САЙН БОД

“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. Исаиа 1:18

Хүмүүсийн ердөө арван хувь нь л аливаа зүйлсийг нухацтай боддог гэсэн судалгаа бий. 75 хувь нь өөрсдийгөө нухацтай боддог гэж боддог ч тийм биш хүмүүс байдаг бол үлдсэн 10 хувь нь бодохыг ч хүсдэггүй гэнэ. Сайтар тунгаан бодох үедээ бид өөрсдийнхөө хийхийг хүсдэг үйлдэл маань тийм ч сайхан санаа биш болохыг ойлгодог. Тиймээс олон хүн энэ гашуун үнэнтэй нүүр тулахгүйн тулд нухацтай бодож эргэцүүлэхээс зайлсхийдэг.
Энэ нь зүйрлүүлбэл яг л энгийн хөдөлгүүртэй нисэх онгоц жолоодох гарын авлагатай адил. “Хэрвээ хөдөлгүүр чинь доголдож эхэлбэл та яаралтай газардах шаардлагатай боллоо гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс газарт 150 метр орчим ойртох үедээ газардах товчлуурыг дараарай” гэсэн заавар бий. Харин онгоцны хөдөлгүүр доголдоод байхад юу ч болоогүй юм шиг явсаар байвал яах вэ?
Эргэцүүлэн бодно гэдэг заримдаа хэцүү. Яагаад гэвэл энэ нь таныг асуудлаа том зургаар нь харахад хүргэнэ. Жишээ нь та хоолоо хэтрүүлэн идсээр байвал хувцсандаа багтахаа болино. Таны зүрх ачаалал авч улмаар эрүүл мэнд тань ч дордох вий. Эсвэл татвараа хугацаанд төлөх хэдий таагүй ч төлөхгүй бол та түүнээсээ хэд дахин илүү торгуульд унана.
Бид нухацтай бодож тунгааж эхлэх үедээ хүнд хэцүү шийдвэр сонголтын өмнө нүүр тулдаг. Харин эдгээр шийдвэрээс зайлсхийхийн тулд бид ихэвчлэн нүдээ аньж асуудлаа хойшлуулж явсаар онгоцтойгоо цуг унаж орхидог.
Тиймээс бод! Өдөр бүр янз бүрийн, мянга мянган бодол бидний толгойд эргэлдэж байдаг. Харин бодно гэдэг нь бид тодорхой нэг сэдэв дээрээ төвлөрнө гэсэн үг. Бид аливааг нухацтай эргэцүүлэн бодохын тулд сэтгэл хөдлөлөө барьж, хүсэл зориг, зүрх сэтгэл, оюун санаагаа бүгдийг нэг цэг дээр төвлөрүүлэх ёстой болно. Ийнхүү эргэцүүлэн бодох нь юу ч бодолгүй зөнгөөрөө үйлддэг араатан амьтдаас биднийг ялгадаг. Жишээ нь сүрэг чоно олзоо тасчин хувааж идэх үедээ дэргэдээ байгаа нэгнээсээ аль болох ихийг идэхээр шунан дайрцгаадаг. Тэдний энэ мэт үйлдэл бол зөвхөн “амьтнаас” л гарах үйлдэл болохоос Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс бид ийм байх учиргүй. Бурхан биднийг ямар ч бодолгүйгээр улайран дайрдаг амьтан шиг биш харин эргэцүүлэн тунгааж, сэтгэн бодох чадвартайгаар бүтээсэн.
Тиймээс нэг алхам ухраад урдах замаа эргэцүүлэн бодож, гаргаж буй шийдвэрийнхээ үр дагаврыг тооцоолох нь Бурханаас бидэнд өгсөн онцгой чадвар. Библид ““Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна” (Исаиа 1:18) хэмээн бичигдсэн. Бурхан биднийг эргэцүүлэн бодож, үр дагаврыг нь тооцоолж, мэргэн шийдвэр гаргаасай гэж хүсдэг.
Аливааг эргэцүүлэн боддог хүн адгуу шийдвэр нь урт хугацаанд ямар үр дагавар авчирч болохыг тооцоолж чаддаг. “Ийм юм болно гэж ёстой бодсонгүй” хэмээн халаглан суух ямар хэцүү билээ. “Хэрвээ надад үүнийг дахиад хийх боломж байсан бол би өөрөөр хийх байсан юм. Даанч... ” хэмээн харуусан суух юутай гачлантай вэ.
Бидний хувьд эргэцүүлэн бодохдоо зөвхөн хийх гэж байгаа үйлдлийнхээ үр дагаврыг бодоод зогсохгүй Бурханы тухай ч мөн бодох учиртай. Учир нь Бурхан бол бидний амьдралын салшгүй хэсэг. Бурхан биднийг хамтдаа хэлэлцье хэмээн дууддаг. ““Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна” хэмээн айдсаныхаа араас “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно” хэмээсэн.
Бурханы уучлал өршөөл бидэнд шинэ амьдралын үүд хаалгыг нээж өгдөг. Бурханы уучлал өршөөл бидэнд сэвтсэн харилцаагаа сэргээх, найз нөхөдтэйгөө эвлэрэх боломжийг олгодог. Бурхан танд эргэцүүлэн тунгаах, сэтгэн бодох чадварыг өгсөн. Тиймээс та энэ л чадвараа амьдралынхаа алхам тутамд ашигладаг байх учиртай. Тэгээд та энэ цагт бодоорой. Өнөөдөр Бурхан таныг юу хийгээсэй гэж хүсэж байгаа бол?


                              БУРХАНД ОЙРТ, ТЭГЭЭД ТҮҮНТЭЙ ХЭЛЭЛЦ