ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ

ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ

Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. Иохан 10:10

Амьдралд тохиолддог аар саархан зүйлсээс болоод бид маш амархан сэтгэлээр унадаг. Томоохон асуудлуудаас илүү өчүүхэн жижигхэн бүтэлгүйтлүүд бидний нервийг хамгийн ихээр бардаг. Заримдаа бид машинаа мөргөлдүүлчихээд эсвэл зээлийн барьцаанд байраа хураалгахдаа нэг их стресстдэггүй хэрнээ чухал мөчид утасны цэнэг дуусах, яарч байхад компьютер гацах, өглөө сахлын татуурга иргүй болчихсон байхад маш их бухимддаг. Том асуудлуудаас илүү жижигхэн, аар саархан асуудлууд биднийг маш их зовоодог. Соломон хаан хүртэл тэдгээр асуудлуудыг “цэцэрлэгийг сүйтгэх өчүүхэн үнэгнүүд” гэж хэлсэн. 
Хэдэн жилийн өмнө би төв Английн аж үйлдвэрийн бүс нутгаар аялсан. Энэ бүс нутагт орших томоохон үйлдвэрүүд нүүрсийг их хэмжээгээр хэрэглэдэг учир тэр хавийн жижиг хот тосгонуудын байшин сав олон жилийн тортогт дарагдан сааралтсан байлаа. Нэг их бүүдгэр өглөө би Бирмингам хотын захад орших аж үйлдвэрийн бүс нутгаар дайран өнгөрлөө. Нэгэн цагт цагаан байсан байшингууд бараантаж, хатаахаар гаднаа өлгөсөн цагаан давуунууд нь сааралтсаныг хараад би хөтөч найзаасаа “Ийм нөхцөлд амьдрах их хэцүү байдаг байхдаа? Би л лав ийм байдалд амьдарвал галзуурах байсан байх” гэж асуулаа. Харин найз минь инээмсэглээд “Үгүй дээ, харин ч эндэхийн хүмүүс Английн бусад газруудад амьдардаг хүмүүсээс ч илүү аз жаргалтай. Учир нь тэд нөхцөл байдлаасаа илүү өндөрт амьдарч сурсан хүмүүс” гэж хариулж билээ. 
Үнэндээ аз жаргал гэдэг хүрээлэн байгаа орчноос хамаардаггүй юм. Харин өөрийн амьдралд тохиолдож буй нөхцөл байдалтай хэрхэн нүүр тулж байгаагаас хамаарна. Харин үүнд бидэнд тусламж хэрэгтэй. Бурханы тусламж. Учир нь нөхцөл байдлаасаа өндөрт цойлон гарах хүчийг Бурхан л бидэнд өгдөг. Элч Паул хэлэхдээ “Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг” (Ром 8:37) хэмээсэн.
Ром номын 8-р бүлэгт Паул биднийг ялан дийлэгчид байж чадна гэж урамшуулсан. Ингэхдээ Паул гамшиг, шахалт, хавчлага, өлсгөлөн, нүцгэрэл, аюул, илд гээд өөрт нь тохиолдсон бүхий л хүнд хэцүү нөхцөл байдлыг дурдсан. Тэгээд тэр бүх нөхцөл байдал дунд ч бид ялан дийлэгчид байж чадна гэж зоригжуулсан. Амьдралд нь ийм зүйлс тохиолдсон хүн үнэхээр аз жаргалтай байж чадна гэж үү?
Угтаа бол ялан дийлэгч хүний амьдрал хэзээ ч амар хялбар байдаггүй. Гэхдээ бид нөхцөл байдлыг ялан дийлж байж сая жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ. 
Тиймээс амьдралын хамгийн хүнд хэцүү нөхцөл байдал дунд бид Есүс Христийг түших учиртай. Амьдралд тохиолддог нөхцөл байдал бүртэй бид өөрсдийнхөө хүчээр нүүр тулж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх нь л хамгийн хэцүү. Товчхондоо бол бидэнд Бурхан хэрэгтэй. Харин хүний зүрх сэтгэл зөрүүд бөгөөд бүгдийг ганцаараа, өөрийнхөөрөө хийхийг хүсдэг. Тиймээс бид асуудлаа хэний ч тусламжгүйгээр шийдэхийг илүүд үздэг.
Хэрвээ та өөрийнхөө хүчээр аз жаргалыг олохоор хичээж байгаа бол би танд Есүс Христийг санал болгоё. Есүс “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ” (Иохан 10:10) хэмээсэн. Мөн Тэрээр “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” (Иохан 14:6) гэж хэлсэн. 
Түүнтэй ойр дотно танилцахыг хүсвэл Шинэ Гэрээг уншаарай. Тэгээд Түүний өмнө толгойгоо гудайлган, амьдралаа Түүнд өргөөрэй. Өөрийнхөө амьдралын хөтөч, найз, Аврагчаа болгон Түүнийг уриарай. Та ийм шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг би батлан хэлнэ. Тийнхүү таны өмнө жинхэнэ бүрэн дүүрэн амьдрал эхлэх болно.  

ЕСҮС Л АМЬДРАЛЫН АМТЫГ МЭДРҮҮЛДЭГ.