ИТГЭГЧИД БҮГД ХОЁР НҮҮРТНҮҮД ҮҮ?

ИТГЭГЧИД БҮГД ХОЁР НҮҮРТНҮҮД ҮҮ?

Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон. Дуулал 79:4

“Христэд итгэгчид гэж дандаа хоёр нүүртэй. Тийм биш байсан бол би Христэд итгэх л байлаа” гэсэн үгийг цөөнгүй сонсож байлаа. Магадгүй таны ч дотор заримдаа ийм бодол төрдөг байж болно. Хоёр нүүртэн гэдэг бол өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр жүжиглэдэг, хууран мэхлэгч, дүр эсгэгч юм.
Нэгэн залуу багаасаа цуглаанд явдаг байв. Ахлах сургуульд байхдаа тэрээр цуглааныхаа хоёр ахлагчийн эзэмшдэг нэгэн гутлын дэлгүүрт хагас цагаар ажиллах болжээ. Тэгээд тэр залуу хүү тэдгээр ахлагчдынхаа амьдралыг илүү ойроос харсан байна. Тэд Ням гараг бүр цуглаандаа сууж, өргөл өргөж, үүдэн дээр инээмсэглэн зогсож хүмүүстэй гар барин яг л ариун гэгээн хүмүүс шиг дүр эсгэдэг байв. Харин Даваа гараг болоход тэд зальтай, шударга бус худалдаачид болж хувирна. Эцэст нь нөгөө хүү энэ бүхнийг харж тэсэхээ болиод “Хэрвээ Христэд итгэх итгэл ийм байдаг юм бол надад хэрэггүй” гэж хэлээд цуглааныхаа хаалгыг саван гарч оджээ. Эцэст нь тэр залуу амиа хорлосон юм. Хэрвээ тэр хоёр ахлагч хуурамч итгэгчид байгаагүй бол тэр залуугийн амьдрал илүү өөр байх байсан болов уу гэж би харуусан боддог юм. 
Харамсалтай нь тэр хоёр хүний хуурамч байдал Бурханы хүчээр амьдрал нь өөрчлөгдсөн олон хүний бодит байдлыг халхалж орхисон юма. Улмаар тэр залуу зөвхөн худал хуурмаг талыг л олж харжээ.
Тэгэхээр, нэгдүгээрт, хуурамч итгэгчид байдаг гэдэг нь жинхэнэ итгэгчид байдаг гэсэн нэг төрлийн баталгаа юм. Хэдийгээр хуурамч итгэгчид цөөнгүй ч жинхэнэ итгэгчид бүр олон гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс зарим хуурамч итгэгчдийг харахдаа та жинхэнэ итгэгчид байгааг санаарай. Хүүхэд байхдаа бид гялалзсан шар зүйлсийг алт байна гэж эндүүрдэг байсан шүү дээ. Гэхдээ том болоод үүнийг дуураймал хуурамч эд болохыг нь мэддэг. Гэхдээ тэглээ гээд амьдрал дээр жинхэнэ алт байдаггүй гэсэн үг биш. Христитгэлийн хувьд ч гэсэн үүнтэй адилхан. Хуурамч, хоёр нүүртэй, дүр эсгэсэн итгэгчид байна гэдэг нь нөгөөтэйгүүр жинхэнэ итгэгчид байгаагийн баталгаа юм. 
Хоёрдугаарт, хүмүүс үнэ цэнэгүй зүйлийг хэзээ ч дуураймлаар хийдэггүй. Жишээ нь мөнгө үнэ цэнэтэй учраас хүмүүс хуурамч мөнгө хийдэг. Тэрнээс хэн ч хүнсний бор цаасыг дуураймлаар үйлдвэрлэхгүй. Яагаад? Учир нь тэр цаасыг дуураймлаар хийгээд байх шаардлагагүй. Тиймээс хуурамч итгэгчдийг дүр эсгэсэн итгэлийг харахдаа та Христитгэл бүхэлдээ худал хуурмаг юм байна гэж битгий бодоорой. Зарим хүмүүс надад хуурамч итгэгчдээс болоод Христэд итгэхээс татгалздаг тухайгаа хэлэхэд би тэднээс “Та ядаж нэг ч болов жинхэнэ итгэгчтэй уулзаж үзсэн үү?” гэж асуудаг. “Хэрвээ нэг ч болов жинхэнэ итгэгчтэй уулзаж байсан бол хуурамч итгэгчдийн хуурмаг үйлдлээс болоод жинхэнэ зүйлээс татгалзах гэж үү?” гэж би тэднээс асуудаг. 
Гуравдугаарт, жинхэнэ итгэгч хоёр нүүртэн байдаггүй. Заримдаа хүмүүс Христийг амьдралдаа уриагүй атлаа Христэд итгэсэн хүн шиг амьдрах гэж оролддог.  Гэтэл үнэндээ жинхэнэ итгэлийн амьдралаар амьдрах цорын ганц арга зам бол Есүс Христийг амьдралдаа урьж оруулах явдал юм.  
Христэд итгэгч гэдэг бол Есүс Христийг Эзэн хэмээн зүрхэндээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн, Христийн дотор цоо шинэ бүтээл болсон хүн гэдгийг Библид тодорхой хэлсэн. Тэр хүн төгс байх гэж дүр эсгэдэггүй. Гэхдээ тэр төгс Эзэнийг мэднэ. Христийг бодит гэдгийг тэр ухаарсан. Бусад хүмүүс ямар ч алдаа гаргаж болно. Харин эцсийн дүндээ та өөрөө өөрийнхөө л үйлдэлд хариуцлага хүлээнэ гэдгийг битгий мартаарай. Тиймээс ч Ром 14:12-т “Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно” хэмээн бичигдсэн. Бидний хүн нэг бүр өөрийнхөө тайланг Бурханы өмнө тавих болно.

ХУУРАМЧ ЗҮЙЛЭЭС БОЛЖ ЖИНХЭНИЙГ ҮЛ ТООХ НЬ УХААЛАГ ХЭРЭГ БИШ!