ХАЙРЫН ХЭЛЭЭР ЯРЬЖ СУРАХ НЬ

ХАЙРЫН ХЭЛЭЭР ЯРЬЖ СУРАХ НЬ

Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн. 1 Коринт 13:13

Нэг удаа би шинэхэн хөршийнхөө гэрт зочлохдоо хаалга дээрх нэгэн тод улаан анхааруулах тэмдгийг хараад ихэд гайхсан юм. Тэр тэмдэг дээр халдварт өвчин эсвэл өөр ямар нэгэн зүйлээс сэрэмжлүүлэх бичиг биш харин тэс өөр зүйл бичигдсэн байв. Анхааруулах самбарт “Энд хайрын хэлээр л ярих ёстой” гэж бичсэн байлаа.
Тэр залуу хостой танилцаж, улам илүү таньж мэдэхийн хэрээр тэднийг гэрийнхээ үүдний самбар дээрхээс их л өөрөөр амьдардаг болохыг мэдсэн. Харин ч тэр хосын амьдрал маш эгзэгтэй үе дээрээ ирсэн байв. Тэд архи тамхи, хар тамхинд орж амьдрал нь уруудаж эхэлсэн байв. Тэднийг хөршүүдээрээ хийдэг албан бус Библи судлалын цагт урьж илэн далангуй ярилцсаныхаа дараа л бид тэдний бодит байдлыг олж мэдсэн юм. Тэд Дорнын шашин шүтлэг, гүн ухаан, сэтгэл судлал гээд бүх л зүйлийг оролджээ. Тиймээс бидний урилгыг хүлээн авахдаа тэд “Энэ бүхнийхээ дээр Библи гэдэг нэг номыг нэмэхэд юу л өөрчлөгдөв гэж” гэсэн бодолтойгоор ирсэн байлаа. 
Тэд эхэндээ эргэлзэж байсан ч яваандаа Библи хэмээх номын хэл бол үнэхээр хайрын хэл гэдгийг ухаарсан юм. Тэд хүмүүсийг хайрлах Бурханы хайр ямар агуу болохыг ойлгосон юм. Улмаар цаг хугацааны явцад тэд авралын түүхийн гол дүр Есүс Христтэй уулзаж, Түүнийг амьдралдаа урин оруулснаар тэдний амьдрал, тэдний орон гэр бүхэлдээ өөрчлөгдсөн. 
Тэд цоо шинэ хэлийг буюу хайрын хэлийг сурцгаасан. Мөн Коринтын чуулганд хандан Паулын бичсэн “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” (2 Коринт 5:17) гэсэн үг үнэн болохыг тэд олж мэдсэн юм.
Хэдийгээр өнөөдөр бидний эргэн тойронд маш олон зүйл өөрчлөгдөж байгаа мэт харагддаг ч нөгөөтэйгүүр юу ч өөрчлөгддөггүй юм шиг санагддаг. Техник технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөөр байгаа ч бид одоо ч дэргэдээ байгаа нэгэнтэйгээ ойр дотно харилцаж чадахгүй хэвээрээ. Библи бичигдэх үед хөндөгдөж байсан тэр л асуудал одоо ч бидний амьдралыг нураасаар.
Харин нэгдүгээр зуунд ч байсан, өнөөгийн 21-р зуунд ч байгаа тэр асуудлын ерөндөг бол Сайнмэдээ. Сайнмэдээний хүчээр үзэн ядалт, үл ойлголцол нь хайраас эхтэй үйлчлэл, халамж анхаарлаар солигддог. Тиймээс ч элч Иохан “Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр” (1 Иохан 4:8) хэмээн хэлсэн. 
Хүсэл тачаал хайр хоёроо ялгаж чадахгүй болчихсон хүмүүст хандан Паул хэлэхдээ “Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг" (Ром 5:5) гэсэн.
Тэгвэл та гэртээ ямар хэлээр ярьдаг вэ? Хувиа хичээсэн зан, уур уцаарын хэлээр ярьж байна уу? Эсвэл ХАЙР-ын хэлээр ярьдаг уу? Аминчхан зан, шунал, уур уцаарыг хөөн зайлуулж чадах тэр хайр гагцхүү Бурханаас ирдэг гэдэгт итгэдэг. Бид Бурханыг амьдралдаа урьж оруулах үед амьдралаас энэ хайр гэрэлтэж эхэлдэг.
Өнөөдөр бидний гэр бүлүүдэд ийм хайрын хэл үнэхээр дутагдаж байна. Үүнд гайхах шаардлагагүй. Учир нь бид Бурханы хайрыг таньж мэдэж, Түүнийг амьдралдаа урьж оруулахаас нааш бид Түүний хайрын хэлээр ярьж сурахгүй. Бид Есүс Христэд итгэх итгэлээр Бурхан Эцэгийн хүүхдүүд болохгүй бол Түүний хэлээр ярьж сурахгүй.
Тэгэхээр та гэртээ ямар хэлээр ярьж байна вэ? Магадгүй энэ асуултад итгэлтэй хариулж чадахгүй байгаа бол гэрийнхэндээ мэдэгдэлгүйгээр гэртээ камер тавиад өөрсдийнхөө яриаг бичиж авч болно. Тэгээд танай гэрт ямар хэл давамгайлж буйг хөндлөнгөөс хараарай. Дараа нь та хайрын хэлийг сураарай. Энэ хэлийг Бурхан Өөрт нь итгэж Өөрийнх нь хүүхдүүд болсон хүмүүст Өөрөө зааж өгдөг юм шүү.

ТА ГЭРТЭЭ ЯМАР ХЭЛЭЭР ЯРЬДАГ ВЭ?