ЗҮРХИЙГ ХЭРХЭН АНАГААХ ВЭ?

ЗҮРХИЙГ ХЭРХЭН АНАГААХ ВЭ?

Зүрх гэдэг бүхнээ илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ? Иеремиа 17:9

Германы алдарт мэс засалч Др.Вернер Форссманн анагаахын сургуульд сурч байхдаа нэг санаа сэджээ. Тэрээр артерийн судсанд нарийхан гуурс хийж зүрх рүү хүргэвэл өвчтэй зүрхийг рентгенээр харж болно гэдэгт итгэлтэй байв. Гэвч багш нар нь түүний энэ санаанаас болгоомжилж, түүнийг энэ санаагаа туршиж үзэхийг нь хоригложээ. 
Гэвч Форссманн зогссонгүй. Тэрээр өөрийгөө туршилтын туулай болгож, судсандаа бяцхан гуурс хийж, өөрийгөө рентгенээр харж энэ нь боломжтой болохыг баталжээ. Энэ зоригтой эр зүрхний титэм судасны өвчнийг эмчлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, зуу зуун мянган хүмүүсийн амийг аварсан. Түүний энэхүү нээлт дээр тулгуурлан зүрхний өвчнийг оношилж эмчлэх орчин үеийн маш олон арга барил бий болсон байдаг. 
Тэгвэл 1959 онд Америкийн зүрхний их эмч Др.Ф.Мэйсон Сонэс артерийн судсанд будагч бодис хийж зүрхийг рентгенээр харах арга буюу ангиограмын аргыг анх нээсэн. Энэ аргаар артерийн судсан дахь бөглөрлийн хэмжээг тодорхойлох боломжтой болжээ. 
Артерийн судас бидний зүрхэнд хүчилтөрөгч хүргэдэг. Хэрвээ артерийн судас бөглөрч эхлэх юм бол аажмаар зүрхний үйл ажиллагаа доголдоход хүргэдэг байна. Олон жилийн турш цээжийг нээж хөлнөөс нь авсан хэсэг судсаар өвчилсөн артерийн судсыг орлуулан залгадаг эмчилгээ стандарт эмчилгээнд тооцогддог байсан. Харин Др.Томас Ж.Фогарти нар үүнээс илүү дээр, илүү эрсдэлгүй аргыг эрэлхийлэх болжээ. Улмаар 1963 онд анхны хийлдэг катетерийг бүтээж түүгээрээ дамжуулан судасны дотоод хананд үүссэн бөглөрлийг арилгаж, судасны ханыг тэлэх эмчигээг хийх болжээ.
Др.Фогарти бол аливааг сайжруулан хөгжүүлэхийг ямагт хүсдэг, шинийг сэтгэгч, зохион бүтээгч хүн байсан. Тэрээр 500 мянган доллар дагалддаг MIT-Лемелсон хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэх үедээ “Би энэ бүх амжилтанд хүрэхдээ би “Үүнийг илүү дээрээр хийх арга зам байна уу?” гэсэн нэг л асуултыг асуудаг байсан.”
Тэрээр зүрхний мэс заслын арга барилтай холбоотойгоор 63 тусгай нээлт хийж, түүнийхээ патентыг эзэмшдэг. Учир нь тэр өмнөө байгаа арга барил, тоног төхөөрөмжийг илүү сайжруулж болно гэдэгт үргэлж итгэдэг байсан юм. 
Эрүүл мэнд, анагаах ухаан, технологийн салбарт маш их ахиц дэвшил гарсан ч маш олон хүмүүс янз бүрийн шалтгаанаар тэр бүх боломжуудыг ашиглахыг хүсдэггүй. Үүний цаана ихэнхдээ айдсын хүчин зүйл нөлөөлж байдаг. Би нэг найзтайгаа ярилцаж байгаа түүний цусан дахь холестролын хэмжээ 300 давчихсан тухай сонссон. Учир нь цусан дахь холестролын хэмжээ 200 хүрэхэд л маш өндөр байна гэж үздэг. Тэгээд эмч нь түүнд цусан дахь холестролын хэмжээг буулгахад үр дүнтэй нь нотлогдсон эмээр курс эмчилгээ бичиж өгчээ. Гэвч тэр эмээ уудаггүй гэнэ. Яагаад? гэж асуутал “Би зүгээр л эм уух дургүй” гэж тэр хариулсан. 
Хэдийгээр бидний зүрх бидний эрүүл мэндэд амин чухал боловч Библи дээр бидний зүрхийг бидний сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжийг хянаж байдаг төв хэмээн тодорхойлсон. Яруу найрагчид зүрхний тухай шүлэглэж, хосууд зүрхний тухай дуулж, эмч нар зүрхээ эрүүл байлгахыг зөвлөдөг. 
Уиллиам Коуперийн зохиосон нэгэн хуучны магтуу дуунд “Иммануэл Эзэний минь цус гол мэт урсахад, тэр л голын усанд гэм нүглийн бүхий л буруутгал урсан одсон” хэмээн өгүүлдэг. 
Эмчийн бичиж өгсөн эмийг уух дургүй хүмүүс эмч нарын ч эмчилж чаддаггүй тэр өвчнийг анагаах Бурханы арга замыг хүлээн авахдаа дурамжхан байх нь аргагүй. Энэ өвчин бол хүн төрөлхтний хар толбо. Энэ бол гэм нүгэл. 
Харин бүр сонирхолтой нь зарим хүмүүс зүрхний эмээ уухдаа тууштай байдаг хэрнээ гэм нүглийг эмчлэх эмчилгээг хүлээн авахдаа маш хойрго. Гэтэл угтаа бол энэ хоёр хоёулаа л бидний үхэл амьдралыг шийдэх чухал асуудал. 


ЗҮРХЭЭ ХАМГААЛ, УЧИР НЬ ТҮҮНЭЭС АМИЙН БУЛГУУД УНДРАН ГАРДАГ.