ТА СҮМ ЧУУЛГАНД ИТГЭХ ИТГЭЛЭЭ АЛДСАН УУ?

ТА СҮМ ЧУУЛГАНД ИТГЭХ ИТГЭЛЭЭ АЛДСАН УУ?

Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Илчлэл 2:4 

“Хүндэт Харолд, би нэгэн томоохон урсгал чиглэлийн чуулганд хамрагддаг юм. Гэтэл чуулганд маань газар аваад байгаа либерализм надад огтхон ч таалагдахгүй байна. Манай чуулган хотдоо сайханд тооцогдох барилгатай, маш гайхалтай найрал дууны багтай. Тэгсэн хэрнээ Бурханы үгийг тунхаглах тал дээр маш хойрго. Ийм чуулганууд хэдийгээр маш их баян чинээлэг боловч нөгөөтэйгүүр маш хоосон ядуу байдаг юм байна” хэмээн нэгэн сонсогч маань надад бичсэн юм.
Магадгүй танд ч бас энэ хүнтэй адил зүйл тохиолдсон байж болно. Магадгүй ийм төрлийн чуулганд өсөж өндийсөн байж ч болох. Танай чуулган таныг ухаан орохын л маш том чуулган байсан. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн байж болно. Зарим том чуулганд Элч нарын тунхаг уншиж, уламжлалт дуунуудыг дуулж, өргөл өргөж, Библиэс уншдаг ч амь байдаггүй.
Өнөөдөр маш олон том урсгал чиглэлийн, нэгэн цагт хүчирхэг байсан чуулганууд одоо арай хийн амиа авч явж байна. Заал танхим нь хоосон шахуу. Тэдний гол зорилго нь санхүү босгох. Ийм чуулганууд надад нэгдүгээр зууны үеийн Лаодикийн чуулганыг санагдуулдаг. Тэдний тухай Иохан Бурханы үгийг дамжуулан бичихдээ “Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна” (Илчлэл 3:17) хэмээсэн. Сонирхолтой нь Лаодик нүдний тосоороо алдартай хот байсан. Харин Бурхан тэдэнд нүдээ нээхийн тулд Бурханаас нүдний тос авахыг зөвлөсөн.
Өнөөдөр ийм чуулганууд хүнгүй шахуу байдаг нь аргагүй юм. Зарим томоохон хотуудад ийм амьгүй болсон чуулганы байруудыг ресторан эсвэл агуулах болгон ашиглах болсон. Тэгвэл түүхэн итгэлээ орхисон энэ мэт чуулгануудад найдвар бий гэж үү? Хэрвээ бид түүхийг нухацтай судалбал ийм газарт шинэчлэлт хийгдэх магадлал маш бага.  
Гэтэл долоо хоног бүр олон хүн энэ чуулгандаа хамрагдаж хүндэтгэл мөргөл өргөсөөр байх болно. Эцэст нь энэ бүх нөхцөл байдал тэдний сэтгэлд нийцэхээ болихын цагт тэд чуулганаа орхидог. Харамсалтай нь тэд ийм шийдвэр гаргахдаа чуулганд итгэх итгэлээ бүр мөсөн гээдэг.
Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт мега чуулганууд гарч ирсэн. Тэд Библийн сургаал, хүндлэл мөргөлд онцгой анхаарч, хүмүүсийг утга учиртай амьдралд уриалан дууддаг. Тийм чуулгануудын ихэнх нь итгэгчдээ дагалдагчийн бүлэг, эсийн бүлэг, гэрийн бүлэг гэх зэрэг янз бүрийн жижиг бүлгүүдэд хамрагдахыг уриалдаг. 
Нөгөөтэйгүүр сүүлийн үед нэгэн цоо шинэ хандлага газар авч байгаа нь гэр чуулгануудын хөдөлгөөн юм. Тэдэнд байр байхгүй, ажилтан байдаггүй. Томоохон чуулганд тулгардаг аливаа асуудлууд байдаггүй.
Тэгвэл уламжлалт чуулгануудад найдвар бий юу? Бурхан сэтгэл нь хөрсөн Лаодикийн чуулганыг гэмшиж, өөрсдийнхөө сүнслэг ядуурал, сүнсний хоосролыг хүлээн зөвшөөрөхийг сануулсан. Ийм чуулганыг сэргээх гэдэг хэцүү. Гэхдээ боломжгүй биш! 
Эцэст нь Лаодикийн чуулганыг зэмлэхдээ Есүс Өөрийгөө хаалган дээр зогсоод тогшиж байна гэж хэлсэн байдаг. Хэрвээ тэд үүдээ нээвэл Тэр орж тэдэнтэй хамт байх болно гэж хэлсэн байдаг (Илчлэл 3:20). Чуулганы хаалга хаалттай, харин чуулганыг бий болгосон Нэгэн хаалганы гадна хаалга тогшоод зогсож байна гэдэг өрөвдөлтэй, харамсалтай хэрэг. 
Сүрлэг том сүмийн байр уу, эсвэл агуулах сав, гэртээ цугларч байна уу гэдэг хамаагүй. Ариун Сүнсний оршихуй, итгэгчдийн нөхөрлөл, Христийг хайрлах хайр буй, Бурханы хөлд сөгдөн хүндэтгэл мөргөл өргөж болох тэр газрыг л би илүүд үзнэ.


ТА ҮҮДЭЭ НЭЭВЭЛ ЕСҮС ОРЖ, ТАНТАЙ ХАМТ БАЙХ БОЛНО.