НАЙЗТАЙГАА ЯРИХ ЯРИА Ч ЗАЛБИРАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ

НАЙЗТАЙГАА ЯРИХ ЯРИА Ч ЗАЛБИРАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ

Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. Малахи 3:16

Эмэгтэйчүүд ихэнхдээ ярих дуртай. Харилцаанд өндөр ач холбогдол өгдөгтэй нь шууд холбоотой байх гэж боддог. Тиймдээ ч бидний хувьд өөрсдийн бодол санаа, дотроо төрсөн мэдрэмжийг бусад эмэгтэйчүүдтэй хуваалцах цаг маш чухал. Гэвч бидний өдөр тутмын амьдралын хэмнэл улам бүр хурдассаар, ихэнх эмэгтэйчүүдийн хувьд найз нөхөдтэйгөө ярилцах цаг зав улам бүр багассаар.
Гэхдээ бусадтай ярилцах харилцан яриа залбирлын нэг хэлбэр болдог гэдгийг та мэдэх үү? Хуучин гэрээний Малахи номын 3:16 эшлэлд “Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ” хэмээн бичигдсэн.
Та Бурханд итгэдэг, Бурханыг хайрладаг хүмүүстэй уулзаж, тэдэнд өөрийн ажил хөдөлмөр, гэр бүл, үр хүүхэд гээд амьдралд тохиолдсон бүхнийг хуваалцан ярилаа гэж бодъё. Хэрвээ та бүхний тэрхүү яриа чинь Бурхан төвтэй байвал Эзэн анхааралтай сонсож, тэр бүх яриаг чинь Эзэн Өөрийг нь алдаршуулсан хүндлэл хэмээн тооцдог байх юм. 
Мэдээж бидний хэлсэн ярьсан бүхэн залбирал болдог гэсэн үг биш л дээ. Гэхдээ Бурханд итгэдэг хүмүүс хамтдаа цуглараад Бурханы тухай ярилцах үед өөр хэн Нэгэн бидний яриаг сонсож байдаг байх нь. Тэр нэгэн бол Бурхан юм. Тэр бүү хэл бидний ярьсан зүйлсийг Тэр тэмдэглэж авдаг. “ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ” хэмээсэн нь Бурхан Өөрийг нь хайрлаж, хүндэлдэг хүмүүсийг марталгүй санаж байдаг гэсэн утгатай. Тэр ч бүү хэл бид харилцан яриагаараа Бурханыг хүндлэн дээдлэх үед энэ нь Бурханы зүрх сэтгэлд баяр хөөрийг өгдөг гэдэгт би итгэдэг. 
Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ дотны найзтайгаа сүнслэг зүйлсийн талаар ярилцсан бэ? Библиэс авсан урам зориг ч юмуу эсвэл өөрт байгаа сүнслэг тэмцлээ хэзээ хамгийн сүүлд хуваалцсан бэ? Та болон таны найз нөхөд Бурхантай харилцах харилцаагаа илүү ойр дотно болгоход нь бие биеэ урамшуулан ятгадаг уу? Найз нөхөдтэйгөө уулзах үедээ амьдралд чинь хийсэн сайн бүхний төлөө Бурханд талархал магтаалыг та өргөдөг үү? 


ТИЙМ БОЛ, ТЭР ТАНЫГ СОНСОЖ БАЙГАА!