ЯДАРЧ ТУЙЛДАН, УРАМ ЗОРИГГҮЙ БОЛСОН БОЛ...

ЯДАРЧ ТУЙЛДАН, УРАМ ЗОРИГГҮЙ БОЛСОН БОЛ...

ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Дуулал 27:14

Танд ядарч туйлдан, урам зориггүй болох үе тохиолдож байсан уу? Цөхөрч туйлдан, бүх зүйлийг орхимоор санагдах үе хүн бүрт бий. Зарим хүмүүс ийм хүнд хэцүү цаг үеийг давж чадаагүйгээсээ болоод ирээдүйгээ баллах буруу шийдвэр ч гаргадаг. Харин хүнд хэцүү тэр цаг үе мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг санах ёстой. Ядарч туйлдан, урам зориггүй болж, бүхнийг орхимоор санагдах үедээ дараах хоёр хүнийг санаарай. 
Нэгдүгээрт, эш үзүүлэгч Елиа. Сүнслэг мундаг хүнд ч ядарч туйлдах, цөхөрч сөхрөх цаг ирдгийг бид Елиагийн амьдралаас харж болно. 1Хаад 19-р бүлэгт Елиагийн амьдралд тохиолдсон нэгэн хүнд үеийг бичиж үлдээсэн. Елиа Баалын 450 эш үзүүлэгчтэй тэмцэлдсэн. Асар олон хүний өмнө тэр эр зоригтойгоор, цор ганцаараа зогсож байв. Түүний агуу итгэлийн илэрхийлэл болж тэнгэрээс гал буусан. Гэвч маргааш нь гэхэд л Елиа шалчийж орхив. Тэр бие махбодын хувьд ядарч туйлдсан, сэтгэл санаа нь ч урам зориггүй болжээ. Иезебел хатнаас Елиа үнхэлцгээ хагартал айсан. Тиймдээ ч Елиа амь зулбан зугтаж, бүхнийг дуусган цэг тавихыг хүсэж буйгаа Бурханд хэлсэн байдаг.
Елиагийн энэ түүх, бидний бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санаа бүгд хоорондоо холбоотой болохыг илтгэж байна. Ядарч туйлдан, урам зориггүй болсноосоо болоод Елиа хамгийн чухал зүйлсийг, хамгийн чухал сүнслэг үнэнийг мартсан. Бид ч бас ийм байдалд ордог. Өнгөрсөн он жилүүдийн туршид Бурхан өөрийг нь хэрхэн ханган тэтгэж ирснийг Елиа мартсан. Херитэд байхад нь Бурхан түүнийг хэрээнүүдээр дамжуулан хэрхэн хооллож байсныг, Зарефатад Бурхан өөрөөр нь дамжуулан бэлэвсэн эмэгтэйн хүүг хэрхэн үхлээс амилуулсныг, Бурхан тэнгэрээс гал буулгаж хуурамч эш үзүүлэгчдийг хэрхэн илчилснийг Елиа мартсан. Магадгүй та ч бас Елиагийн нэгэн адил итгэлийн амьдралд тань чухал үйл явдлуудыг мартсан байж болно.
Елиа ядарч туйлдан, урам зориггүй болсон үедээ хар хурдаараа зугтаж, агуй дотор орж нуугдсан. Харин Бурхан түүнтэй уулзахдаа хүчит салхи, газар хөдлөлт, аянга цахилгаан дунд биш харин намуухан дуу хоолойгоор ярьсан. Бурхан түүнээс “Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуусан. Магадгүй та дараагийн удаа Елиа шиг агуй дотор нуугдахыг хүсвэл Бурханы дуу хоолойг сонсоорой. Тэр танаас намуухнаар “Чи энд юу хийж байгаа юм бэ?”  хэмээн асуух болно.
Дараагийнх нь аварга том загастай нүүр тулсан Иона. Зөвхөн Бурханы хүслийг гүйцэлдүүлснээр бид жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадна гэдгийг Ионагийн амьдралаас харж чадна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үй олон Ионанууд амьдарч байна. Бурхан тэдэнд “Зүрхээ Надад өг” гэж хэлдэг ч тэд нүүрээ буруулан хамаг хүчээрээ зугтаадаг. Тэдний амьдрал тоглоом наадам, дуу хөгжим, сошиал медиа, машин тэрэг гэх зэрэг элдэв зүйлээр дүүрэн. Тэд яг л хаашаа явж байгаагаа мэдэлгүй далайд гарсан хөлгийн ахмад шиг амьдардаг. Тийм нэгэн хөлгийн ахмад залуурчдаа хандан “Би ер нь хаашаа явж байгаа билээ?” гэж асуухад цаадах нь “мэдэхгүй ээ, эрхэм ээ, гэхдээ их сайхан аялал болж байна шүү” гэж хариулсан гэдэг. Магадгүй та ийм хүмүүсийн нэг ч байж болох юм.
Тэгвэл жинхэнэ аз жаргал Бурханы хүслийг гүйцэлдүүлснээр ирдэг гэдгийг Ионагийн амьдрал бидэнд гэрчилж байна. Бурхан бидэнд “Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа эс цуцна” (Исаиа 40:31) хэмээн амласан. 
Эцэст нь, хэрвээ та ядарч туйлдаж, урам зориггүй болж, бүхнийг орхимоор санагдаж байгаа бол битгий цөхөр. Бүх хүнд л ийм зүйл тохиолддог. Бүгд л ийм цагийг даван туулах ёстой болдог. Харин ийм үед яах ёстойг Давид хаан хэлж өгсөн. Дуулал 27:14 ишлэлд тэрээр “ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!” хэмээн шүлэглэсэн. Энэ бол ядарч туйлдсан, урам зориггүй болсон бүх хүнд өгөх хамгийн шилдэг зөвлөгөө.

ЭЗЭНИЙГ ХҮСЭН ХҮЛЭЭГТҮН! ТУУШТАЙ БАЙЖ, ЗҮРХЭЭ ЗОРИГЖУУЛАГТУН!