндаа арилах байх гэж найдан юу ч хийлгүй явсаар өөрийгөө маш хүнд байдалд оруулдаг.
Зөвлөмж #3: Эрүүл саруулаар бодож сэтгэхийн тулд бид Бурхан Эцэгтэйгээ зөвлөлдөх ёстой. Бурхантай хэлэлцэж зөвлөлдөхийн ач тусыг гүнээ ухамсарладаг хүн их цөөхөн. Гэхдээ хэрвээ Бурхан ирээдүйг мэддэг гэдгийг та мэдвэл тэр цагт та эрүүл саруулаар тунгаан бодож эхэлнэ. Таны амьдралд ирэх нугачаа бартаа бүрийг Бурхан сайн мэднэ. Танд тохиолдох гэнэтийн үйл явдлуудыг ч Бурхан урьдаас мэдэж байдаг. 
Тиймээс бид амьдралдаа Бурханыг оролцуулж, аливаа шийдвэрийг гаргахдаа Бурханаас “Эцэг минь, Таны хүсэл юу вэ? Та намайг ямар алхам хийгээсэй гэж хүсэж байна вэ?” хэмээн асууж сурах нь чухал. Бид ийнхүү чин сэтгэлээсээ асуух үед бидний бодол санаа, анхаарал маш хурдан төвлөрдөг. Улмаар та өөрийн гаргах шийдвэрийн үр дагаврыг зөвөөр тооцоолж, зөв алхмыг хийж чадна. Тиймээс бид ч бас Давид хаантай нэгэн адил “ЭЗЭН, замаа надад зааж, дайснуудын минь учир намайг тэгш жимээр удирдаач” (Дуулал 27:11) гэж залбирах учиртай.
Зөвлөмж #4: Эрүүл саруулаар бодож сэтгэж эхлэх үед бид хаана алдаа гаргаснаа олж харж чаддаг. Ингэвэл бид явцын дунд хийсэн алдаагаа олж харж шаардлагатай завсаруудыг хийж чадна. Хэрвээ бид хаана алдаа гаргаснаа олж харж чадвал тэр цэг рүүгээ буцаж алдаагаа засахад илүү амар болдог. Та их сургуулийн оюутан, эсвэл гэр бүл зохиосон нэгэн, хувиараа бизнес эрхлэгч ч бай ялгаагүй гаргасан алдаагаа засаж залруулахад хэзээ ч оройтохгүй. Амьдралаа, ирээдүйгээ нухацтайгаар эргэцүүлэн бодсондоо та хэзээ ч харамсахгүй. Эргэцүүлэн бодох нь таны л хийх ажил, хэн ч таны өмнөөс үүнийг хийж өгч чадахгүй.


ЭРҮҮЛ САРУУЛААР БОДОЖ СЭТГЭЖ ЭХЛЭХЭД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ