ЦАГ ХУГАЦААГ ХЭРХЭН УХААЛГААР АШИГЛАХ ВЭ?

ЦАГ ХУГАЦААГ ХЭРХЭН УХААЛГААР АШИГЛАХ ВЭ?

Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Ефес 5:15a

Цаг хугацааг бид өдөр хоногоор биш хором мөчөөр хэмжиж байх учиртай. Учир нь бидний амьдралын хором мөч бүр Бурханаас ирдэг. Яг л элсэн цаган дотор элс мэт бидний амьдралын хором мөч бүр бидэнд анзаарагдалгүйгээр урссаар байдаг. Тэр бүх хором мөчүүд нийлж цаг, өдөр, сар, жилүүдийг бий болгодог. 
Элч Паул итгэгчдэд хэрхэн амьдрах ёстойг сурган хэлэхдээ “Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл” (Ефес 5:16) гэсэн байдаг. Хэрвээ бид Паулын энэ үгийг амьдрал руугаа хөрвүүлэн авч үзэх юм бол дараах хэдэн чухал санааг харж болно.
1. Одоо цагийг үнэлж сур. Та ажлын цагаа хэр баримталдаг вэ? Эсвэл та ажлын цаг цалгардуулагч уу? Олон хүн ажлаа хийхдээ тэгж ингэсхийж цаг нөхцөөж байгаад л ажлын цаг тарахаар яваад өгнө. Тийм бол цагийг бүү дэмий нөхцөө. Хийх ёстой ажлаа ЯГ ОДОО хий. Бидний хийж байгаа ажил биднийг ядраадаг биш харин хийхгүй байгаа ажлууд л бидний санааг зовоож хамгийн ихээр ядраадаг. 
2. Бусдыг хүлээх цагаа ашиглах төлөвлөгөө гарга. Хүн дундажаар амьдралынхаа гурван жилийг ямар нэг зүйлийг хүлээж өнгөрүүлдэг гэсэн судалгааг Висконсиний их сургуулийн аналистууд гаргасан. Гудамжинд явж байсан 100 хүнээс судалгаа авахад тэд бүгд тэр өдөр их бага ямар нэгэн хэмжээгээр ямар нэг зүйлийг хүлээнэ гэдгээ мэдэж байсан. Гэтэл хүлээнгээ юу хийх вэ гэдгээ дөнгөж найман хүн тутмын нэг нь л төлөвлөсөн байжээ. 
3. Өгөгдсөн цаг хугацаанд амжуулах ёстой ажлуудаа эрэмбэл. Амьдралд хүссэн бүхнээ хийх хугацаа угаасаа байхгүй. Тиймээс бид хийх гэж байгаа ажлаасаа аль нь чухал, аль нь чухал биш болохыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Тиймээс та ач холбогдлоор нь эрэмбэлсэн жагсаалт гарга. Өөрөөр хэлбэл та зарим зүйлд “үгүй” гэж хэлж сурах ёстой болно гэсэн үг. Эелдгээр татгалз, гэхдээ өөрийнхөө хэлж байгаа үгийг ойлгогдохоор хэл. Таны амьдралд юу хамгийн чухал вэ? Мөнгө үү? Ажил уу? Гэр бүл үү? Таны амьдралд юу чухал болохыг та өөрөө тодорхойлох ёстой. 
Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа бидний амьдралын цаг хугацаа болон түүнийгээ юунд зориулах талаар маш олон зүйлийг хэлсэн. Есүс “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун” (Матай 6:33) хэмээсэн. Өөрөөр хэлбэл хүмүүс бид Бурханд хүндэтгэл мөргөл өргөх, Түүнд залбирах цагийг гаргах ёстой, бид хэрхэн зөвт амьдрах арга замыг сурах ёстой гэж хэлсэн. Амьдрал дундуур салхи мэт дайрч өнгөрөөд үхэлтэй нүүр тулахын цагт хамгийн чухал зүйлстээ цаг гаргаагүй гэдгээ мэдэх ямар тоогүй хэрэг болохыг Есүс маш сайн мэдэж байсан юм.
4. Хамгийн чухал зүйлст цаг гарга. Хэрвээ та жинхэнэ амжилтанд хүрэхийг хүсвэл сүнслэг амьдралдаа зайлшгүй цаг гаргах ёстой. Хүндэтгэл мөргөл бидэнд амьдралаа тэнцвэртэй болгож, анхаарлаа Бурханд хандуулахад тусалдаг. Бид хүндэтгэл мөргөлийг хойш тавих үедээ Бурхантай харилцах харилцаандаа ач холбогдол, үнэ цэнэ өгч цаг гаргахгүй байна гэсэн үг.
Бурханыг амьдралаасаа түлхэн гаргах нь бидэнд илүү их цаг хугацааг өгөхгүй. Харин ч Бурханаас хүч чадал, аюулгүй байдлыг хүлээн авах боломжийг маань хааж байдаг. Библи дээр нэгэн амжилттай бизнесмэний тухай өгүүлсэн. Түүний хувьд мөнгө ямар ч асуудал биш байсан. Гэвч тэрээр энэ дэлхий дээр маш их эд хөрөнгө цуглуулсан ч, мөнхөд хадгалж чадах эд хөрөнгийг цуглуулж чадаагүй. Тиймээс Бурхан түүнээс “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” (Лук 12:20a) хэмээн асуусан. Тэгвэл таны амьдрал ямар байна вэ? Хэрвээ та өнөөдөр Бурхантай уулзвал Бурханы таны амьдралыг юу гэж дүгнэх бол?


    ЦАГИЙГ ҮНЭЛ.