УЙТГАРТ НЭГЭН ХЭВИЙН АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ГУРВАН АЛХАМ

УЙТГАРТ НЭГЭН ХЭВИЙН АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ГУРВАН АЛХАМ

Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Дуулал 23:3

Та амьдралдаа сэтгэл хангалуун биш байна уу? Таны амьдрал уйтгартай, нэгэн хэвийн юм шиг санагддаг уу?
Нэгэн залуу ээж бидэнд хандан ийнхүү бичсэн юм. “Би яагаад амьдралдаа сэтгэл дундуур байгаагаа огт ойлгохгүй байна. Би эрүүл саруул байна. Хүүхдүүд маань энх тунх өсч бойжиж байна. Сайхан гэр орон, хангалттай мөнгө санхүү байна. Нөхөр маань маш ирээдүйтэй электроны инженер. Тэр минь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. “Чамд амралт хэрэгтэй болохоор тэгж санагдаад байгаа юм. Хамтдаа амралтын өдрүүдээр хаа нэг тийшээ явъя л даа” гэж тэр надад хэлдэг. Гэхдээ үүнээс болоогүйг би мэдэж байна. Нэг л өглөө сэрэхэд цаашид амьдрах ямар ч утгагүй юм шиг санагдах вий гэхээс би айж байна”.
Нэрт эмч Др.Харри Жонсон “Өнөөдөр хүмүүс бидний соёл иргэншил түүхэнд байгаагүй дээд цэгтээ хүрээд байна. Амьдралын түвшин ч өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Гэтэл нөгөөтэйгүүр энэ нийгэм амьдралаас уйдаж залхсан, амьдралдаа сэтгэл дундуур хүмүүсээр дүүрчээ. Бид зугаа цэнгэлийг эрэлхийлдэг ч тэр нь утгагүй хоосон санагддаг. Бид дэлгэцийн өмнө сууж цэнгээнт нэвтрүүлэг, адал явдалт киног ар араас нь үзсэн ч тэр бүхэн сэтгэлд маань хүрдэггүй. Бид бие биедээ “би ядарч байна” гэж хэлэх үедээ угтаа бол “Би залхаж байна, би хийж байгаа зүйлээсээ, амьдралынхаа хэв маягаас залхаж байна” хэмээн хэлж байдаг” гэж хэлсэн.
Зөвхөн эмэгтэйчүүдэд ч ийм асуудал тулгараагүй. Нэгэн чинээлэг бизнесмэн эмчид үзүүлэв. Гэвч эмч түүний өвчнийг оншилж чадсангүй. Учир нь бүх шинжилгээгээр тэр цоо эрүүл гарчээ. Гэсэн ч тэр хүн “Би өглөө сэрээд орноосоо боссон даруйдаа л ядраад, залхуу хүрээд байх юм” хэмээн гомдолложээ. Эмч түүнийг эрүүл саруул байгааг нь батлан хэлээд, гэр бүл, амжилттай яваа бизнесийг нь сануулав. Харин тэр хүн “Тэд нар бүгдийг нь авна биз, би л лав уйдаж үхлээ” гэж дуу алдсан гэдэг.
Тэгвэл уйтгартай амьдралаа өөрчлөх гурван арга замыг би танд хэлж өгье. 
1. Таны амьдралд хандсан Бурханы хүсэл юу болохыг Түүнээс асуу. Өөрийнх нь амьдралд хандсан Бурханы зорилгоос эцсээ хүртэл зуурахыг хүсэж буйгаа Паул тодорхой бичсэн. Энэ бол маш чухал санаа. Та энэ дэлхий дээр тохиолдлоор хүн болж мэндлээгүй. Та бол тохиолдох ёсгүй байсан алдаа биш харин Бурханы дүр төрхийн дагуух бүтээл. Үүнээс ч илүүгээр та Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы хүүхэд болсон. Таны амьдралд хандсан зорилго төлөвлөгөө Бурханд бий. Харин тэр нь юу болохыг та мэдэх үү? 
Өөрийнх нь амьдралд хандсан Бурханы зорилгыг олж мэдсэн хүний амьдрал хэзээ ч уйтгартай байдаггүй. Та өөрийгөө хэн болох, хаанаас ирсэн, хаа хүрэх ёстойгоо мэдэхгүй бол энэ тодорхойгүй байдал таны амьдралыг уйтгартай, нэгэн хэвийн болгох болно.
2. Амьдралдаа зорилго тавь. Энэ нь эхний зөвлөмжийн үргэлжлэл. Та хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд эхлээд өөрийгөө хэн болохыг мэдэх хэрэгтэй. Таны амьдралд хандсан Бурханы хүсэл, төлөвлөгөөнд нийцсэн зорилгыг өмнөө тавь. Гэхдээ та өөртөө бодит зорилго тавих ёстой. Учир нь боломжгүй зорилго тавих нь зорилгогүй байхаас ч дор гэдгийг сэтгэл судлаачид нэгэн дуугаар баталдаг. “Надад хүчийг өгөгч Христээр дамжуулан би бүхнийг хийж чадна” хэмээн Паул хэлсэн. Тэгвэл та ч бас чадна гэдгийг битгий мартаарай!
Эцэст нь Бусдын хэрэгцээг олж хараад, өөрийн цаг зав, авьяас чадвар, мөнгө санхүүгээ тэдний төлөө зориул. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож, амин хувиа хичээдэг хүнээс илүү уйтгартай нэгэн гэж үгүй. Агуу хүмүүсийн амьдралын түүхийг та уншаад үзээрэй. Тэдний амьдралд олон асуудал бэрхшээл тулгарч байсан ч тэд хэзээ ч амьдралаасаа уйдаж байгаагүй. Тэдний амьдралд хандсан Бурханы зорилгыг тэд олж мэдэн, тэрхүү зорилгыг биелүүлэхийн төлөө амьдарсан. Энэ амьдрал нь тэдний хувьд дуусашгүй адал явдал байсан. Таны амьдрал ч бас ийм байх боломжтойг бүү март. 

УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛД УЙТГАР ОРШДОГГҮЙ.