ТАНЫ ЗҮРХ БУРХАНТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?

ТАНЫ ЗҮРХ БУРХАНТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?

Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Иеремиа 29:12-13

Зүрх маань өвдвөл бид мэргэжлийн эмчид ханддаг. Зүрхний эмчилгээ гэсэн Грек үг нь кардиа буюу зүрх, логиа буюу судлал гэсэн хоёр үгээс бүтдэг. Тэгэхээр зүрхний эмч зүрхийг судалсан хүн байх нь. Зүрх гэдэг их онцгой үг. Эртний Грекийн Аристофан, Хомерийн үед энэ үгийг анатомийн зорилгоор хэрэглэдэг байснаас гадна хүмүүсийн амьдралыг удирдах дотоод төв гэсэн утгаар хэрэглэж ирсэн.
Гэхдээ энэ үгийг алдаршуулсан хүмүүс бол Библийн бичээчид. Тэд энэ үгийг маш олон утгаар хэрэглэсэн байдаг. Хамгийн эхэнд хүмүүсийг гэм нүгэлд бүрэн автсаныг харахдаа Бурханы зүрх зовлонгоор дүүрсэн тухай өгүүлсэн.
Дараа нь Мосе Бурханы үгийг дамжуулан “Миний ард түмнийг чөлөөл” хэмээн Фараонд хэлэх үед Фараоны зүрх хатуурсан тухай өгүүлсэн. Энд Фараон өөрийнхөө зүрхийг хатууруулснаас гадна Бурхан Фараоны зүрхийг хатууруулсан тухай хүүрнэдэг.
Еврей айлуудын үүдэнд мезуза нэртэй дотроо хуйлмал бичиг агуулсан жижигхэн хайрцаг бий. Энэ хуйлмал бичигт “Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭН-ээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн Дэд Хууль 6:4,5 эшлэл байдаг. Мосегийн хуулинд хаан хүнийг агт морьд, эмс хүүхнүүд, эд баялагт хэт автаж болохгүй гэж сургасан. Эс тэгвээс түүний зүрх уруу татагдана гэж сануулсан. (Дэд Хууль 17:17).
Хэн нэгэн хүн асуудалд орох үед тэр хүнийг ойр дотныхон нь “Манай хүн угтаа буюу зүрхэндээ их сайн хүн” гэж өмөөрч хаацайлдаг. Гэтэл ах дүүсийнхээ үнэн байдлыг хэлснийхээ төлөө үргэлж нүд үзүүрлэгддэг байсан эш үзүүлэгч Иеремиа “Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй” (Иеремиа 17:9) хэмээн эрс хэлсэн. Мөн Америкийн анхны номлогчдын нэг Жонатан Эдуардс ч мөн “Хүмүүний зүрх бол хорт могой бөгөөд Бурхан руу харан исгэрч, хороо үсчүүлэн байдаг” хэмээсэн. 
Бид хүмүүсийг гаднаас нь хараад дүгнэдэг ч олон тохиолдолд бидний дүгнэлт бодит үнэнээс тэс өөр байдаг. Хэрвээ бид түнэр харанхуйд, өөрсдийнхөө зүрхний угийг нээгээд үзэх юм бол тэндээс аймшигтай зүйлсийг олж харна. Бурхан хүмүүний зүрх ямар хорон муу болсныг харахдаа их үерээр устгах сонголт хийж байсан. Энэ тухай Библид “ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад...” (Эхлэл 6:5) хэмээсэн буй.
Гэхдээ зүрхтэй холбоотой нэгэн сайн мэдээ бий. Бид гэмээс болж харанхуйлсан зүрхээ Бурхан руу эргүүлж, Түүний өмнө чин сэтгэлээсээ ирвэл Бурхан биднийг хүлээн авдаг. Учир нь хэдийгээр бид сул дорой ч Түүний өмнө чин зүрхнээсээ ирж буйг Тэр мэддэг. 
Тиймээс ч Иеремиа 29:12-т Бурхан бидэнд хандан “Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно" хэмээн айлдсан. Энд “бүхий л зүрхээрээ” гэсэн үг байгааг бид харж байна. Таны зүрх сэтгэл ямар нэгэн зүйлд бүрэн зориулагдаж байгаа эсэхийг ганцхан та л мэднэ. Бас Бурхан мэднэ.


БҮХИЙ Л ЗҮРХЭЭРЭЭ БУРХАНЫГ ХАЙ.