ХАРИЛЦААНААС ҮҮДЭЛТЭЙ СЭТГЭЛИЙН ХЯМРАЛЫГ ХЭРХЭН ДАВАН ГАРАХ ВЭ?

ХАРИЛЦААНААС ҮҮДЭЛТЭЙ СЭТГЭЛИЙН ХЯМРАЛЫГ ХЭРХЭН ДАВАН ГАРАХ ВЭ?

Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах. Сургаалт үгс 23:7

Ханьтайгаа харилцаж буй таны харилцаа эрүүл мэндэд тань нөлөөлдгийг мэдэх үү? Таны харилцаа, цусны даралт стрессийн хэмжээнд нөлөөлж улмаар зүрхийг тань өвчлүүлж үхэлд хүргэх ч боломжтой гэнэ.
Гурван жилийн өмнө Торонтогийн анагаахын их сургууль 103 хос дээр судалгаа хийжээ. Тэд хосуудыг “аз жаргалтай гэр бүл” болон байнга маргалдаж муудалцдаг “аз жаргалгүй гэр бүл” гэсэн хоёр ангилалд хуваав. Ингээд гурван жил судалгаа явуулсны үр дүнд аз жаргалтай, бие биедээ цаг гаргадаг хосууд илүү эрүүл байхад байнга муудалцдаг, бие биедээ цаг гаргадаггүй хосуудын даралт хэвийн хэмжээнээс дунджаар зургаан нэгжээр илүү байгааг тогтоожээ.
Тэгэхээр аз жаргалтай хосууд аз жаргалгүй хосуудыг бодвол харьцангуй урт насалдаг, зүрхний шигдээсээр өвчлөх нь бага байдаг байна. Хэдийгээр аз жаргалтай гэр бүлийн амьдралыг бий болгох эмийг эмч бичиж өгч чадахгүй ч аз жаргалтай гэр бүлийн амьдралыг цогцлоох нууцыг бид Библиэс олж үзэж болно.
Өөрт чинь хэрхэн хандаасай гэж хүссэнчлэн бусдад тэгж ханд, зөрчилдөөнөө шийдвэрлэлгүйгээр бүү унт, уучлахдаа хурдан бай, уурлахдаа удаан бай гэх зэрэг Библийн энгийн зөвлөгөөнүүдийг дагаж эхэлбэл амьдрал тань хавьгүй илүү аз жаргалтай болно.
“Сэтгэлийн шарх зүрхний өвчнийг төрүүлдэг” гэх нийтлэлдээ сэтгэл судлаач Ван Бурен Хаммет уур бухимдал нь бидний бие махбодод хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлсэн. Бидний харилцаа уур бухимдлаар дүүрэх үед, бид таагүй харилцаатай байгаа хүнээ бодох бүрт бидний бие махбодод уур, айдас, түгшүүрийн мэдрэмж төрдөг байна. Энэ нь биднийг маш ихээр стресстүүлж, стресс дарамт нь бидний бие организмд, онцгойлоод зүрхэнд маш муугаар нөлөөлдөг байх нь.
Тэгвэл сэтгэл хөдлөлтэй холбоотой стрессээс хэрхэн ангижрах вэ? Бид эм ууж болох ч эм уулаа гээд биднийг стресстүүлж байгаа асуудал аяндаа алга болохгүй. Ямар ч эм тариа, мэс засал бидний бодол санааг өөрчилж, биднийг стресстүүлж буй асуудлыг алга болгож чадахгүй.
Таныг стресстүүлээд байгаа асуудлаас та холдох гэж оролдож болно. Маш олон хүн энэ алхмыг хийдэг. Тэд зайлсхийж, зугтаж, бүр салдаг. Гэхдээ л тэдний стресс үгүй болдоггүй. Учир нь үзэн ядаад байгаа хүнээ тэд мартаж чаддаггүй. Бусдыг үзэн ядна гэдэг угтаа бол өөрөө хор уучихаад өрөөлийг үхнэ гэж хүлээж буйтай адил.
Харин үүнээс илүү дээр арга зам бий. Уур хилэн, үзэн ядалтаа уучлалаар сольж “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх бодлоо орхих нь таныг илүү аз жаргалтай хүн болгоно.
Английн Глоустер сүмд Клоистерын цэцэрлэг хэмээх нэгэн дурсгалт газар бий. Энд байх нэгэн эртний нарны цаган дээр нэгэн онцгой үгсийг бичиж үлдээсэн байдаг. “Бурханд зүрхээ өг, үйлчлэлээ өг, алт мөнгөө өг. Учир нь өдөр хоног улиран өнгөрсөөр, цаг хугацаа урсан одсоор байна” хэмээжээ.
Бид цаг хугацааг ухрааж, уурын мунхагтаа хэлсэн үгсээ эргүүлэн татаж чадахгүй ч урагш алхаж чадна. Өнгөрсөн үеэс сэтгэлдээ тээн авчирсан хог новш бүхнийг дотроосоо зайлуулан хаяж чадна.


БУРХАНД ЗҮРХЭЭ ӨГ.