ӨДӨР БҮРИЙГ ТУЛТАЛ НЬ

ӨДӨР БҮРИЙГ ТУЛТАЛ НЬ

Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. Ефес 5:16

Хэрвээ таны дансанд өглөө бүр 86,400 доллар ордог бол тэгээд тэр өдөртөө мөнгөө яаж ч зарцуулсан үлдэгдэл нь маргааш нь тэг болоод дахин шинээр 86,400 доллар ордог бол та яах вэ? Мэдээж та тухайн өдөртөө нэг ч доллар үлдээлгүй бүгдийг нь зарцуулж дуусгахыг хичээнэ. Гарцаагүй! Тэгвэл танд ийм данс бий. Энэ бол цаг хугацааны данс. Өглөө бүр энэ дансанд 86,400 секунд орж байдаг. Харин шөнө болоход тэр өдөр дуусч маргааш нь таныг дахин 86,400 секунд хүлээж байдаг. 
Цаг хугацааны дансанд чинь өмнөх өдрийн үлдэгдэл хуримтлагдахгүй. Хэрвээ та тэр өдрийг дэмий өнгөрүүлсэн бол та боломжоо алдсан л гэсэн үг. Цаг хугацааг буцаах, ухраах аргагүй. Тийм ч учраас Грекийн гүн ухаантан Теопрастус “Цаг хугацаа бол хүмүүс бидний зарцуулж чадах хамгийн үнэ цэнэтэй зүйл” хэмээн дуу алдсан. Гэвч ихэнх тохиолдолд бид цаг хугацааг төдийлөн үнэлж чаддаггүй. 
Амьдралд тэгш бус зүйл маш олон. Хүн бүрт амжилтад хүрэх боломж адил тохиодоггүй. Гэвч хоногийн 24 цаг бүх хүнд адил өгөгдсөн. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 24 цаг. Бидэнд цаг байхгүйдээ биш харин бид цагийг үр дүнтэй ашиглаж чаддаггүйдээ л бидний олон ажил амжилгүй үлддэг. 
Олон жилийн өмнө элч Паул Ефесийн чуулганы итгэгчдэд хандан хэлэхдээ “Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл” (Ефес 5:16) хэмээн зөвлөсөн. Өөрөөр хэлбэл Паул тэдэнд хандан “Өдөр хоног цөвүүн, харин цаг бага тул цагийг үр дүнтэй ашигла” хэмээн зөвлөсөн. Бидний амьдрал үнэндээ маш богино. Тиймээс хэрвээ та цагаа сайтар ашиглахыг хүсэж байгаа бол яг одоо шийдвэр гаргаад ямар нэг зүйлийг хийж эхлэх хэрэгтэй. 
Цаг хугацаагаа ухаалгаар зарцуулахын тулд бид юуны түрүүнд өнөөдөр бол бидний амьдралын хамгийн чухал өдөр гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та өнгөрснөөрөө амьдрах юм бол танд ирээдүйн найдвар үгүй. Хэрвээ та ирээдүйгээрээ амьдрах юм бол өнөөдрийн найдвар үгүй. Учир нь маргааш хэзээ ч ирэхгүй байж болно. Харин өнгөрсөн гэдэг бол дахиж ирэхгүй цаг хугацаа. Харин таны гарт яг одоо өнөөдөр гэдэг цаг хугацаа байна. 
Харин та өнөөдөр гэдэг энэ өдрийг ухаалгаар өнгөрүүлэхийн тулд хором мөч бүхэн чухал гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Дэмий өнгөрүүлсэн минут бүр нийлсээр цаг болдгийг сана. Хэрвээ та дэл сул гарч буй хором мөчүүдийг ашиглах юм бол төдий хэмжээний цагийг өөртөө бий болгож байна гэсэн үг. 
Нэрт зохион бүтээлч Томас Эдисон хүүхэд байхдаа галт тэргэн дотор сонин болон хачиртай талх зардаг байсан гэдэг. Ингэж явахдаа тэрээр жижигхэн явуулын лабораторио чирж явдаг байсан бөгөөд ажлынхаа завсраар туршилтаа хийдэг байжээ. 
“Бидний ихэнх нь ямар нэгэн зүйлийг хийх төгс тохироог хүлээсээр эцэст нь юу ч хийлгүй хоцордог” хэмээн Уиллиам Фитер хэлсэн. Тэгвэл ийм байдлаас гарах нэг арга зам бол яг одоо эхлэх. Бидний ихэнх нь тохиромжтой цагийг хүлээдэг. Гэтэл зарим бодлогогүй нөхөд аль хэдийн хийж эхлээд алдаж оноод явж байдаг. Улмаар ухаалаг биднийг хөдөлж эхлэх тэр цагт нөгөө нөхөд маань аль хэдийн хол явчихсан байдаг. Тиймээс та яг одоо хийж эхэл. Тэгвэл та жилийн дараа гэхэд юу ч хийлгүй жил хүлээснээс хавьгүй ихийг сурч мэдсэн байх болно.


ОДОО Л ЭХЭЛ!