АМЬДРАЛАА ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?

АМЬДРАЛАА ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?

Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Дуулал 23:3

Та хэзээ нэгэн цагт өөрөөсөө “Би яаж яваад энэ газарт ирчихээ вэ? Яаж яваад ийм байдалд өөрийгөө оруулчихав? Надад юу тохиолдох нь энэ вэ? Би хаана алдаа гаргав?” гэж асууж байв уу? Өөрийгөө байх ёсгүй газар хийх ёсгүй зүйлээ хийгээд байж байгааг ойлгож ухаарах тэр агшин яг л тоосгон хана мөргөхтэй адил. Та амьдралынхаа замд буруу эргэлт хийж орхисноо тэрхэн мөчид ухаарна. Тэгээд өөрөөсөө “Би энэ бүтэлгүй байдлаасаа яаж гарах вэ? Үүнээс гарах арга зам бий юу?” гэж бодож эхэлнэ.
Эрт цагт Есүс нэг удаа яг ийм байдалд орсон залуугийн тухай түүхийг ярьж өгсөн. Тэр хүү төрсөн эцгээсээ өөрт оногдох эд хөрөнгийг гуйж аваад алс холын нутаг руу явжээ. Тэндээ тэр эд хөрөнгөө үрэн таран хийж, юу ч үгүй хоосров. Тэгээд амьдралын эрхээр янз бүрийн зүйл хийж явсаар нэг л өдөр өөрийнхөө гараар амьдралаа сүйд хийснээ ухаардаг. Тэр залуугийн түүхээс бид уналтад орсон амьдралаа хэрхэн сэргээн шинэчлэх алхмуудыг сурч чадна.
Зөвлөмж #1: Нөхцөл байдлаа бодитой үнэлж дүгнэ. Тэр залуу яг л ийм алхмыг хийсэн. Есүс түүний тухай өгүүлэхдээ “тэр ухааран” гэж хэлсэн. Тэр залуу ухаан орсон. Байгаа байдлаа бодитоор үнэлж дүгнэх үед бид ухаан орж эхэлдэг.
Зөвлөмж #2: Бардам зангаа хая. Бид зөв зам дээр гарахыг хүсэж л байгаа бол ихэрхэг бардам зангаа хаяад даруу зүрхтэй болох ёстой. Залуу өөртөө “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хэчнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь” гэж хэлсэн.
Зөвлөмж #3: Төлөвлөгөө боловсруул. Та хаана байхыг хүсэж байгаагаа мэдэх үү? Та зөв зам дээр хэрхэн гарах төлөвлөгөө зорилгоо тодорхойлохгүй юм бол нэг газраа эргэлдсээр байна. Энэ алхмыг хийхэд чинь танд дотнын анд нөхөр юм уу итгэлтэй туршлагатай зөвлөгч хэрэг болно. Танд тал засаж худал хэлэхээргүй эсвэл таны сэтгэлийг нэмж шархлуулах зүйл ярихааргүй ухаалаг нэгний мэргэн зөвлөгөө хэрэгтэй. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэл дээр тэр залуу “Би босоод эцэгтээ очъё” гэж шийдсэн. Тэр хаана очихыг хүсэж байгаагаа мэдэж байсан. Тэгээд тэнд очих төлөвлөгөөгөө боловсруулсан. Гэхдээ ингэж төлөвлөнө гэдэг хэцүү алхам биш.
Зөвлөмж #4: Бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөр. Энэ алхмыг хийж өөрийнхөө бурууг хүлээхийн тулд таны зүгээс ихээхэн эр зориг, даруу зан шаардагдана. Тэр залуу дотроо “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ” гэж хэлье гэж шийдсэн. Энэ бол маш хэцүү шийдвэр. Хань ижил, эцэг эх, үр хүүхэд, найз нөхдөдөө ийнхүү хэлнэ гэдэг үнэхээр хэцүү. Үүний тулд бид эхлээд өөрсдийн алдаа дутагдал, гэм нүглийг Бурханы өмнө  хүлээн зөвшөөрч, гэм нүглээ гэмших шаардлагатай. 
Зөвлөмж #5: Төлөвлөгөөгөө дага. Маш олон хүн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг ч бодит алхам хийхээс хойш суудаг. Харин тэр залуугийн тухай Есүс өгүүлэхдээ “Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ” хэмээсэн. Тэр залуу хэлэх үгээ бэлдээд эцгийнхээ гэр уруу явсан. Гэхдээ эцэг нь өөрийг нь хэрхэн хүлээж авахыг тэр мэдэхгүй байсан. Гэтэл “Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв” хэмээн Библид бичигдсэн. Биднийг амьдралаа өөрчлөхөөр шийдвэр гаргаж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх үед биднийг уучилж, биднийг цэх шулуун алхахад туслах хүсэлтэй хүмүүс бидний бодсоноос ч олон байдаг юм шүү.
Зөвлөмж #6: Шаардлагатай бол хохирлыг барагдуул. Хэрвээ танаас болж хэн нэгэн хүн хохирсон бол тэр хүний хохирлыг барагдуулахыг хичээгээрэй. Гэвч энэ бүхний эцэст цаад хүн чинь таныг уучлахыг хүсэхгүй байж болох. Энэ тохиолдолд асуудал таных биш харин тэр хүнийх юм. Учир нь та буруугаа хүлээж, хохирлыг барагдуулах алхам хийсэн. Тиймээс үүний үр дүнд таны амьдралд амар тайван ирж, өөрчлөгдөн сэргэх болно.
Хэрвээ энэ цагт таны амьдрал буруу замаар будаа тээж байгаа юм шиг санагдаж байгаа бол та эргэцүүлэн бодож шаардлагатай алхмуудыг заавал хийгээрэй.


                                              НАДАД ЮУ ТОХИОЛДОХ НЬ ЭНЭ ВЭ?