ХАР БАРААН ӨДРҮҮД

ХАР БАРААН ӨДРҮҮД

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Дуулал 91:1

Шаналал зовлонд автаж цөхөрч гүйцсэн үедээ Бурхантай уулзсан хүмүүсийн түүх хэнд ч гүн сэтгэгдэл төрүүлдэг. Япончууд Филиппинийг эзэлсэн тэр үед Элегадо зэсийн уурхайд ажилладаг байжээ. Багуио мужийн ойролцоох уурхай руугаа саадгүй явж очихын тулд Элегадо машин дээрээ заавал хууль бусаар Япон наалт наах ёстой болов. Тэгж байж тэрээр Японы хянан нэвтрүүлэх цэгүүдийг амжилттай давдаг байв.
Гэвч удалгүй Элегадо Япончуудад баривчлагдаж Манила дахь шоронд хүргэгджээ. Ард үлдсэн эхнэр гурван хүүхэд нь амралтын өдрүүдээр алга болсон Элегадог цөхөртлөө хайдаг байв. Элегадог шоронд хоригдсон гэдгийг мэдсэн ч аль шоронд хоригдсоныг мэдэхгүй байлаа. Хэрвээ түүнийг яаралтай олохгүй бол хоригдлуудад өгдөг нэг өдрийн норм болох ганц аяга будаагаар удаан тэсэхгүй гэдгийг эхнэр нь сайн мэдэж байв. Гэвч хичнээн шаргуу хайгаад ч тэд түүнийг олж чадсангүй. “Хэрвээ Бурхан гэж байдаг бол надад туслаач дээ” хэмээн тэр уйлан залбирчээ.
Ингээд найман сарын турш шаргуу эрж хайсны эцэст тэд Элегадог олж түүнд эргэлтээр хоол хүнс оруулах боломжтой болов. Элегадо тэрхүү түнэр харанхуй шоронд дахин хоёр жил хоригдсон ч энэ бүх хугацаанд Бурхан түүний амь насыг авран хамгаалсаар эцэст нь тэрээр эсэн мэнд суллагдсан юм. Тэр цагаас хойш Элегадогийн гэр бүлийнхэн амь насыг нь аварсан Бурханд бүх амьдралаа зориулна хэмээн шийдсэн гэдэг. 
Сонирхолтой нь Японы шоронд хоригдсон нь хэдийгээр аймшигтай зүйл байсан боловч энэ нь Элегадогийн амийг аварсан байна. Учир нь түүнийг баривчлагдсаны дараахан Филиппиний партизанууд Элегадогийн амийг хөнөөхөөр гэрт нь иржээ. Элегадо машин дээрээ Япон наалт наасан нь эх орноосоо урваж, Япончуудтай хамтарсны тэмдэг гэж тэд үзэж байв. Харин аз болоход тэр үед Элегадо шоронд хоригдож байсан юм. 
Заримдаа бид яг л Элегадо шиг түнэр харанхуй газарт хоригдчихсон мэт нөхцөл байдалд ордог. Гэхдээ тэр нь биднийг илүү ноцтой аюулаас авран хамгаалсан Бурханы бамбай ч байж мэдэх юм. Учир нь Дуулал 91-р бүлэгт хэлэхдээ “Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм” хэмээн бичигдсэн байдаг.


БУРХАН ЮУ ХАРСНЫГ БИД ЯАЖ ХАРЖ СУРАХ ВЭ?