ЁРЫН МУУГ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ

ЁРЫН МУУГ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ

ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад... Эхлэл 6:5

Энэ дэлхийд нэгэн хараал нүүрлээд удаж байна. Хэдийгээр үүнийг олон хүн үгүйсгэж, үл тоож, ноцтой гэж үздэггүй ч энэ зүйл бодитоор оршсоор. Энэ дэлхийд нүүрлээд буй гэм нүгэл, ёрын муугийн хараал нь бодит бөгөөд аймшигтай.  
“Ясны агностик” гэгддэг байсан философич, сэтгэл судлаач Др.С.И.Жоад бол энэ дэлхийд нүүрлээд буй ёрын мууг үгүйсгэгчдийн нэг байв. Тэрээр нэгэнтээ гэм нүглийг үгүйсгэж “энэ бол ердөө л хүний төгс бус байдлын илрэл төдий” хэмээн тодорхойлсон. Гэтэл Лондонгийн Их сургуульд профессороор ажиллаж байсан Жоад нацистуудын гарт орж улмаар бөөнөөр хорих лагерт хүргэгджээ. Тэнд болсон аймшигт үйл явдлуудыг нүдээр харсан тэрээр хүний мөн чанарын тухай үзэл бодлоо өөрчилсөн. Тэрээр “Ёрын муу гэдэг бол хүнд шүгэлсэн хорт чанар” хэмээн тодорхойлжээ. 
Тэгвэл түүнтэй хамт Лондонгийн Их сургуульд ажиллаж байсан профессор Сэр Жулиан Хаксли (1887-1975) ч мөн гэм нүгэл, ёрын муу бол теологийн хийсвэр ойлголт хэмээн үздэг байжээ. Энэхүү нэрт биологич нэгэнтээ “Бид Христитгэлийг 2000 жил туршиж үзлээ. Болсонгүй. Одоо мэдлэгийг туршиж үзэцгээе” хэмээн уриалсан. Гэхдээ Хакслигийн буруу байсан юм. Бүхлээрээ буруу. Христитгэлийг хүмүүс 2000 жил туршиж үзсэн гэдэг нь худлаа. Ж.К.Честертоны хэлсэнчлэн “Хүмүүс бид Христитгэлийг туршиж үздэггүй, туршиж үзэхийг хүсдэг ч үгүй” юм. 
Гэм нүгэл, ёрын муу гэж юу болохыг олон хүн мэддэг ч үүнийг үгүйсгэхийг хүсдэг. Яг л таалагдахгүй бол гэрлээ унтраачихдаг шиг. Гэтэл бид үүнийг үгүйсгэлээ гээд энэ нь алга болчихдоггүй бөгөөд харин ч улам бодит болсоор байдаг. 
Каин өөрийн дүүг хөнөөснөөс хойших хүн төрөлхтний бүхий л түүх хүмүүсийн гэмт нүгэлт мөн чанарыг гэрчилдэг. Харин өнөөдөр олон хүн үүнийг зүгээр л үгүйсгэснээрээ алга болгож чадах юм шиг санадаг. 
Өнөөдөр мэдээгээр гарч буй аймшигт гэмт хэргүүдийн тухай сонсохдоо бид сэтгэцийн өвчтэй, солиотой амьтад л ийм юм хийдэг байх гэж боддог. Гэтэл үнэндээ хүмүүс бидний хэнийх нь ч дотор ийм аймшигтай зүйл хийх потенциалтай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Нөгөөтэйгүүр бид аймшигт гэм хэрэгтний тухай сонсохдоо тэдний өссөн орчин юм уу, ямар нэгэн нөхцөл байдалд бурууг өгөх хандлагатай байдаг хэрнээ ёрын муу гэдэг бол хүмүүс бидний өөрсдийн зориудаар хийдэг сонголт гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
Тэгвэл эрдэмтэн Жоад Холокостын аймшигтай бүхнийг өөрийн биеэр үзэж туулсныхаа дараа өөрийн байр сууринаасаа бүрэн ухарсан байдаг. Тэрээр өөд болохынхоо өмнө ийнхүү бичсэн байдаг. “Би өөрийн итгэж байсан бүхнээсээ ухрахад хүрсэн. Ёрын муу гэдэг бол хүнд шүгэлсэн хорт чанар гэдгийг би ухаарсан. Гэм нүглийг хүний мөн чанартай холбож тайлбарладаг Христитгэлт сургаал өөрөө хүмүүний мөн чанарын тухай маш онцгой үнэн болохыг би ойлгосон. Үүнийг ойлгох тусам Христитгэл надад итгэл найдвар, хүч чадал, тайшралыг өгөхийг мэдэрсэн. Амьдралдаа энэ бүхнийг үзэж туулсны эцэст одоо надад ухрах зам байхгүй. Гэм нүгэлтнүүдийг аврахын тулд цорын ганц Хүүгээ илгээсэн Бурханд итгэх итгэлээс илүү агуу итгэл найдвар энэ дэлхий дээр бий гэж үү?” хэмээн Жоад бичсэн.
Үнэхээр үүнээс илүү итгэл найдвар бий гэж үү? Энэ бол гэм нүгэл, ёрын мууг ялан дийлж чадах цорын ганц гэрэл гэгээ. Тиймээс ч элч Иохан “Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм” (Иохан 1:5) хэмээн бичсэн. Есүс Христ нэгэнтээ дагалдагч нартаа хандан “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иохан 16:33) хэмээн айлдса. Тэр энэ үгээ одоо ч танд тунхаглаж байна.

ЕСҮС ЕРТӨНЦИЙГ ЯЛСАН.