БУРХАН ХҮМҮҮНИЙ ЗҮРХИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ?

БУРХАН ХҮМҮҮНИЙ ЗҮРХИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ?

Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу. Сургаалт Үгс 4:23

Тэр өндөр боловсролтой, нийгмийнхээ хамгийн нэр хүндтэй, хүчирхэг бүлгэмийн гишүүн. Эрх мэдэлтэй, үүнийгээ ч зоригтойгоор ашигладаг. Орчин үеийн стандартаар бол түүнийг бид хэт барууны нацист үзэлтэн гэж нэрлэж болно. Тэрээр хэсэг бүлэг хүмүүсийг үзэн ядаж, тэднийг устгах үйлсийг амьдралынхаа зорилгоо болгосон. Тэр тэднийг гэрээс нь чирж гарган гянданд хаяхдаа үүнийгээ юман чинээ боддоггүй байв. Тэдний хүн нэг бүрийг нь устгаж дуустлаа зогсохгүй хэмээн өөртөө амласан.
Тэр хэн бэ? Христитгэлийн түүхэнд Есүс Христийн удаах чухал хүн болсон элч Паул. Библийн өөр хаана ч ингэж эрс өөрчлөгдсөн хүн байхгүй гэж хэлж болно. Бурхантай уулзсаны дараа хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болдгийн хамгийн тод жишээ бол Паул билээ. 
Паулыг Есүстэй уулзах үед түүний дээрээс хурц гэрэл тусаж, улмаар газарт хөсөр унасан. Түүний нүд сохорч гурван өдөр хоол ч идэж чадахгүй болсон. Бурхан түүнийг хэрхэн эдгээж, цоо шинэ амьдралыг өгсөн тухай сонирхолтой түүхийг та Үйлс 9-р бүлгээс уншиж болно. Бурхан түүнийг сайнмэдээг харь үндэстнүүд болон хаад ноёдод хүргэх элч болгон сонгосон.
Хэдийгээр тэр үзэн ядалтад автсан харгис хэрцгий нэгэн байсан ч Бурхан түүний зүрхэнд мэс засал хийсэн. Тэр Бурханы өмнө өвдөлтөө даалгүй өвдөг сөгдсөн. Ийм гайхалтай өөрчлөлт бидний амьдралд ч мөн ирэх боломжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд бид шалдаа бууж, өвдөг сөгдөх тэр цагт бидний зүрхийг Бурхан өөрчилдөг. 
Хүний зүрх хэрхэн өөрчлөгддөг талаар зохиолч Кати Грэйвс “Бидний зүрх өөрчлөгддөг тэр газар бол зовлон бэрхшээлийн ангал юм” гэж бичсэн. “Хэрвээ бидний амьдрал дахь зовлон бэрхшээлийн үр дүнд бидний амьдралд өөрчлөлтийн хурц гэрлийг тусдаг бол яах вэ? Амьдралыг маань хөмрүүлсэн зовлон бэрхшээл л биднийг өвдөг сөгдүүлж, түнэр харанхуйд тусах найдварын гэрэл байвал яах вэ?” хэмээн асуусан. Бид бууж өгч, өвдөг сөгдөх үедээ бидний амьдралд хандсан Бурханы өөрчлөлтийн ажлуудыг хүлээн авахдаа бэлэн болдог.
Зүрхийг өөрчлөн шинэчлэх ажлыг Ариун Сүнс хийдэг. Езекиел номд Израилийн ард түмэн Бурханаа орхин хиймэл шүтээн шүтсэн тухай өгүүлдэг. Харин Бурхан тэдэнд хандан “Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ” (Езекиел 36: 26-27) хэмээсэн.
Бидний дотор буй Бурханы Сүнс бидний хатуурсан, чулуужсан зүрхийг өөрчлөн шинэчилдэг. Библийн тайлбарлагч Маттью Хенри энэ тухай хэлэхдээ “бидний зүрх тэнгэрлэг нөлөөллийг хүлээн авах, Бурханыг хайрлан дагах чадваргүй юм” хэмээн тодорхойлсон. Харин амьдралд маань зовлон бэрхшээл тохиолдож биднийг өвдөг сөгдөхөд хүргэх үед, заримдаа бид зүрхээ Бурханд өргөх шийдвэр гаргадаг. 
Та хайртай хүнийхээ зүрхийг өөрчлөхийн төлөө чин сэтгэлээсээ залбирч үзсэн үү? Эхнэр эсвэл нөхөр, үр хүүхдээ өөрчлөгдөхийн төлөө залбирч байв уу? Үнэндээ бид яаж ч хичээгээд бусдын зүрхийг өөрчилж чадахгүй. Гэхдээ бид Бурханы өмнө өвдөг сөгдөн тэр хүмүүсийг үргэлжлүүлэн хайрлахын тулд бидний зүрхийг, амьдралыг маань өөрчилж өгөөч гэж залбирч чадна. Үл итгэгч хүмүүсийн тухай өгүүлэхдээ Иов “Бурхан амийг нэхэн таслахаар шийдсэн бол Сүсэг бишрэлгүй хүний найдлага нэгэнт өнгөрдөг бус уу?” (Иов 27:8) хэмээсэн. Таны ойр дотны хүмүүс Бурхантай уулзах хэрэгтэй. Харин үүнд таны тэдэнтэй харилцах харилцаа чухал үүрэгтэй гэдгийг та битгий мартаарай. 
Бурхан үнэхээр хүний зүрхийг өөрчилж чаддаг гэж үү? Бурхан чадахаар барахгүй, гайхамшигтай арга замаар өөрчилдөг. Хэрвээ таны амар жимэр амьдралд зовлон бэрхшээл тулгарч, таныг сөхрүүлсэн бол энэ цаг таны хувьд Бурханд зүрхээ өргөн цоо шинийг хүлээн авах хамгийн тохиромжтой цаг юм шүү.


ЗҮРХИЙГ ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭГЧ БУРХАНД ХАНД.