ГЭРЛЭЛТЭЭ ХЭРХЭН БОСГОН БАЙГУУЛАХ ВЭ?

ГЭРЛЭЛТЭЭ ХЭРХЭН БОСГОН БАЙГУУЛАХ ВЭ?

Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Сургаалт үгс 8:14a

Бид асуудлыг эерэг талаас нь хардаг уу, сөрөг талаас нь уу гэдгээс үл хамаараад энэ зарчим бидний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг. Тэгвэл та эхнэрээ яаж хардаг вэ? “Ерөөсөө юу ч хийж чадахгүй юм” гэж гомдоллодог уу? Эсвэл эхнэрийнхээ бусдыг босгон байгуулдаг давуу талыг нь түрүүлж олж хардаг уу? 
Эсрэгээрээ эхнэрүүд нөхрөө яаж хардаг вэ? Түүнийг залхуу, зурагтын өмнө суучихаад өдөржин хөлбөмбөг үздэг унхиагүй амьтан мэтээр хардаг уу? Дандаа түүний сул тал, бүтэлгүйтэл, таны уур уцаарыг хүргэдэг жижиг сажиг алдаа дутагдлыг нь олж хардаг уу? Хувцсаа хаа хамаагүй тайлж хаяад байна уу? Гурван алхмын цаана байгаа хувцасны шүүгээг олж харахгүй байгаа юм шиг санагддаг уу?
Хогоо гаргаж хаях, хүүхдээ сургуулиас нь авах гэх зэрэг ажлуудыг хэн хийдэг вэ? Бид энэ мэт аар саархан асуудлаас болж муудалцдаг тэр бүх зөрчилдөөнийг үгүй болгочихвол гэр бүлийн амьдрал хамаагүй дээр байх боломжтой. Учир нь тэр бүх жижиг сажиг, аар саархан асуудлууд бидний хооронд зөрчилдөөнийг өдөөж, бидний дотор бие бие рүүгээ чиглэсэн сөрөг хандлагыг бий болгодог. Энэ бол маш хортой, халдвартай хандлага. 
Библид “Өчүүхэн үнэгнүүд усан үзмийн тариаланг сүйтгэдэг” гэж бичигдсэн (Соломоны дуун 2:15b). Ихэнх тохиолдолд бид тэрхүү жижигхэн зүйлсээс болоод дотроо сөрөг хандлага тээж эхэлдэг. 
Би хосуудад зөвлөгөө өгөхдөө тэднээс “Та эхнэр эсвэл нөхрийнхөө сайн чанаруудаас хэлж өгөөч? Учир нь тань шиг ухаантай, тань шиг үзэсгэлэнтэй хүн мэдээж олон сайн чанарыг тээсэн хүнтэй л гэр бүл болсон байж таарна шүү дээ?” гэж асуудаг.
Тэгвэл та эхнэрээ эсвэл нөхрөө харахдаа өөдрөг хүн шиг ханддаг уу, гутранги хүн шиг ханддаг уу? Колоссайн чуулганд хандан бичсэн захидалдаа элч Паул “Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучил...” (Колоссай 3:13a) гэсэн байдаг. Энд гарч буй “хүлцэх” гэдэг үг нь “хайр дотор нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх” гэсэн утгатай үг. 
Сэтгэл судлаач, Др.Карл Т.Кларк гэр бүлийн зөвлөгөөгөөр мэргэшсэн нэгэн. Тэрээр гэр бүл болсон хосуудад зөвлөгөө өгөхдөө хамгийн түрүүнд тэднээс ханийнх нь сайн, давуу чанаруудыг, дараа нь тэдний нийтлэг зүйлсийг,  эцэст нь тэднийг хамтад нь нэгтгэдэг зүйлсийн талаар асуудаг байна. Үр хүүхэд, тэмдэглэлт өдрүүд тэр бүү хэл хамтдаа даван туулсан уй гашуу ч байж болно.
Др.Кларкын санал болгодог гурав дахь алхам нь хосууд нэг нэгэндээ шүүмжлэлийн биш урмын үг хэлэх явдал юм. Үүнийгээ “эерэг дэмжлэг” гэж Др.Кларк нэрлэжээ. “Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.” (Филиппой 4:8) 
“Гэрлэлт гэдэг бол өдөр бүр босгон барьж байх ёстой өндөр барилга” хэмээн Андрэ Мауро бичсэн. Та энэхүү барилгыг барихдаа эерэг хандлагатай байх юм бол таны урмыг хугалдаг олон зүйл таны амьдралаас үгүй болж, та илүү аз жаргалтай нэгэн болно. Тиймээс нөхрийнхөө тайлаад шидчихсэн оймсыг эмхлэхдээ та “Намайг хайрладаг нөхрийг өгсөнд баярлалаа, Бурхан минь. Нөхрийнхөө оймснуудыг хаанаас олж болохыг мэддэг болгож өгсөнд баярлалаа” гэж залбирахыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл гомдоллохын оронд ТАЛАРХАХ ямар нэгэн шалтгааныг олж хараарай.


ГЭРЛЭЛТ – ӨДРӨӨС ӨДӨРТ СҮНДЭРЛЭХ ЁСТОЙ БАРИЛГА.